Цаг зуурын урьдчилан сэргийлэх мэдээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Цаг зуурын урьдчилан сэргийлэх мэдээ

Сарын эхэнд нийт нутгаар аядуу, дулаахан байх ч сарын эцэст сонгуулийн сезоны нөлөөгөөр салхины хурд эрс ширүүсэх төлөвтэй байна. Энэхүү салхи нь хоёр сарын турш үргэлжлэх бөгөөд зургадугаар сарын дундуур намжих шинж, тэмдэг ажиглагдаж байна. Эсвэл бүр даамжирч мэдэх нь ээ.

Энэ өдрүүдэд монголчууд хамгийн их улс төрждөг. Ямар сайндаа л “Улс төрийг чи оролдохгүй байсан ч улс төр чамайг оролдоно” гэж үг байхав дээ. Хүн болгон л улс төрийн намуудын үнэн, худал амлалт, шударга ёс, ард түмэн минь гэдэг үгэнд “манарч” эхэлдэг. Парламентын засаглалтай болсноос хойш иргэд нэг л “манарах” болсон гэж болно. Амлах, авна, мэхлэнэ гэсэн дүрэмтэй улстөрчдийн үйлдвэрлэсэн манан.

Сонгуулийн сурталчилгаа эхлэх арай болоогүй байх гэж бодож байтал үгүй юм аа. Саяхан зуслангийн байшингаа эргэхээр хотоос гарсан юм. Хандгайт чиглээд явах замд хүнсний дэлгүүр ер нь бол цөөхөн. Үйлчлүүлэгчид бага ордогтой ч холбоотой л байх. Ямар сайндаа ч “Орж, гарч байл даа хө” гэдэг дэлгүүр байх вэ. Тэгээд ч айлууд зусланд гарах цаг болоогүй болохоор зуслангийн дэлгүүрээр үйлчлүүлэгч ховор. Байшингаа эргэхээр явсан учраас дэлгүүр орох шаардлага ч гарсангүй. Гэтэл Дарь-Эхийн хойд замаас эхлэх хүнсний дэлгүүрүүд МАН-ын тугаар гоёчихсон харагдана. Хүнсний дэлгүүр ажиллуулаад, хүмүүсийн хэрэгцээг хангаж, багагүй орлого олдог гэх манаач өвөөгийнхөөр зочиллоо. Дэлгүүрээ ч хаачихаж. Яагаад дэлгүүрээ хаасныг нь асуухад “Зуслангийн айлууд цөөхөн болохоор орлого багатай. Тэгээд өөр хүмүүст гайгүй үнээр түрээслүүлчихсэн” гэнэ. Уг нь зундаа орлого ихтэй, өвөлдөө бага ч гэсэн овоо хэдэн төгрөг олчихдог юм гэдэг байсан өвөө маань түрээслүүлчихсэн гэхээр түрээслэгч багагүй мөнгө амласан бололтой.

За, тэгээд сонгуулийн сурталчилгаа ил, далд хэлбэрээр эхэлчихсэн нь нэгэнт тодорхой болсон. Элдэв тэмцээн уралдаан, арга хэмжээ гээд бас бус зүйлийг хуулиндаа хориглосон ч хотын төвийн зарлалын самбаруудыг сонгуулийн ил далд сурталчилгаа аль хэдийн эзэлчихсэн. Захын гэр хорооллын гудамжинд сонгуулийн түр штабууд үүдээ нээгээд эхэлжээ.

…Завхан аймагт амьдардаг эгч ярьж байна,

-Сайхан хаваржиж байна уу

-Сайхан хавар болж байна аа. Одоо харин сонгууль болох гээд энүүгээр дөрвөн жил үзэгдээгүй гишүүд маань ирчихсэн уулзалт гээд үйл явдал ихтэй байна. Сайн байна уу гишүүн ээ, дийд, дийд, дийд…  Ингээд л утсаа таслачихав. Дараа нь холбогдохнээ Завхан аймгийн сумдаар бол УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир хоёр танилцах үдэшлэг хийгээд сүйд болсон сурагтай. “Угаасаа ч сонгууль дөхөхөөр л царайгаа харуулдаг юм дөө” гэсээр хэсэг хууч хөөрөөд өнгөрлөө. Одоо ч эхэлж байна даа. Өдөр шөнөгүй, телевиз, сонин, радио гээд л өдөр бүр улс төр бараан хар үүлний талаар сэрэмжлүүлэг, сонордуулга явуулах буй за. Цаг уурчдын урьдчилсан прогнозоор ирэх хоёр сарын турш “улс төр, ард түмэн минь” гэх дуу, цахилгаантай “бороо” тасралтгүй орох бололтой. Тиймд тариаланчдыг ургац алдахаас, малчдыг төл осгохоос сэрэмжүүлж байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж