Гар утасны бичлэг дээр цагдаа нар насанд хүрээгүй хүүхдүүдийг харгислан зодож цустай нь хутгасан, олон хүүхэд ухаан алдан унасан байсныг, мөн буудаж шархдуулсан хүнээ зодож буй нь үлджээ. Гишүүн Х.Тэмүүжин долдугаар сарын 1-нд болсон явдлыг өдөр, шөнө гэж хоёр хувааж болно гээд өдгөө зөвхөн өдөр болсон үйл явдлыг харуулж, түүний гэм буруутан гэж үзсэн хүмүүсийг хангалттай шүүж шийтгэсэн атлаа шөнө болсон үйл явдлыг сөхөхөөс цааргалдаг, шөнө буудуулан амиа алдсан дөрвөн хүнийг хэний тушаалаар хэн егүүтгэснийг тогтоож чадахгүй байгаа хэмээж байлаа.
Х.Тэмүүжин гишүүний тайлбарласнаар долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор хяналтын хоёр механизм ажиллажээ. Нэг дэх нь парламентын буюу ардчилсан хяналтын механизм. Хоёр дахь нь хууль, шүүхийн хяналтын механизм. УИХ дээр юу болов, хууль, шүүхийн байгууллага дээр юу болов гэдгийг гишүүн дэлгэн ярилаа.
Гишүүн Х.Тэмүүжин “Долдугаар сарын 1-ний өдөр сонгуулийн луйвар болсныг эсэргүүцсэн иргэд жагсаал хийсэн. Сүүлдээ энэ нь үймээн, эмх замбараагүй явдал болсон. Цагдаа үүнийг зохицуулахыг эрмэлзсэн. Шөнө нь галт зэвсэг хэрэглэж дөрвөн хүний амь үрэгдэж зургаан хүн шархадсан. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны ажлын хэсэгт сүүлд бууны суманд шархадсан дөрвөн хүн нэмж хандсан. Өдөр болсон үймээнд оролцсон 275 залууст ял оноож шийтгэсэн. Тэдний 86,6 хувийг хорих, найман хувийг баривчлах, 0,8 хувийг торгох ялаар шийтгэсэн. Насанд хүрээгүй хүүхдийг дунд нь оруулан шүүх хурлуудыг хаалттай хийж нэг ижижл стандартын шүүхийн тогтоолоор, зөвхөн овог нэрийг өөрчлөн ял оноосон. Насанд хүрээгүй хүүхдийн хэргийг хаалттай шүүдэг хуулийн заалтыг долдугаар сарын 1-ний хэрэг явдалд хэрэглэсэн. Бүгдийг цагдан хорьж байгаад ялласан.
Нийт 12 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж тэдгээр залууст бөөнд нь ял оноосон. Шүүх, ХЗДХЯ, Өмгөөлөгчдийн холбоо энэ талаар юу ч дуугараагүй. Харин үг хэлсэн хохирогчдын өмгөөлөгчдийн зөвшөөрлийг хураах асуудлыг ХЗДХЯ-нд Өмгөөлөгчдийн холбоо тавьж байсан.
Шөнө болсон иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүний эрхийн эсрэг хэрэгт хэн ч хэрэг хүлээгээгүй. Иргэдийг баривчилсны дараа цагдаагийн байр, эзэмшил газруудад маш олон хүнийг зодсон. Шүүх, прокурорын байгууллага дээрээс өгсөн заавраар ажилласан. Олон хүнээс ажлын хэсэгт гомдол ирсэн. “АК” буугаар цээж рүү нь цохиж байцаасан, “Чи чулуу шидсэн гээд мэдүүлчих, ялгүй үлдээнэ” гэж гуйж байцаагаад хэрэг хүлээлгэсэн гэх зэрэг гомдол ирж байжээ.
Жилийн дараа УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг байгуулж, Хүний эрхийн комиссоос илтгэл гаргасан. Уг илтгэлд “Хохирсон иргэдийн ар гэрээс уучлалт гуйх нь Монгол төрийн үүрэг мөн гэсэн дүгнэлт хийсэн.
Байраа шатаалгасан нам асар их мөнгийг төсвөөс авч, амиа алдсан иргэдийн ар гэрт тус бүр 50 сая төгрөг олгож, гэмтэж бэртсэн цагдаагийн ажилтнуудад нөхөн олговор олгосноор ажил шувтарсан.
Долдугаар сарын 1-ний асуудлаар УИХ нээлттэй сонсгол хийх гэхэд эрх зүйн орчин байгаагүй. Ингээд нээлттэй сонсгол явуулах журам боловсруулж байж анх удаа нээлттэй сонсгол хийсэн. Галт зэвсэг хэрэглэсэн гэдэг тал дээр Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуучин дарга Х.Жекей, дараагийн дарга Б.Бат-Эрдэнэ нараас эсэргүүцэл ирсэн. Галт зэвсэг хэрэглэсэн талаар УИХ дээр яриад ч үйл ажил болоогүй. УИХ мөрдөн шалгах эрхгүй гэсэн. Энэ талаар ярьсан хурал дээр Хууль зүйн сайд нь намайг “гөлөг” гэсэн. УИХ-д мөрдөн шалгах эрх өгөөгүй явдал нь дахин нээлттэй сонсгол хийх боломжгүй болгосон” гэлээ.
Үүний дараа эдгээр үйл явдал УИХ дээр болж байхад шүүхэд юу болов гэдгийг гишүүн үргэлжлүүлэн тайлбарласан юм. 2008 оны долдугаар сарын 2-нд хүний амь эрсэдсэн хэрэгт анх “Хүнийг санаатай алах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөн сарын 4-ний өдөр Улсын ерөнхий прокурорт эрх шилжүүлж галт зэвсэг хэрэглэсэн 16 цагдааг тогтоож Заамараас баривчилж авчирсан байна. Тэднийг тухайн хэрэг явдлын үед Улаанбаатарт байгаагүй гэж булзааруулахаар Заамар руу явуулсан байжээ. Тэднийг Ганцхудагт хориод байхад тэдгээр цагдаа нарын ээжүүдээс өөр хэн ч өмгөөлж үг хэлээгүй байна. “Дулаан хувцсаа бэлдээрэй. Хорих юм байна. Бид буудсан бууг янзална” гэж дээд удирдлага нь хэлж байжээ. Хурандаа Ш.Батсүхийг баривчлах гэхэд цагдаа нараар хамгаалуулж хэргийг юу ч биш болгосон. Гэтэл жирийн цагдаа нарыг баривчлахад хэн ч юу ч хэлээгүй аж. Одоо долоон цагдаа шалгагдаж байгаа бөгөөд тэдэнд хүний амь насыг бүлэглэн санаатай хороосон хэргээр цаазын хамгийн дээд хүнд ял ногдож болзошгүй байгаа ажээ.
“Зургадугаар тасгийн нэр бүхий албан хаагчдын тайлбарласнаар дэрээс буу, сум тарааж өгсөн. Хэний буудсан сум хэнийг оносныг тогтоогоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэжээ. Гэтэл жирийн иргэдийг болохоор хэний шидсэн ямар чулуу аль цонхыг хагалсныг тогтоогоогүй байж бөөнд нь хорих ял оноосон нь хууль хоёр нүүртэй үйлчилснийг гэрчилнэ гэж Х.Тэмүүжин гишүүн хэлж байлаа.
Хошууч генерал Ч.Амарболдод албан тушаалдаа хайнга хандсан, О.Зоригт, Ш.Батсүх нарт албан тушаалын хэрэг гэсэн ял төлөвлөөд Өршөөлийн хуульд багтаан өршөөжээ. Х.Тэмүүжин гишүүн цааш нь “Төр уучлалт гуйх ёстой” гэсэн Хүний эрхийн комиссын дүгнэлтийн гаргасан. Ингээд Онц байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарласан тул Ерөнхийлөгчөөр уучлалт гуйлгах нь зүйтэй гэсэн тогтоолын төслийг хэлэлцүүлэх гэсэн ч УИХ дээр МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн зүгээс саад бэрхшээлтэй тулгарсан. Д.Зоригт, Э.Мөнх-Очир нарын гишүүд унагая гэж байгаад унагасан. Харин Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аас үл хамааран уучлалт гуйсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн. Тэр хүн өнөөдөр шүүхийн үйл ажиллагааг хөндлөнгөөс зааж шүүхийг юу ч биш болгож байна. Энэ увайгүй хүнд хариуцлага тооцох уу, яах вэ. Цагдаа хүн буудсаныг тогтоосон мөртлөө хэн нь хүн буудсаныг тогтоогоогүй хэмээн хэргийг хаагаад байсныг хохирогчдын гомдлоор дахин сэргээсэн. Цагдаагийн дарга нар өөрсдөө Өршөөлийн хуульд хамрагдаж, харин тушаал биелүүлсэн жирийн цагдаа нар санаатайгаар, бүлэглэж, зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгагдлаа. Цагдаа нар “Бид тушаал авсан. Дээрээс тушаал өгч буу, сум тараасан. Бид тушаал заавар биелүүлсэн” гэж байгаа. Тэгэхээр энэ бол цагдаагийн дарга нар албан тушаалдаа хайхрамжгүй хандсан хэрэг бус цэргийн гэмт хэрэг болж байгаа. ЦЕГ-ын дарга бол мөн дотоодын цэргийн командлагч байдаг. Ч.Амарболд бол үүний дагуу дотоодын цэргийн командлагч байсан. Уг нь яг тэр 2008 оны эхээр хуулиас дотоодын цэрэг гэдгийг хасъя гэсэн. Зөвхөн социалист нийгэмд л нийгмийг буутай дотоодын цэргээр сахиулдаг. Тухайн үед дотоодын цэрэг гэдгийг хуулиас аваагүйгээс болж өнөөдөр Ч.Амарболд цэргийн гэмт хэрэгтэй болохдоо тулаад байна.
Жирийн цагдаа нарыг цаазын ялтай хэрэгт үлдээгээд цагдаагийн дарга нар Өршөөлийн хуульд хамаарагддаг. Цагдааг Ганцхудагт хориход юу ч хэлээгүй байж дарга нарыг аваад явах гэхээр бие нь муудаж сэхээнд хүргэгдээд байгааг юу гэж ойлгох вэ” гэлээ.
Цагдаагийн дарга нарын хэрэг 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд шүүхэд шилжиж, түүнээс хойш УИХ дахь МАН-ын бүлэг, ХЗДХ-ийн сайдын үйл ажиллагаа идэвхжсэн гэж байв. Энэ ажлаа сурталчлах гэж сонгуульд зардаг шиг их мөнгийг хэвлэлүүдэд тараасан. Үндсэн хуулийн Цэцийг татаж оролцуулсан. Өмгөөлөгчдийн холбоо ч татагдаж оролцсон. Шүүх хурал 2012 оны хоёрдугаар сарын 27, гуравдугаар сарын 14, 28-нд тус тус болж хойшилсон. Ял шийтгүүлсэн 275 хүний өмгөөлөгч телевизээр гардаггүй, цагдаагийн дөрвөн даргын өмгөөлөгч мөнгө төлөөд телевизээр гарч байна” гэж Х.Тэмүүжин гишүүн дэлгэрэнгүй мэдээллийнхээ төгсгөлд хэллээ. Мөн үймээний үеэр бэртэж гэмтсэн цагдаагийн ажилтнуудад төсвөөс нөхөн олговор олгосон баримтад “Цагдаа, дотоодын цэргийн албан хаагчдад” гэж бичсэн нь уг хэрэгт дотоодын цэрэг оролцсоныг гэрчилж байгаа гэсэн юм. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан генерал Ц.Тогоо “тухайн үед хуягт тээвэрлэгч, буу, сум зэргийг авч тоо ёсоор буцаан өгсөн” гэж Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай асуудал хэлэлцсэн хурал дээр хэлж байсан нь бас нэг баримт гэж Х.Тэмүүжин гишүүн хэллээ.
Үүний дараа гишүүн Э.Бат-Үүл “Хэргийг шалгах үйл явц хоёр нүүртэй болсон. Цагдаагийн дарга нар тушаал өгснөө хүлээхгүй бол тушаал гүйцэтгэсэн цагдаа нар бүлэглэж хүний амь хөнөөсөн хэргээр цаазын онц дээд ял хүлээх гэж байна. Нэн түрүүнд УИХ энэ хэрэг явдлын төлөө уучлалт гуйх ёстой. Үймээн сонгуулийн будилаанаас үүссэн. Ингэхээр УИХ хамгийн түрүүнд уучлалт гуйх ёстой байсан. Одоо шүүх институцыг нурааж эхэлж байна. Төрийн институциудыг нураах үйл ажиллагаа эхэлж аюултай зүйл рүү явж байна. Шүүх цагдаагийн дарга нарын хамгаалагч боллоо” гэлээ.
Гишүүн З.Энхболд “Долдугаар сарын 1-ний учрыг олох эрх зөвхөн шүүхэд бий. ХЗДХЯ шүүхийг ажиллах боломжоор хангахгүй байна. 275 хүний хэргийг канондсон мэт нэг ижил шүүхийн тогтоолыг УДШ-ийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Батсайхан гаргуулсан. Д.Батсайхан шүүгч “Манай намын байрыг шатаасан” гэж хэлсэн. Тэр хүн намын гишүүн байсан байж болно. Шүүхийн шийдвэрийг тэгж гаргуулж болохгүй байсан. Ц.Элбэгдорж шүүхийг хараат бус болгох чиглэлээр ажиллаж байна. МАН хуучнаа санагалзаж байна. Ялыг яаж зүйлчлэхээ Ц.Нямдоржоос асуух гээд байна. Хоцрогдсон хууль зүйн сайд одоо тэгж чадахаа больсон. Цаг чинь дууссан, Ц.Нямдорж оо” гэж байв.