Байгаль сүйрч, иргэд жагсч, эрх баригчид чуулсаар

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Байгаль сүйрч, иргэд жагсч, эрх баригчид чуулсаар

Хаврын чуулганаар хэлэлцэх эхний асуудал нь байгаль орчны багц хууль. Арав гаруй хуульд өөрчлөлт оруулснаар байгаль орчны салбарт шинэчлэл авчирна гэж хууль тогтоогчид найдаж буйгаа олонтаа сурталчилсан. Гэвч… Энэ хуулийг Төрийн ордонд хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд, Ордны гадна цөмийн хаягдлыг Монголд булшлахыг эсэргүүцсэн жагсаал, алсын Увс аймагт аав ээж, өвөг дээдсийнхээ булш, хиргэсүүртэй газрыг гадны компанийн олборлолтын талбай болгон алдсан малчдын суулт болж байлаа. Мөн яг энэ үеэр Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутагт ойн түймэр гарч, Улаанбаатар хотын цагдаад “Мод огтлоод байна шүү” гэх дуудлага иржээ…

Тэгвэл энэ мөчид Баянзүрх дүүргийн шүүхэд “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлтэй Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул олборлолт явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө орууллаттай “Петро чайна дачин тамсаг Монгол” ХХК-тай холбогдох байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хохирол барагдуулах тухай хэргийн шүүх хурал хариуцагч талын хүсэлтээр хойшлогдож байв. Ер л Монгол орны өнцөг булан бүрт байгаль сүйтгэсэн, түүний эсрэг иргэд тэмцсэн үйл явдал болж байна.

11.00 цаг. Төрийн ордны баруун, зүүн хаалгын ойролцоо

Үнэндээ жагсаал гэж хэлэхэд хэцүү. Жагсаал гэхээр хэдэн зуун хүн төсөөлөгддөг болоод ч тэр үү, жагсаалын цөөхөн оролцогчдыг анзаарах хүн ховор. Ажиглавал бэлдсэн лоозон, самбар зэрэг нь цуглуулах гэсэн хүнээс нь ихэдсэн бололтой. Төрийн ордны хашааны баруун хаалгыг таглан долоон хүн, зүүн хаалгыг 13 хүн таглачихсан лоозон бариад зогсоцгоожээ. “Сэргээгдэх эрчим хүч-Монголын ирээдүй, Ураны эрчим хүчний асуудлаар бүх нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулцгаая. Төр бодлогоо эргэн хар, хуулиа өөрчил. УИХ-ын гишүүдээ ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүл. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй өдий хүрлээ” зэрэг үгс харагдана. Ордон руу орж яваа хүмүүс энд ийм зүйл болж байгааг анзаарах шинжгүй, ядаж ямар зүйл бариад зогсч байгааг нь харсан ч шинжгүй өнгөрцгөөнө. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоцгоосон бололтой жагсагчдын хажуухан талд хоёр цагдаа зогсоод өөр ямар нэгэн зүйлийн талаар ярилцан зогсоно. Цагдаагийн өмд, дээгүүр нь энгийн богино хүрэм өмссөн нэг нөхөр жижиг дүрс бичлэгийн камер барьж, жагсагч бүрийн камераараа бичих бөгөөд өнөөх хоёр цагдаа руугаа очиж “За, би одоо нөгөө талд нь оччихоод ирье” гэсээр цааш явна. Жагсагчдыг чиглэн камер барьсан телевизийн зураглаач, сэтгүүлч нар явж байсан боловч түр зогсолт ч хийсэнгүй хажуугаар нь чигээрээ өнгөрнө. Яриа авах байх гэж бодсон бололтой хойноос нь “Бид нарыг сурвалжлахгүй юм уу, яриа өгч болно шүү” гэсэн тул өнөө сэтгүүлч “За, буцах замаараа сурвалжилна аа” гэсээр алхаагаа хурдасган мөн л цааш явлаа. Сэтгүүлчид сонсогдоогүй ч байж магад, гэхдээ араас нь жагсагчид “Чуулган эхлэх болоогүй байгаа шүү дээ” гэж хашгирна.

Туг барьсан жагсагчаас ямар үр дүн хүлээж энд ирсэн талаар нь тодрууллаа. “Монголын Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар” хэмээн өөрийгөө танилцуулаад жагсаал зохион байгуулах болсон шалтгаанаа хэлсэн юм. Тэрээр “Цөмийн хаягдлын эсрэг төрийн бус байгуулага, хөдөлгөөнүүд хамтран Монголд цөмийн хаягдал булшлах асуудалд бүр мөсөн цэг тавих, цөмийн цахилгаан станц байгуулахгүй байх зэрэг өмнө өгч байсан шаардлагуудад хариу авахын тулд жагсацгааж байна. Өмнө аравдугаар сард Цөмийн хаягдлыг булшлуулахын эсрэг хөдөлгөөн Ногоон намын дэргэд байгуулагдаж байсан. Энэ хөдөлгөөнөөс Цөмийн энергийн газрыг татан буулгах, уран олборлолтыг зогсоох, Дорнод, Дорноговь аймгуудад Арева компанийг олборлолтоо зогсоохыг шаардаж, цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглох тухай 4000 гаруй хүний гарын үсэгтэй шаардлагыг төрийн гурван өндөрлөгт өгсөн.  Гэтэл ядаж шаардлагыг чинь хүлээж авлаа гэсэн хариу ч өгөөгүй. Яах вэ, Ерөнхийлөгч НҮБ-ийн индэр дээрээс цөмийн хаягдал булшлах асуудал байхгүй шүү гэж хэлсэн. Иймд эдгээр шаардлагуудад ямар нэгэн байдлаар хариу өгөхийг дахин өнөөдөр шаардаж байна. Сая Ерөнхий сайд Япон улсад айлчлаад ирсэн. “Мон-Атом” гээд компанийн төлөөлөлтэй хамт яваад ирсэн. Яагаад засгийн газар цөмийн бизнес эрхлэгчидтэй явсан гэдэг нь хардлага төрүүлж байна. Энэ айлчлалаар ямар хэлэлцээр хийсэн талаараа мэдээлэл өгөхийг шаардаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Германд айлчлахдаа бас цөмийн асуудлаар зарим зүйл ярилцсан ч сураг байна. Ямар гэрээ хэлцэл хийсэн талаар нь ил тод мэдээлэл авмаар байна” гэлээ. Биднийг ийн ярилцаж байх хооронд хажуугаар явж буй хүмүүс “нөгөө л цөмийн хаядал шив дээ” “хавар болсон болохоор эд нар яаж зүгээр байх билээ дээ” гэсээр өнгөрцгөөнө.

12.00 ЦАГ. Куба улсын элчин сайдын яамны байрны хойно

“Монреимпэкс” компанийн байрны урд талд хашаанд нь ургаж байсан улиас, гацуур, хус, хар моддыг хөрөөдөж унагажээ. 50 гаруй жилийн өмнө тарьж, ургуулсан энэхүү бяцхан цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд орон сууц барилга барих болсон тул үүрээр моддыг огтолсон аж. “Мод огтлоод байна” гэсэн иргэдийн мэдээллийг авсан цагдаагийн ажилтнууд газар дээр ирцгээсэн байсан ч мэдэл нь хүрсэнгүй юу, асуудал байсангүй юу удалгүй явцгаав.

13.00 цаг. Увс аймгийн Бөхмөрөн суманд…

Суулт үргэлжилсээр. Увс аймгийн Бөхмөрөн суманд малчид  газар нутгийнхаа төлөө тэмцсэн суулт үргэлжилсээр байгаа тухай Бөхмөрөн сумын “Баян мөрөн” хөдөлгөөний тэргүүн Ц.Амартайвантай утсаар манай сэтгүүлчтэй холбогдож мэдээллэжээ. Тус суманд Монгол-Канадын хөрөнгө оруулалттай “CGBEM” компани  хайгуулын болон ашиглалтын лизенц авч, хоёр жилийн өмнөөс хайгуул хийж эхэлжээ. Тус компани Бөхмөрөн сумын нутагт ашиглалтын 947 га, хайгуулын 4000 гаруй га газарт зөвшөөрөл авсан аж. Ингээд сумын газар нутагт олон салаа зам гаргаж, малын бэлчээр үндсэндээ талхлагдан, олборлолт эхэлснээс хойш  ховор ан амьтад ОХУ-ын нутаг руу дайжих болжээ. “Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд “CGBEM” компанид үйл ажиллагаагаа зогсоож, хайгуул ашиглалтын лизенцээ цуцлуул гэсэн шаардлага  бичгээр тавьсан боловч нааштай хариу өгөөгүй. Тиймээс бид  энэ сарын 1-нд  шаардлагаа дахин өгч, шаардлагыг хүлээж авах хүртэл суулт хийхээр болсон юм. Одоо гурав дахь өдрөө 200-аад малчин суулт зарлаж байна” гэв. Лицензтэй талбайн урд хэсэг улсын тусгай хамгаалалттай газар нутаг, хойд хэсгээр орон  нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг хамаарч байгаа ч хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгосон. Сумын Засаг дарга Б.Ядамдорж Байгаль орчны нөхөн сэргээлтийн гэрээнд гарын үсэг  зурсан гэнэ. Тэдгээр иргэд Увс аймгаас сонгогдсон түшээгээс хамгаалалт хүсч байгаа ч тэр гишүүн нь шүүх, зарга гээд завгүй байгаа бололтой.  

15.30 цаг. Чуулганы танхимд

Үдээс өмнө чуулганы нээлтийн ёслолын ажиллагаа 90 гаруй хувийн ирцтэй байсан боловч 15.00 цагт товлогдсон чуулганы албан ёсны хуралдааны ирц бүрдээгүй хэвээр байв. Хэлэлцэх жагсаалтын эхэнд Байгаль орчны салбарын багц хууль. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдийг хуралдаа ирэхийг урьж, мөн орж ирсэн гишүүдийг ирцэнд орохыг шаардаж байв. Ийн гишүүд уван цувсаар хууль батлах ажилдаа орцгоох биз. Гэвч гадна нь иргэд гурав дахь жилтэйгээ золгох гэж буй хуулиа хэрэгжүүлээч гэж шаардлагатай зогссоор байв. Ямартай ч Төрийн ордонд байгаль орчны багц хууль хэрүүлтэй уруултай хэлэлцэх биз. Гэхдээ ингэж баталсан хууль нь ордны гаднах байгаль орчинтой холбоотой дээрх хэрүүл маргааныг шийдэж чадах болов уу?

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж