Нефть асгаралтын нэг сувгийг нь хаалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Нефть асгаралтын нэг сувгийг нь хаалаа

ВР нефтийн компанийн мэргэжилтнүүд Мексикийн буланд дэлбэрсэн цамхагийнхаа цооногоос гойжиж байсан гурван сувгийн хамгийн жижгийг нь хааж чадлаа. Гэсэн ч далайд асгарч байгаа нефтийн хэмжээ өмнөхийн адил байгааг АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Брэндон Блэкуэлл (Brandon Blackwell) хэлсэн хэмээн AFP мэдээлжээ.

Хэд хоногийн турш ажиллаж байж гурав дахь сувагт нь хаалт хийсэн ба харин тийм аргаар нөгөө хоёр сувгийг хаах боломжгүй гэнэ.

ВР компани гэмтсэн цооногийн нефтийн асгалатын хаах хэд хэдэн арга боловсруулж байгааг өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайлбал, тэд нефтийн гоожуурыг тусгай бүрхүүлээр хаагаад тэнд хуримтлагдсан нефтийг усан онгоцонд шахан зөөнө гэж байлаа.

Нефтийн урсгалын өөр сувагт оруулахын тулд шинээр дөрвөн км-ын гүнд цооног өрөмдөнө гэх санал байсан ба түүнийг хэрэгжүүлэхэд гурван сар хэрэгтэй юм.

Мексикийн буланд ВР компанийн Deepwater Horizon цамхаг сүйрсний дараа асар том нефтийн толбо далайн усанд үүссэн юм. Дөрөвдүгээр сарын 20-нд одоогоор тогтоогүй шалтгаанаар Цамхагт дэлбэрэлт гараад шатсан ба энэ үеэр 11 хүн амиа алджээ. Deepwater Horizon цамхаг живсний дараа далайн ёроолын цооногоос нефть асгарч түүнийг арван хэдэн хоногийн турш зогсоож чадахгүй байгаа юм.

Нефть асгаралтын дундаж хурд нь өдөртөө 5000 баррель буюу 210 мянган галлон болж байна. Нийтдээ усанд 2,5 сая  галлон нефть хаягджээ. Асгарсан нефтийн замд хаалт тавин түүнийг цуглуулахад Үндэсний гвардийг дайчлаад байна. Экологийн сүйрэл нүүрлэж буй учир Луизиана ба Флорида мужид онц байдал зарлагдсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж