-Шинэ клипээ танилцуулаач?
-Миний бие даан гаргасан анхны “Залуу нас”, “Ээжийгээ хайрлая” дуунуудын араас олон баяр давхцаад шинэ дуугаа цацалгүй удлаа. Энэ удаад “Гэрэлт ирээдүй” нэртэй шинэ дуугаа клипжүүлээд ирлээ. Цомгийн маань гурав дахь дуу болон гарч байгаа юм.
-“Гэрэлт ирээдүй” дууны үг аяыг хэн зохиосон бэ. Өмнөх уран бүтээлүүд дээр танай ах Бүдээ хамтран ажилладаг байсан шүү дээ?
-Тийм ээ. Гэхдээ энэ удаад хөгжмийн зохиолч Аранзай ах надад санал болгосон. “Нэг ийм дуу байна. Чамд л тохирох юм шиг байна” гэж хэлсэн. Харин дууны шүлгийг нь Шонхор гэж хүн бичсэн. Бид өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүст өөрийн мэдэлгүй чадах зүйлээрээ гэрэл гэгээтэй, аз жаргалтай зүйлсийг бэлэглэдэг гэсэн утгатай. Би хүмүүст аз жаргал бэлэглэдэг, гэрэл гэгээ сайн сайхныг өгдөг гэсэн сайхан дуу болохоор надад их таалагдсан.
-Клипээ хаана хийлгэсэн вэ?
-Манай “L-Guards” хамтлагийн хоёр дахь цомогт орсон Япон дууны клипийг хийж байсан “Render” студийн Одко, Даваанаа нар хийсэн. Тэдэндээ баярлалаа гэж хэлье. Дажгүй гоё клип болсон гэж бодож байгаа.
-“L-Guards” хамтлаг өнгөрсөн жил тоглолтоо хийгээд тарсан. Өнөөдөр Баясаа хамтлагийнхаа нэрээр ганцаараа соло уран бүтээлээ туурвиж байгаа юу. Эсвэл хамтлагийн нэрнээсээ бүүр татгалзсан уу?
-Хамтлаг бол албан ёсоор тарсан. Дуучин Бүдээ Японд ажиллаж, амьдрахаар явсан. Гитарчин, бөмбөрчин хоёр маань Хүмүүнлэгийн ухааны их сургуульд герман, франц хэлний ангид суралцаж байгаа. Бид гурав хаяа нэг нийлж таньдаг хүмүүс, хамаатан садангийнхаа тоглохгүй бол болдоггүй зүйл дээр тоглодог. Ер нь хамтлаг албан ёсоор тарж, би “L-Guards” хамтлагийн Баясаа нэрээр уран бүтээлээ хийгээд бие даасан цомог гаргахаар ажиллаж байна.
-Цаашид ганцаараа уран бүтээлээ хийх үү?
-Ер нь цаашид ганцаараа явна. Дуучин эргэж ирвэл яахыг сайн мэдэхгүй байна. Нэгдээд нэг тоглолт хийвэл гоё л юм болох байх.
-Бие даасан анхны цомгийн ажилдаа орсон гэсэн шүү дээ. Хэдэн дуутай вэ. Одоо цомгийн ажил ямар шатандаа явж байна?
-Шинэ цомог маань арав юм уу, 11 дуутай байх болов уу. “Нисванис” хамтлагийн Бовка ах, “A-Sound” хамтлагийн гитарчин Атка ах нар хамтран ажиллаж байгаа. “L-Guards” хамтлагийн өмнөх цомгууд дээр хамтарч ажиллаж байсан гар нийлсэн уран бүтээлчид байгаа. Тэдэндээ баярлалаа гэж хэлье. Удахгүй шинэ цомгийн бичлэгийн ажил дуусна. Нэг хоёр дууг бичих уу, яах вэ гээд жаахан эргэлзээтэй байгаа. Тэрийгээ дуусгачихвал хэвлэлтэд явуулаад аль болох хурдан гаргахыг хичээж байгаа
-Уран бүтээлийн ойрын төлөвлөгөөнөөсөө сонирхуулбал?
-Шинэ цомогтоо багтсан дуунуудаа ар араас нь клипийн хамт үзэгчдэдээ хүргэх тал дээр ажиллана даа.
-Баясаа цаашид ямар жанраар дуулах вэ?
-Урьд нь дуулдаг байсан стиль, жанраараа л дуулна. Гэнэт сонин поп жанраар юм уу, электро урсгалаар дуулахгүй байх. /инээв/ Өмнөх стилээсээ гажих хүсэл одоохондоо алга. Бага зэрэг хөгжмийн найруулга хийж, панк урсгалаараа уран бүтээлээ хүргэнэ.
-Хамтлаг тарснаас хойш танай хамтлагт оръё, хамтдаа уран бүтээлээ хийе гэсэн санал ирж байв уу?
-Ганц нэг хүмүүс хамтарч ажиллах санал тавьж байсан. Бас эргээд хамтлаг нийлэхгүй юу гэж их асуудаг. Манай хамтлаг тарсан гэдгийг хүмүүс тийм сайн мэдээгүй юм шиг байна лээ. Албан байгууллагууд хамтарч ажиллах санал тавиад их ярьдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн жил “L-Guard” хамтлаг тоглолтоо хийгээд тарсан учраас хүмүүст мэдээлэл сайн хүрч чадааггүй юм болов уу. Одоогоор ам дамжаад л хамтлаг тарсан гэдэг мэдээлэл явж байна даа.
-Энэ тухай фенүүд чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Зүв зүгээр байсан сайхан хамтлаг яагаад тарчихсан юм бэ гэдэг асуултыг л их тавьдаг. Яахав их сүртэй шалтгаан, асар их мөнгөнөөс болж хамтлаг тараагүй. Хамтлагийн зарим нэгэн маань амьдралаа бодоод, зарим нэг нь хичээл сургууль гээд салъя гэж салсангүй салаа замын эрхээр гэдэг шиг л салсан даа. Миний хувьд дуулах дуртай болохоор дуугаа хийгээд явж байна.
-Бүдээтэй уран бүтээлийн тал дээр одоо ч гэсэн холбоотой байдаг уу. “L-Guard” хамтлагийн дийлэнх уран бүтээлийн үг, аяыг тэрбээр хийж байсан шүү дээ.
-Миний шинэ цомгийн 8-9 дууг ах маань зохиосон. Өөрөө Япон явах гээд ажил ихтэй байхад нь хажуугаар нь миний цомгийг бичиж байсан. Тэр үед хамтлаг тарах нь тодорхой болж ирсэн учраас би цомгоо гаргана гээд ах дуу зохиож, надтай хамтраад хийсэн. Мар ч байсан нэлээн хэдэн дуутай үлдсэн. Одоо нэг нэгээр нь клип хийгээд хүргээд явна даа.
-Хамтлаг дуучид нэг хэсэг шаргуу уран бүтээлээ хийж байгаад хэсэг хугацаанд сураггүй болчихдог. Ялангуяа шинэ залуу хамтлагууд, чиний хувьд нэгэнт уран бүтээлээ хийнэ гээд тунаад үлдсэн юм чинь фенүүдээ уйдаахгүй биз дээ?
-Сар гарангын хугацаатай ар араас нь уран бүээлүүдээ хүргээд явах төлөвлөгөөтэй байна. Залуу хамтлаг дуучдын хувьд боломж бололцоо нь болдоггүй байлгүй дээ. Аль болох өөрсдөө уран бүтээлээ хийе гэж боддог байлгүй. Манайд чинь клипийг замбараагүй их мөнгөөр хийдэг. Тэр бүхнийг хийхэд дөхөм болж, хамтарч ажиллах хүмүүс хэрэгтэй л байдаг байх.
-Харин чиний хувьд?
-Ерөнхийдөө хувиасаа л клипээ санхүүжүүлж хийдэг. Би олон сая төгрөгөөр клип хийлгэдэггүй. Таньдаг найз нөхөд, өмнө нь хамтарч ажиллаж байсан хүмүүстээ хандаад хийлгэдэг.
-Хуучин хамтлагаараа “pub”-д дуулдаг байсан. Баясаа ганцаараа тэдгээр газрууддаа дуулж байгаа юу?
-Одоогоор шинэ цомог дээрээ л ажиллаж байна. Баар, паб-д хамтлагтай байж дуулах шаардлагатай байдаг. Манайхан чинь ганц хүний соло дууг сонсоод сууж байхазд болдоггүй юм байлгүй дээ. Ихэвчлэн паб-д хамтлагууд л тоглодог. Тэр нь бас буруу ойлголт биш л дээ. Хамтлаг баранд дуулаад дуусдаг биш. Тухайн хамтлагт зөвхөн өөрсдийн уран бүтээлээс гадна, гадаадын гоё гоё дууг гаргаж дуулдаг нь байнгын бэлтгэл сургуулилт болж байдаг. Энэ бол абхй л ёстой зүйл. Баруунд ч гэсэн бүх л газар паб-ын соёл байдаг.
-Баясаа зөвхөн дуучин биш бас гитарчин. Гитараа бариад аль ч тайзан дээр гараад дуулахад бэлэн биз дээ?
-Дуулж болно. Манайд хөгжмийн дуугаралт тал дээр хаана ч хамаагүй очоод гитартай шууд дуулах боломж муу л даа. Хөгжим сонин дуугарснаас болоод яалт ч үгүй фонограмм тавиад дуулах ч болдог асуудал бий. Зарим нэвтрүүлэгт яалт ч үгүй өчнөөн олон хүн бүгд ам барьж байхад ганцаараа чи амьдаараа дуулах гэлээ гээд хоморгонд нь орж байсан. Би бол амьдаар дуулахыг хичээдэг. Яахав фонограмм тавилаа ч хоолой нь амьд байх ёстой шүү дээ. Гэтэл манай зарим хамтлаг дуучид CD барьчихсан тэд дэх дуу нь шүү гээд явж байдаг шүү дээ. Яагаад ичдэггүйг нь ойлгодоггүй. Ичмээр юм аа.
-Жишээ нь ямар хамтлагууд тэгж дуулах уу?
-Тэгвэл үзэгчдэд зориулан амьд хөгжимтэй нэгэн үдшийг толиулна гэж ойлгож болох нь ээ?
-Тийм тоглолт хийх санаа байгаа. Заавал амьд хөгжмийн хамтлаг акустик дуугаралттай амьд тоглолтыг хийнэ юм биш. Зүгээр л нэг дуучин хамтлагтай ярилцаад нэг үдшийн амьд хөгжмийн тоглолтыг хийвэл хүмүүс үзнэ шүү дээ. Хамгийн гол нь дуучид амьдаар дуулдгаа тэнд харуулах юм бол өөр өнцгөөс гоёор хүлээж авна шүү дээ. Тэрнээс биш нөгөө л жорны ганц дуугаа дуулаад л үзэгчид тэрэнд нь алга ташаад ганц цомгоо харуулаад байж байдаг хүмүүс олон байдаг. Гадныхан зогсолтгүйгээр хэсэг хугацааны дараа хит дууг ар араас нь гаргаад явдаг. Манайхан нэг хит дуу хийгээд л тэрнийгээ насан туршдаа дуулаад л мөнхрөөд байж байдаг.
“L-Guards” хамтлагийн Баясаагын “Гэрэлт ирээдүй” шинэ дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.