“Үнэ хөөрөгдсөн компаниуд хөтөлбөрт хамрагдахгүй”

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Үнэ хөөрөгдсөн компаниуд хөтөлбөрт хамрагдахгүй”

МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх эдийн засгийн бодлогын байнгын хороо Тусгаар тогтнолын ордонд “Шинэ бүтээн байгуулалт ба барилгын салбар” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт ЗТБХБЯ, ГХБГЗЗГ, “Барилга.МН”, Монголын барилгачдын холбоо, Барилгын Хөгжлийн Үндэсний Нэгдсэн төв, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар  оролцсон юм. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэл болон хөдөө орон нутагт барих 100 мянган айлын орон сууцны эргэн тойронд буй асуудлаар өнөөдрийн турш хэлэлцэж байна.  Ингэхдээ энэ хүрээнд тулгамдаж буй асуудлыг барилгын компаниудын метр квадратын үнийн хөөрөгдлийг төрөөс хэрхэн зохицуулах, ард иргэдийг хэрхэн өргөнөөр хамруулах гэдгээр тодорхойлж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр хөндсөн асуудлыг дөрөвдүгээр сарын 13-нд болох Барилгын салбар дахь удирдах ажилтнуудын улсын зөвөлгөөнд санал болгон хүргүүлж, шийдвэрийг эцсийн байдлаар гаргах гэнэ.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын зүгээс эхний ээлжинд барилгуудын дэд бүтцийг шийдэх тал дээр түлхүү ажиллаж байгаа тухай мэдээллээ. Ерөнхийдөө нийслэлийн зургаан дүүрэгт дулааны магистралын шугам,  болон цэвэр болон бохир усны асуудлыг шийдэх дэд бүтцийн ажлуудыг хийж байгаа аж. Орон сууц барих компаниудыг хоёр жагсаалтаар нэрлэж байгаа билээ. Үндсэндээ хоёр жагсаалт нийлээд улсын хэмжээнд 130-аад мянган айлын орон сууц барихаар баталсан.  Харин барилгажилтын ажил төрөөс бус, барилга барих компаниудаас бүрэн хамаарах бөгөөд барилгуудын гүйцэтгэлийг шалгахаар  ЗТБХБЯ-ны Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2012 оны 94 дүгээр тушаалаар нийслэлийн 55 байршилд гуравдугаар сарын 6, 7-нд шалгалт  хийсэн юм.

Шалгалтаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн 4382 орон сууцны барилгын 68875 айлын сууцнаас одоогийн байдлаар 98 орон сууцны барилгыг барьж  байна. Үүнээс 50 хувиас дээш гүйцэтгэлтэй 75 барилгын 6350 айлын орон сууц байгаа ажээ. Харин  55 м2 хүртэлх талбай бүхий айлын орон сууц 4128 байгаа юм байна.

Зургаан хувийн зээлийг олгох банкуудын тухайд, Төрийн банк болон Капитрон банк одоогийн байдлаар тодорсон байгаа бөгөөд цаашдаа арилжааны бүх банкийг хамруулах бөгөөд энэхүү эрхийг Сангийн яамнаас олгох юм.

100 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын тухай Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржоос тодрууллаа.

-Орон сууцны  үнэ хөөрөгдөөд байгааг хэрхэн зохицуулах вэ?

-Байрны метр квадратын үнийн асуудлыг эрэлт, нийлүүлэлтээс нь хамаараад шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүнд барилгын үнийг юу чухам өсгөөд байна гэдэг хамгийн гол асуудал. Түүнчлэн барилгад өргөнөөр хэрэглэгддэг 500-аад материалд судалгаа хийж үзлээ.

Жишээ нь, Буянт-Ухаа хороололд, мониторинг хийгээд, байрны нэг м/кв-ын үнийг 2011 оны үнийн төвшнөөр 850 мянга гаруй төгрөг гэж тооцож байна. Энэ нь гүйцэтгэгчийн ашиг шингэсэн гэж үзэж байгаа юм. Үүн дээр тулгуурлаад Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  хамтраад барилгын бодит өртөг ямар байна вэ гэдгийг судалж байна.

Дунджаар байрнуудын м/кв-ын хамгийн боломжит үнийг 900 мянгаас 1 сая 181 мянган төгрөг гэж тооцон, ойрын хугацаанд батлуулахаар зэхэж байна. Ер нь дөрөвдүгээр сарын 10 гэхэд асуудлыг шийдэх боломжтой. Тэгэхээр барилга барьж буй  компаниуд мөрдөх л учиртай. Үгүй бол аж ахуй нэгжүүд шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрт хамрагдах эрхгүй болно  гэсэн үг.

-Орон сууцыг барих компаниудыг ямар шалгуураар хүлээн авсан бэ?

-Зураг төсөл нь бэлэн, зөвшөөрөлтэй байгаа компаниудыг хүлээн авч, баталсан. Энэ зөвшөөрөл гэдэгт олон зүйл багтана. Газрын, дулааны шугмыг ашиглах, дулаан, цахилгааны эх үүсвэрээ шийдсэн нь хөтөлбөрт бүртгүүлээд хамрагдаад явж байна.

-Зургаан хувийн зээлд хамрагдах журманд анх удаа байр авах иргэн гэдгээр зааж өгсөн нь ихээхэн гомдлыг дагуулж байгаа?

– Чухал асуудлын нэг бол яахын аргагүй байраа яаж авах ёстой юм гэдэг байна. Өөрөөр хэлбэл аав ээжийнхээ нэртэй цуг байр авч байсан иргэн зээлд хамрагдах боломжгүй болж байна. Үүн дээр татварын тодорхой хэмжээний бодлого тавьдаг болмоор байгаа. Хоёр дахь байраа авч байгаа бол илүү татвар төлөх эдийн засгийн хөшүүргийг бий болгох ёстой. Сангийн яамнаас энэ асуудлыг боловсруулаад, санал аваад явж байна. Нөгөө талаас эрх зүйн хувьд Солонгос болон Турк улсын иргэдээ орон сууцжуулж байсан туршлагаас судлан, хөтөлбөрөө илүү бодит болгох энэ ажлыг боловсруулаад санал хүсэлтээ боловсруулах ажлыг хийж байна. Үндсэндээ үүнийг заавал шийдэх учиртай. Өнөөдөр бид орон сууцныхаа журмыг тэр чигээр нь байлгана гэсэн үг биш. Ард түмнийхээ төлөө буюу зорилтот хэрэглэгч рүү хандан, өөрчилж болох л учиртай.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж