Мөн үйлдвэрийн эздийн хэлж байгаагаар, Хятадын засгийн газрын зарим нэг бодлогын шинжтэй өөрчлөлтүүдээс болж хэдийнээ ажиллах хүчний дутагдалд оржээ. Тухайлбал, Хятадын эрх баригчид нэлээд эртнээс мөрдөж байсан “нэг өрх-нэг хүүхэд” гэсэн хатуу бодлогоо зөөлрүүлсний дээр ажилчдын цалин хөлсийг нэмэх бодлого барьж байгаа нь хувийн томоохон үйлдвэрүүдийн эздэд дарамт болж байгаа аж. Ийм байдал нь хятад иргэдийн гэртээ илүү их цагийг өнгөрөөх сонирхлыг нэмж байна гэж тэд үзэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн жилийн туршид шинээр ажиллах хүч авахад маш хүнд болж ирсэн гэж хэлцгээж байна.
Энэ тухай 5000 орчим ажилтантай тоглоомны томоохон үйлдвэрийн эзэн Эдди Вонг ярьж байгаа бөгөөд өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн эздээс илүү ажиллах хүчний хувьд сонголт хийх боломжтой болсон гэнэ. Энэ шинэ нөхцөл байдал бизнес эрхлэгчдэд маш хүнд бэрхшээл авчирч байна гэжээ. Түүний хэлж байгаагаар бол хятадын ажилчид интернэтээр дамжуулан маш олон ажлын зарыг хялбархан олж авч байгаа тул тэд хаана цалин орлого илүү байгааг мэдэх боломжтой болсноор үйлдвэрийн эздийг хөдөлмөрийн зах зээлийн ширүүн өрсөлдөөнд “түлхэн оруулж” байгаа гэнэ. Үүний зэрэгцээ хятад ажилчдын ажиллах нөхцөлийн талаарх хяналт, шаардлага ч урьдыхаас илүү чангарсан аж.
Өнгөрсөн долоо хоногт Шударга хөдөлмөрийн төлөө нийгэмлэг хэмээх байгууллага “Foxconn”-ийн гурван ч үйлдвэрийг шалгаж үзээд тухайн газруудад ажилчдыг долоо хоногийн 60 цагаар ажиллуулж байгааг олж тогтоосон байна. Ажилчдыг ийнхүү үйлдвэрийн газарт олон цагаар барьж ажиллуулж байгаа нь Хятадын хөдөлмөрийн хуулийг зөрчиж, хуулинд заасан ажлын цагийн хязгаарыг зөрчсөн байна гэж тогтоосон ажээ. “Foxconn”-ийн үйлдвэрүүдэд ажиллаж байгаа хятад ажилчдын хувьд ажлын цагийн үргэлжлэх хэмжээг өөрсдөө сонгох ямар ч бололцоогүй байдаг гэж тогтоогдсон гэнэ. Тэгэхдээ “Apple” болон “Foxconn” компаниуд ажлын цагийн хөлсийг өндөр тогтоохоор болж байгаа бөгөөд энэ арга хэмжээ хэрэгжиж эхэлбэл Хятадад ажиллаж байгаа бусад гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ч мөн дагахаас өөр аргагүй болох гэнэ. Учир нь ингэхгүйгээр тэд хөдөлмөрийн зах зээл дээрхи тулаанд ялагдах болж байна.
Хонгконгоос Хятадад хөрөнгө оруулж үйлдвэр байгуулан ажиллаж байгаа “Milo`s Knitwear” компани Хятадад гурван ч үйлдвэртэй бөгөөд эзэд нь ярихдаа, “Өнөө цагт үйлдвэрийн эзэн бүр үйл ажиллагаагаа нийгмийн хариуцлагын үүрэгтэй хэрхэн уялдуулах вэ гэдэгт анхаарал тавихаас өөр аргагүй болж байна” гэж хэлжээ. Дээрхээс харвал хятад ажилчдын шаардлага гадаадын хөрөнгө оруулагчдад нэлээд хүчтэй нөлөөлдөг болж ирсэн байна. Харин хятад ажилчид илүү цагаар ажиллаж байгаа асуудлыг ганцхан үйлдвэрийн эзэд хариуцах ёсгүй гэж Хятадад ажиллаж байгаа Хонгконгийн олон компанийг төлөөлдөг –“Federation of Hong Kong Industries” байгууллагын тэргүүн хэлж байгаа юм. Тэрээр олонхи хятад ажилчид гэр лүүгээ мөнгө явуулж гэр бүлээ тэжээж байгаа бодит амьдрал нь илүү цагаар ажиллаж ахиу орлого олох сонирхолтой болгож байгаа тул илүү цаг ажиллах саналыг ажилчид өөрсдөө тавьдаг гэсэн байна. Иймээс ажлын цагийн хязгаарыг тогтоож байгаа Хятадын одоогийн хөдөлмөрийн хууль хэтэрхий хатуу байгаа юм гэж Хонгконгийн бизнесмэнүүд үзэж байгаа аж. Хятадын хөдөлмөрийн хуулинд зааснаар долоо хоногт 40 цагаас илүү ажиллахыг хориглодог юм байна. Энэ нь ажилчид эзэдтэйгээ тохирсны үндсэн дээр илүү цагийн хязгааргүй ажиллах боломжийг олгодог АНУ болон Их Британийн хуулиас ч хатуу болсон гэж үздэг аж.
Хятад ажилчид ч мөн хөдөлмөрийн хуулийнхаа хэт туйлширсан заалтыг шүүмжилж байгаа бөгөөд ихэнх хятад ажилчид ажлын цагийн хязгаарыг хэт хатуу тогтоохын эсрэг байгаа юм. Шалгалтаар зөрчилтэй гарсан гэгдэх “Foxconn” үйлдвэрийн 35 мянган ажилчдын бараг тал хувь нь илүү цагаар ажиллаж байгаагаа хүлээн зөвшөөрч болохуйц үндэслэлтэй гэж хэлсэн бөгөөд тэдний 34 хувь нь илүү цагаар ажиллаж илүү мөнгө олох сонирхолтой гэдгээ илэрхийлсэн байна. Зөвхөн 18 хувь нь л ажлын цаг нь хэт урт байна гэж гомдолложээ. 2005 оноос хойш Хятадын дотоодын ажилчдын цалингийн хэмжээ жил бүр 15 хувиас доошгүй хэмжээгээр нэмэгдсээр ирсэн байна. Мөн Хятадын засгийн газраас ажилчдын цалин хөлсний хэмжээг хамгийн багадаа хоёр дахин нэмэгдүүлэхээр зорилт тавиад байгаа бөгөөд зарим хот болон мужуудад цалингийн хэмжээ илүү ч нэмэгдэхээр байгаа гэнэ.