Уулзалтын эхэнд долдугаар сарын 1-ний шөнийн 1-2 цагийн хооронд Гадаад хэргийн яамны баруун талд орших Grand Office-ийн барилга дээрээс гар утсаар хийсэн хоёр бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Нэлээд хэд хоногийн өмнө уг бичлэгүүд интернэтэд тавигдаж байсан.
Эхний бичлэг дээр цагдаа нар насанд хүрээгүй хэдэн хүүхдийг нэг дор цуглуулж газарт хэвтүүлж байгааг бороохойгоор зодож, буу тулган сүрдүүлж байгаа дүрс үлдсэн байна. Бичлэг хийсэн эзэд нь хоорондоо “Зарим хүүхэд нь ухаан алдчихсан байна шүү дээ. Уначихаад эсэргүүцэл үзүүлж байхад дээрээс нь бороохойдож байна. Бид чинь ямар улсад амьдарч байгаа юм бэ, энэ чинь ардчилсан улс мөн үү. Сэжиг хүрч байна, айдас төрж байна” хэмээн ярилцаж байв. Харин хоёр дахь бичлэг дээр цагдаагийнхан нэг энгийн хүнийг буудаж унагасныхаа дараа араас нь ирж бороохойдчихоод орхиод явж байгаа дүрс байна. Нөгөө хүн нас барсан бололтой, өшиглөж үзчихээд орхиод явсан. Хажуугаар нь өнгөрсөн хүмүүсийг “холуур яв” гэж байгаа бололтой дохиж занган, замаас нь гаргаж байв. Тэгээд гудамжинд нэг ч хүнгүй болсны дараа нас барсан хүнийг түргэний машинаар авч явлаа. Бичлэг хийсэн залуучууд хүүхдүүдийг зодож байх үед цагдаа нар луу “Болиоч” гэж хашгирсан боловч өмнөөс нь буу шагайсан учир нуугдахад хүрсэн гэдгээ бичлэг хийх зуур хоорондоо ярьж байна.
Долдугаар сарын 1-ний хэргийн улмаас дөрвөн хүн цагдаагийн суманд амиа алдаж, хүнд болон хөнгөн хэлбэрээр шархадсан зургаан хүн Хүний эрхийн дэд хороонд хандаад байгаа, нийтдээ арав гаруй хүн сумны шарх авсан байдаг аж. Долдугаар сарын 1-ний хэргийг өдөр болсон, шөнө болсон үйл явдлаар нь хоёр тусад нь авч үздэг. Шөнө буюу онц байдал зарласан үеэр дөрвөн хүний амь хохирсон бөгөөд үүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа. Харин өдөр болсон үйл явдал буюу МАХН-ын байрыг галдан шатаасан хэргээр 275 хүнд эрүүгийн хэрэг тулгаж, ял сонсгосон билээ. Нийт хохирол нь 12 тэрбум төгрөг. Хүн тус бүрийн учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоогоогүй боловч бүгд МАХН-ын байрыг галдсан хэргээр шүүхээс нэг ижил ял сонссон. Тэр ч байтугай Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын дарга нь шүүхийн тогтоолыг канондаж тараасан, шүүх хурлын үеэр “Манай нарын байрыг шатаадаг та нар юу юм бэ” хэмээн дарамталж байсан тухай өмгөөлөгчид нь Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан УИХ-ын Нээлттэй сонсголын үеэр нийтэд мэдээлсэн. Одоо ч энэ шүүгч Дээд шүүхэд ажиллаж байгаа.
Уг нь бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар “гэмт хэргийг нотлох” гэдгийг гэм буруу болон учирсан хохирол хоёрын шалтгаант холбоог тогтоосны дараа гэмт хэргийг нотоллоо гэж үздэг. Хэний шидсэн чулуу хэний цонхыг хагалсан бэ гэдгийг нэг бүрчлэн тогтоосны дараа учирсан хохирлыг тооцно гэсэн үг. Харин “чи чулуу шидсэн л юм чинь МАХН-ын байрыг шатаахад оролцсон” гэвэл “гэмт хэргийг хардалтаар нотлохгүй, баримтаар нотолно” гэсэн хуулийн логиктой зөрчилдөж байгаа юм. Мөн баривчлагдсан иргэдийг цагдаагийн байгууллагын эзэмшил газар буюу цагдан хорих төвд байхад нь зодсон, дарамталсан, мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүсэн /АКА-ны бөгсөөр зодсон/, хүчээр хэрэг тулгасан, хууран мэхлэх замаар /гурван чулуу шидсэн гэж хүлээвэл чамд ял өгөхгүй гэх мэт/ мэдүүлэг авсан, шударга шүүхээр шийдүүлэх эрх нь зөрчигдсөн /жишээг дээр өгүүлсэн/ гэх гомдлууд шүүх хурлын дараа УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд олноороо ирсэн байдаг. Үүний мөрөөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос 2010 оны хоёрдугаар сарын 2-нд Нээлттэй сонгол явуулж, орон даяар дамжуулсан тул энэ сэдвийг түр орхиё.
Харин Нээлттэй сонголоор хэлэлцэхээр төлөвлөсөн ч хэлэлцэлгүй үлдсэн нэг асуудал нь “Цагдаагийн байгууллага иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэсэн эсэх” тухай. Нээлттэй сонсголын дөрөв дэх сэдэв болж орсон энэ асуудлыг тухайн үед Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, сайд асан Ц.Мөнх-Оргил, Хууль зүйн байнгын хорооны дарга асан Х.Жекей, байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар “Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй хэргийн талаар Нээлттэй сонсгол хийх нь мөрдөн байцаалтын нууцыг задруулсан, шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн хэрэг болно” хэмээн эсэргүүцэл бичсэний улмаас “галт зэвсэг хэрэглэсэн эсэх” асуудал хойш тавигдсан билээ.
“Галт зэвсгийн” хэмээх хэрэг
2008 оны долдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн тасгийн мөрдөн байцаагч галт зэвсэг хэрэглэн хүнийг санаатай алсан хэргээр /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1/ 805 дугаар ангийн долоон цагдаад эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаагийн албан хаагчдад холбогдох хэрэг учраас долдугаар сарын 4-ний өдөр УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн байна. Тэднийг Заамарын уурхайд хамгаалалтад гаргасан байхад нь баривчилж авчирч “Ганцхудаг”-т хорьжээ. Харин хэргийг шалгах явцад цагдаагийн удирдлагууд буу, сум тараасан нь нотлогдосны дараа УЕП-ын мөрдөн байцаах тасгаас Эргүүл хамгаалалтын тасгийн дарга, хурандаа Ш.Батсүхийг уг хэрэгт холбогдуулан баривчлах шийдвэрийг наймдугаар сарын 20-ны өдөр гаргасан байна. Үүний улмаас цагдаагийнхан прокуроры мөрдөн байцаах байрыг 24 цагийн турш барьцаалсныг уншигчид санаж байгаа биз.
Ингээд 2010 оны хоёрдугаар сарын 3-нд УЕП-оос цагдаагийн дарга нар болон, албан хаагдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хоёр тогтоол гаргасан байдаг. Цагдаагийн албан хаагчдад холбогдох хэргийг “Долдугаар сарын 1-ний шөнө 01-02 цагийн орчимд байлдааны сум, галт зэвсэг хэрэглэж, нийтийн амгалан байдлыг тогтоох явцад дараах хүмүүс бууны суманд оногджээ. Нэр бүхий албан хаагчид танилцуулахгүйгээр байлдааны сум, галт зэвсэг тараан өгч хэрэглүүлсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүн хүнд хөнгөн бэртсэн байна” гэсэн боловч “Хэн нэгнийг онцгойлж санаатай буудах зорилго асуулаагүй учраас санаатай алсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Галт зэвсэг хэрэглэсэн нь Цагдаагийн байгууллагын тухай хуулийн заалтад нийцэж байгаа учраас хүнийг санаатай алах гэмт хэргийн сэдэл зорилго байхгүй. Хэний буудсан сум хэнийг оносон нь тогтоогдоогүй учраас гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Харин ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболдод “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан”, Нийслэлийн цагдаагийн дарга О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын тасгийн дарга Ш.Батсүх нарт ”Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх зүйл ангиар шалгагдаж байсныг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосныг бид мэднэ.
Үүний дараа УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “хэрэг шүүхээр шийдэгдсэн тул галт зэвсэг хэрэглэсэн эсэх” талаарх Нээллтэй сонсголыг явуулахаар УИХ-д хүсэлт тавьсан боловч УИХ-аас “бэлтгэл ажил хангагдаагүй” гэсэн шалтгаанаар удаа дараа хойшлуулсаар байжээ. Мөн оны дөрөвдүгээр сарын 12-нд ЦЕГ-ын дарга, дөрөвдүгээр сарын 15-нд УЕП-оос УИХ-д албан бичиг ирүүлж, Нээлттэй сонсголыг явуулахгүй гэжээ. Ингэхдээ прокурорын байгуулллагад хуулиар олгогдсон эрх мэдлийн талаар дурьдаад “Прокурорын байгууллагын гаргасан шийдвэрийг дээд шатны прокурор л хянах эрхтэй, УИХ хянах эрхгүй тул Нээлттэй сонсголд оролцохгүй” гэсэн байна.
Хариуд нь УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Шүүх эцсийн шийдвэрээ гаргасан учраас энэ хэрэг прокурорын хяналтаас гарсан. Одоо УИХ хуулийн хэрэгжилтийг хянах үүргээ хэрэгжүүлнэ” гэсэн утга бүхий албан бичгийг явуулсан ч УЕП-ын орлогч Д.Цэрэнбалтаваас мөн сарын 20-ны өдөр “Хохирогчдын ар гэрээс гаргасан гомдлын дагуу УЕП уг хэргийг хянаж байгаа” гэдэг бичиг хүлээж авснаар УИХ уг хэрэг дээр ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна.
Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж цагдаагийн дарга нарт холбогдох хэрэг шүүхэд шилжсэний дараачаас эхлэн “УИХ ял төлөвлөж, шүүх түүнийг нь хэрэгжүүлж байна” гэх мэдэгдлүүдийг удаа дараа хийж, МАН-ын зүгээс “Цагдаагийн дарга нарыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх гэлээ” гэсэн утгатай захиалгат нэвтрүүлгүүдийг өдөр өнжихгүй телевизийн бүх сувгаар цацаж байгаа. Гэвч УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны зарим гишүүдээс дэлгэсэн дээрх мэдээллээр “УИХ уг хэрэгтэй холбогдуулан ямар ч үйл ажиллагаа явуулаагүй” гэдгийг баримтаар нотоллоо. Харин ч буудуулсан, эрүүл мэндээрээ хохирсон, эрх чөлөөгөө хасуулсан иргэдийн асуудлыг УИХ дээр ярих үед “Шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх гэлээ” хэмээн хааж боож байсан нөхдүүд одоо яагаад цагдаагийн дарга нарын хэрэг шүүхээр шийдэгдэх болохоор шүүх эрх мэдэлд халдаж, прокурор луу “Ялын зүйлчлэл чинь буруу байна” гээд бичиг сачиг шидээд эхлэв гэдэг асуултыг зөрүүлэн тавьсан юм. Энэ мэдээллийн үеэр дэлгэгдсэн бас нэг “но”-той, ноцтой зүйл нь цагдаагийн дарга нарт холбогдох хэрэг шүүхэд шилжсэний дараа буюу өнгөрөгч хоёрдугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир хүсэлт гаргаж, УИХ дахь МАН-ын бүлгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, сайд асан Ц.Мөнх-Оргил, Хууль зүйн байнгын хорооны дарга асан Х.Жекей, Э.Мөнх-Очир нарын бүрэлдэхүүнтэй прокурорын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, цагдаагийн дарга нарыг зүйлчилсэн хуулийн зүйл анги зөв эсэхийг шалгахаар ажиллаж байгаа аж.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүдийг урьж, Ардчилсан намын 4:11 уулзалт дээр дэлгэсэн эдгээр мэдээллийг долдугаар сарын 1-ний хэргээр улс төр хийж байна гэж үзнэ үү, энэ хэргийн улмаас хохирсон иргэдийн өмнөөс шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулахад улс төрийн дэмжлэг үзүүлж байна гэж үнэлнэ үү, аль аль нь хувь хүний үнэлэмжийн асуудал. Аль түвшинд нь авч явах нь энэ намын цаашид хийх улс төрийн акциуудаас шалтгаална. Харин улс төрийн нам, улс төрчид, төрийн өндөр албан тушаал дээр сууж буй нөхдүүд энэ хэрэг дээр илүү хариуцлагатай хандах ёстой. Уг хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа цагдаагийн дарга нарын эрх ашгийн нөгөө талд таван хүнийхээ амиар хохирсон гэр бүлүүд, эрүүл мэндээрээ хохирсон олон иргэдийн эрх бас хөндөгдөж байгааг санах ёстой. Энэ л Монгол төрийн ой санамж.