Өв, соёлын хамгаалалт сайжрах уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Өв, соёлын хамгаалалт сайжрах уу?

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын дөрөв, тавдугаарт, Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр оруулжээ. Соёлын өвийг хамгаалахад ямар асуудал байгаа тухай, эдгээр бодлого, хуулийн төслөөр түүнийг хэрхэн шийдвэрлэх гэж буй талаар танилцуулья. Манай сонин өмнөх дугааруудаараа хаврын чуулганаар хэлэлцэх жагсаалтын дагуу Байгаль орчныг хамгаалах багц хууль, Донорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Инновацийн тухай хуулийн төслүүд ямар зохицуулалт агуулж байгаа талаар хүргэсэн билээ.

СОЁЛЫН ӨВИЙН ТУХАЙ

Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий эд зүйлсийг нийтэд нь соёлын өв хэмээн тодорхойлдог. Соёлын өвийн үнэ цэнийг тодорхойлохын аргагүй байдаг тул Монгол улс 1992 онд баталсан Үндсэн хуулиндаа Монгол улс иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, газар болон байгалийн баялаг, соёлын өв нь нийтийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна хэмээн заажээ. 2001 онд Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулинд өөрчлөлт оруулж биет бус соёлын өвийн асуудлыг анх удаа тусгасан ”Соёлын өвийг хамгаалах тухай хууль”–ийг батласан бөгөөд үүнийг нь одоо ч мөрдөж байна. Түүнчлэн Монгол улсын Соёлын тухай хуулинд соёлын өвийг дээрх байдлаар тодорхойлж.

1994 онд батласан Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуульд улсын хэмжээнд соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн тогтолцоо бий болгох заалт тусгагдсанаар 1996 онд Музейн үзмэр сэргээн засварлах урланг өргөтгөж, Түүх, соёлын дурсгалт зүйлийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулан ажиллуулжээ. Ихэнх аймаг, нэлээд олон суманд бүртгэл мэдээллийн сан байгуулж чадсан ч Соёлын өвийг хамгаалах тухай хуульд 2001 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн тогтолцооноос сумыг хассан нь үйл ажиллагаа нь дөнгөж төлөвшиж байсан сумын бүртгэл мэдээллийн сангийн ажил зогсонги байдалд орох, улсын хэмжээнд соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн тогтолцоо бүрдэхэд сөргөөр нөлөөлөх үндсэн шалтгаан болсон байна. 2004 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ алдааг засаж, дахин сумыг нэмж тусгасан ч өмнөх алдаанаас болоод өнөөг хүртэл нийт сумын соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн үйл ажиллагаа тогтмолжиж чадаагүй байсаар байгаа аж.
            
COЁЛЫН БОДЛОГЫГ ХЭРХЭН ШИНЭЧЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨВ?

Уг бодлогын зорилго, зорилтыг шинээр томъёолж тодорхойлон, зарчмыг шинэчилж өмнөх бодлогод байсан “Соёлын бодлогыг хэрэгжүүлэх арга зам” гэсэн 29 зүйлийг “Соёлын бодлогын бүрэлдэхүүн хэсэг” болгон өөрчилж, 50 зүйл бүхий 4 хэсэг болгон эрэмбэлж тусгажээ.  

Шинэчилсэн бодлого хэрэгжүүлснээр соёл, урлагийн салбарт оновчтой, бие даасан тогтвортой бүтэц бий болж, удирдлага зохион байгуулалт, менежмент боловсронгуй болгохоор, Одоогийн мэргэжлийн боловсон хүчний хангалт 62 % байгаа нь өөрчлөгдөн соёл урлагийн байгууллагууд мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдах зэрэг өөрчлөлтүүдийг төлөвлөжээ. Бодлого өөрчлөгдсөнөөр санхүүжилтэнд мөн өөрчлөлт орохоор болж буй аж. Тодруулбал, Зайлшгүй байх ёстой санхүүжилтийг дэс дараатай нэмэгдүүлэх бөгөөд Сангийн яам бодлогын төсөл батлагдсаны дараа соёл, урлагийн салбарын төсвийн зардлыг  2012 онд 54.7 тэрбум, 2013 онд 61.8 тэрбум, 2014 онд 67.4 тэрбум, 2015 онд 72.1 тэрбум төгрөг байхаар тооцоо гаргажээ.

СОЁЛЫН ӨВИЙН ХУУЛИЙГ ШИНЭЧИЛЭХГҮЙ БОЛ…

Хуулийг чангалахгүй бол нэлээд хэдэн асуудал байсаар байх аж Нэг. Хууль бус малтлага. ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар сүүлийн жилүүдэд 18 аймагт 75 удаа, 2006 оны шалгалтын үеэр улсын байцаагчдын нэмж гаргасан судалгаагаар есөн аймагт 24 удаа хууль бус малтлага хийсэн бөгөөд эдгээрийн ихэнх нь хэдийд, хэн үйлдсэн тухай мэдээлэл байхгүй, зарим нь шүүх, цагдаагийн байгууллагад шилжсэн боловч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна. Хоёр. Хилээр гарсаар байх өв. Үндэсний төв номын санд байсан түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох ”Үйсэн дээрх бичиг”- ийг 1992 онд Германд сэргээн засварлуулахаар явуулсан бөгөөд одоо хүртэл эргэн ирээгүй. Зөвшөөрөлгүй хайгуул малтлагын ажил хийсэн төрийн бус байгууллагад 2008 онд лиценз олгож, АНУ-д монголын доод цэрдийн палеонтологийн олдворууд, динозаврын толгой, чөмөгний дээжийг /26 ширхэг/ буцаж ирэх нөхцөлтэйгээр гаргасан ноцтой зөрчлийг илрүүлж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэрэгсэхгүй болгожээ. Гурав. Хариуцлагаас мултарсаар байх буруутнууд. Одоогийн мөрдөж байгаа хуульд  учруулсан хохирлоос олон дахин бага хэмжээгээр торгохоос өөр хариуцлага тооцох заалт байхгүйгээс энэхүү хууль бус үйл ажиллагааг зогсооход нөлөөлж чадахгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулиар олдворыг зөвхөн хил давуулахад л хариуцлага хүлээлгэх заалттай аж. Дөрөв. Арчилгаа, хамгаалалтгүй хөмрөг. МХЕГ-аас 2011 онд улсын хэмжээнд 36 музей, 24 номын сангийн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг шалгажээ. Музейн үзмэрүүдийг өдөр тутам арчилж тордох, сэлбэн засах, анхан шатанд сэргээн засварлах мэргэжилтэн ч, мөнгө ч байхгүй байгаагаас олон зуун үзмэрийн нас богиносч байгаа нь энэ шалгалтаар тодорхой болсон байна. Тав. Урамшууллын тогтолцоогүй хэвээр. 1994 онд Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль батлагдсанаас хойш зарим үед иргэд мэдээлэл өгч, түүний мөрөөр арга хэмжээ авч ирсэн. Гэсэн ч тэр хүмүүсийг урамшуулах механизм байгаагүй болохоор одоо хүмүүс мэдээлэл өгөхөө бараг больжээ. Зургаа. Мэдээллийн сангийн бүрдүүлэлт хангалтгүй хэвээр. Улсын нэгдсэн бүртгэлмэдээллийн санд 1995-2005 оныг хүртэл жилд дунджаар 1000 хүртэлх үзмэрийн бүртгэл хүлээж авдаг байсан бол 2009- 2010 онд 36 байгууллагын 22569 үзмэр бүртгэсэн байна. 2005 онд тус санд 23 хувь хүний 58 бүртгэл байсан бол МХЕГ-аас 2010 онд Соёлын өвийн төвд хийсэн шалгалтаар энэ тоо нэмэгдээгүй байлаа. Соёлын өвийг хамгаалах тухай одоогийн үйлчилж буй хуулийн 8.2-д “Хувийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн бүртгэл мэдээллийн санд бүртгэнэ” гэж тусгаснаас хойш өөрийнхөө өмчийг бүртгүүлэх эсэх нь хувь хүний сонирхлын асуудал болчихжээ. Өөрт байгаа түүх, соёлын дурсгалаа бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэхийн ач тусыг хүмүүст сурталчлах, ойлгуулах талаар дорвитой ажил хийгээгүй нь ч үүнд нөлөөлсөн байна.

Ингээд дээрх асуудлуудыг Соёлын өвийн хуулиар шийдэх эсэх нь удахгүй тодорхой болох бөгөөд хууль тогтоогч эрхэм гишүүдийн гарт дээрх хуулийн төсөл хэрхэн утга агуулгаа өөрчлөхийг хүлээх л үлдлээ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж