Байгаль орчны багц хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Байгаль орчны багц хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааныхаа хамгийн отгон чуулганыг өчигдөр нээлээ. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад томилолттой байгаа учраас оролцож амжаагүй ч Монгол Улсын Ерөнхий сайд болон гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд оролцсон юм. Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Хамтарсан Засгийн газар байгуулагдаж Монгол Улсын хөгжил дэвшлийг дээшлүүлэх эрх зүйн болон санхүүгийн боломж нэмэгдүүлэхээр ажилласан нь үр дүнгээ өгсөн. Энэ хүрээнд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлж, 160 гаруй ахмад насмны тэтгэвэрийн зөрүүг арилгаж, ард түмэндээ амласан хоёр намын амлалт болох 1.5 сая төгрөгийг иргэдэд олгох шийдвэр гарч, мөн эх орны хишгийг оюутнууд ч мөн хүртэж байна. Түүнчлэн цалин, тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбогдож өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна” гэсэн юм. Энэ мэтчилэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн гол ажлуудаа тайлагналаа.

Мөн тэрээр цааш нь хэлэхдээ “Энэ парламентын хувьд өнгөрсөн хугацаанд улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх чиглэлд олон чухал шийдвэрүүд гарч хэрэгжиж буйг бас санууллаа. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсч, 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарсан. Энэ жил эдийн засгийн өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа. Гол нь баялгийг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах нь хамгийн чухал. Ер нь УИХ болон Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлж эхэлснээр төрийн албан хаагчдын цалин 2008 онд дунджаар 300 мянган төгрөг байсан бол одоо 600 мянган төгрөгт хүрнэ. Тэтгэвэр 2008 онд дундаж нь 95 мянган төгрөг байсан бол одоо 190 мянган төгрөгт хүрнэ. Энэ бол иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх чиглэлд төрийн эрх барих дээд байгуулагаас өнгөрсөн хугацаанд гаргасан хамгийн томоохон чухал шийдвэрүүдийн нэг байсныг хэлж байна. Мөн Хүний хөгжил сангаас иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг олгож байсан нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргаанд тодорхой хувиар дэмжлэг үзүүлж ирсэн гэдгийг ч тодотголоо. Энэ хүрээнд нэг аймагт жилдээ 35 тэрбум төгрөг хуваарилагдаж байсан бол улсын хэмжээнд 1.7 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд дээрх хэмжээний бэлэн мөнгийг Хүний хөгжил сангаар дамжуулан авсан гэсэн үг болж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын хэмжээ 2008 оныхоос бараг гурав дахин өссөн болохыг  сануулаад дөрвөн жилийн өмнө УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент үлдэж буй хугацаанд шийдвэрлэвэл зохих ажлуудаа шуурхай, шаргуу ажиллах учиртайг” сануулсанаар хаврын чуулганыг нээлээ.

Ийнхүү отгон чуулган түр завсарлаж үдээш хойш дахин хуралдсан юм. Үдээс хойш үргэлжлэх байсан чуулган гишүүд бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар хэсэг хугацаанд хойшилсон ч 40 гишүүн ирснээр хаврын чуулган үргэлжилсэн. Энэ удаагийн чуулганаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн УИХ-ын гишүүн Н.Гаянбямбыг дэд хорооны даргаар томиллоо. Өмнө нь дэд хорооны даргаар Э.Мөнх-очир ажиллаж байсан ч УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилогдёон учраас ийнхүү сэлгээ хийсэн байна.

Үүний дараа чуулган Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ хуульд Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг байгаль орчины багц хуулийн төслийг дулааны улирал эхлэхээс өмнө хэлэлцэх учиртайг Байгаль орчны багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Гансүх сануулж байсан. Үүний дагуу ч багц хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж эхэлж байгаа юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад гүний усыг ашиглахгүй байх чиглэлээр тусгай заалт оруулах ёстой гэсэн асуудлыг хөндөж байна. Гишүүдийн сануулснаар УИХ-аас байгаль орчныг хамгаалахтай холбоотой хуулийн төсөл  батлаагүй биш баталсан. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс урт нэртэй хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан ч хэрэгжилтийн шатанд явахгүй байгаа. Хууль батлагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн ч төр нь уул уурхайн компаниудын өмнө хүчин мөхөстсөн. Уг нь уул уурхайн команиудын байгальд учруулсан хохирол хэмжээлшгүй атал “Гол мөрөн, ойн сан бүхий газарт олгосон лицензийг цуцалбал өнгөрсөн хугацаанд хайгуул болоод ашиглалтын чиглэлээр явуулсан зардлаа төрөөр нөхөн төлүүлнэ” гэх мэтчлэнгээр хууль хэрэгжүүлэх субьектээ эргээд шантаажинд оруулан асар их тэрбум төгрөгийг нөхөн төлбөр хэлбэрээр нэхэх болсон. Тиймээс одоо хэлэлцэж байгаа Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль батлагдлаа гэхэд урт нэртэй хуулийн нэгэн адил хэрэгжүүлэх шатанд бэрхшээл гарах вий гэдгийг тэд болгоомжлуулж байсан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарын тайлбараар бол хуулийн төсөлд байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбоотой тусгайлсан заалтууд оруулсан. Тодруулбал, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй компанид хэдэн төгрөгийн торгууль ногдуулаад өнгөрөх бус нөхөн төлбөр ногдуулна. Тавантолгойгоос-Гашуун сухайт хүртэлх байгаль орчинд учирсан хохирлыг тооцож үзэхэд 50 тэрбум төгрөг гэсэн үнэлгээ гарсан. Эл хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхэд энэ мэтээр байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоож, нөхөн төлбөр ногдуулах учраас энэ мэт асуудал нэлээд цэгцрэх боломжтой гэж үзэж байна. Мөн орон нутагт ажиллахдаа Оюутолгой, Тавантолгой зэрэг компаниудад гүний усыг боломжит хэмжээнээс нь хэтрүүлж ашиглаж болохгүй. Гадаргын усыг ашиглах чиглэлээр одооноос эхлэн боломж нөхцөл хайж энэ чиглэлээр хөрөнгө оруулалтыг одооноос эхлэн бий болгох ёстой гэсэн чиглэлийг өгсөн гэдгээ онцоллоо. Мөн Оюутолгой зэрэг компаниудын хувьд уул уурхайд ашигласан усаа дахин ашиглах чиглэлийн технологийг ашиглахаар судалгаа хийж эхэлсэн гэх мэдээлэл ч дуулдаж буйг энэ үеэр салбарын сайд хэллээ.

Гэхдээ гишүүдийн сануулснаар УИХ-аас байгаль орчныг хамгаалахтай холбоотой хуулийн төсөл  батлаагүй биш баталсан. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс урт нэртэй хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан ч хэрэгжилтийн шатанд явахгүй байгаа. Хууль батлагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн ч төр нь уул уурхайн компаниудын өмнө хүчин мөхөстсөн. Уг нь уул уурхайн команиудын байгальд учруулсан хохирол хэмжээлшгүй атал “Гол мөрөн, ойн сан бүхий газарт олгосон лицензийг цуцалбал өнгөрсөн хугацаанд хайгуул болоод ашиглалтын чиглэлээр явуулсан зардлаа төрөөр нөхөн төлүүлнэ” гэх мэтчлэнгээр хууль хэрэгжүүлэх субьектээ эргээд шантаажинд оруулан асар их тэрбум төгрөгийг нөхөн төлбөр хэлбэрээр нэхэх болсон. Тиймээс одоо хэлэлцэж байгаа Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль батлагдлаа гэхэд урт нэртэй хуулийн нэгэн адил хэрэгжүүлэх шатанд бэрхшээл гарах вий гэдгийг тэд болгоомжлуулж байна.

Энэхүү Байгаль орчныг хамгаалахтай холбоотой багц хуулийн төслийн хүрээнд дан ганц уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой асуудал хөндөгдөхгүй байна, гал түймэрт өртсөн ойг хэрхэн нөхөн сэргээх, хөрсний бохирдол, тэр дундаа хөдөөд хог хүчрэгдэхээ больсон. Хөрөнгө мөнгө байдаггүйгээс хаа дуртай газраа иргэд хогоо асгаж байгаль орчинг их хэмжээгээр бохирдуулах болсон. Энэ мэт асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулахаар заалт оруулаад байна вэ гэдэг асуудлыг ч гишүүд нэхэл хатуутай асууж байлаа.

Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн 90 гаруй хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн ба хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлж, чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж