Тэр үед дэвшүүлсэн зорилтын хамгийн эхний ажлууд болох оюутны хотхоныг хаана, хэзээ, ямар замаар барих талаар Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бас л хоёр жилийн өмнөөс үлгэр ярьж эхэлсэн. Одоогоос хоёр жилийн өмнө нийслэлийн захын дүүрэг болох Налайхт, Шивээтийн хөндийд 2.000 га газарт байгуулах Оюутны хотхоны дэд бүтцийн асуудлыг шийдэхээр тооцоо, судалгаа хийж байна гэж мэдээлж байсныг хэн хүнгүй л санаж буй болов уу. Ингэхдээ Налайхт таван их сургуулийн барилга барьж, 100 мянган оюутны хичээлийн байр, оюутны дотуур байр, багш, ажиллагсдын орон сууц, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг хамтад нь байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажилд ойролцоогоор 400-500 сая ам.доллар шаардлагатай гэж хэзээ хэзээгүй л хийчих юм шиг яриад байсан даа. Энэ их мөнгийг хотын А бүсэд байрлах дээд сургуулийн барилгын газар, талбайг худалдаж олохоос гадна гадны улс орнуудын буцалтгүй тусламжаар өгч буй хөрөнгөнөөс босгох талаар багагүй орой болгон л телевизээр ярьж байлаа. Гэтэл бас л таг.
Түүнээс хойш оюутнуудын дунд одоо оюутны хотхоныг хаана яаж барих бол гэсэн асуулт өвсөнд тавьсан гал шиг л дүрэлзэж эхэлжээ. Түүх үргэлжилж, цаг урсан оюутнууд хүлээсээр л… Гэтэл тэдний мөрөөдөл сарнив бололтой. Саяхан Засгийн газраас шийдвэр гарлаа. Саяхан ч гэж дээ, оны өмнөх өдрүүдэд. Тэр нь юу вэ гэхээр Шивээтийн хөндийд баригдахааргүй болсон оюутны хотхон нийслэл хотоос улам бүр холдож Багануур дүүргийн Хүрмэнтийн хөндийн 10000 га газар баригдахаар болов. Түүх үргэлжилсээр, цаг урссаар л… Оюутны хотхоны ажил эхэлсэн тэр үеэс хойш бүтэн хоёр жилийг үлджээ. Энэ хугацаанд хүний урманд ганц ч шон боссонгүй. Хөндий ч эзэнгүй хэвээрээ. Учрыг лавлахад, хотхон байгуулахаар сонгосон газрын ойролцоо нь ураны орд илэрсэн, “Шивээтийн хөндий” гэх газар нь мөнх цэвдэгтэй гэдэг шалтгаанаар асуудал гацаанд оржээ.
Дэлгэрүүлбэл, 2010 оны зургаадугаар сард манай улсад айлчилсан Хятадын ерөнхий сайдын айлчлалын үеэр тус улсаас олгохоор болсон 270 гаруй сая юанийн буцалтгүй тусламжийг Оюутны хотхоны дэд бүтцийн асуудалд зарцуулахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Үүнээс гадна Улаанбаатар, Налайх дүүргийг холбосон хурдны замын ажил 2011 онд эхэлнэ. Энэхүү зам баригдсанаар, Улаанбаатар Налайх дүүргийн хооронд автомашинаар явахад ердөө 15 минут зарцуулдаг болно гэдгийг салбарын сайд нь нэмж хэллээ. Хэлэх үг бүхэн үнэ цэнэтэй болсон өнөөдрийн нийгэмд төр засаг нь ард түмнээрээ тоглоом тохуу хийж байгаа нь үнэхээр харамсалтай.
Нэмж 8,000 га газар барилга баригдана гэсэн үг. Учир нь баригдахдаа хотхоны хэмжээнд биш бүр хотын хэмжээнд барих шинэ төлөвлөлтэй ажлын хэсэг эргэн ирсэн юм. Уг төлөвлөлтөнд Хэнтий аймгийн удирдлагууд хамтарч ажиллах санал гаргаж, цаашдаа Хэрлэн голоо хамгаалсан хотын төлөвлөлт хийхээр боллоо.
Олон улсын жишигт хүрсэн энгийн нэг оюутны хотхон барих гэж үлгэр домгийн мэт урт хугацааг зориулж байгаа улсууд яаж хот барих билээ дээ. Хотхон барьж тоглохдоо бүдэрч унаад удаж удаж босч байгаа юм чинь хот барьж тоглохоор унаад босч ирэх үү. Гэхдээ яах вэ, амны билгээс ашдын билэг гэдэг биз дээ. Үнэн л байж, монголчуудын нас сүүдэр хүрээсэй билээ.
Оюутны хотхоны төсөл ингээд хотынх болон өргөжив. Нэг ч барилга бариагүй байж 40 мянган айлын орон сууц хэрэгжүүлчихсэн, одоо 100 мянган айлын орон сууц хэрэгжүүлэх гээд байгаа Засгийн газар хотхоноо барих байх өө. Оюутнууд ч онц сурцгаах байх. Гэхдээ лавтайя өнөөгийн оюутнууд тийм боломжийг хүртэхгүй. Одоогийн дунд ангийн эхлэлийг нь үзвэл их аз гэлтэй.