МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ байгуулагдсаны 15 жилийн ой энэ өдөр тохиож байна. Анх 1997 оны дөрөвдүгээр сарын 5-нд МАХН-ын Залуу гишүүд, дэмжигчдийн III чуулган хуралдаж, “Залуус хөгжил” төвийг бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд шинэчлэн өөрчилж, МАСЗХ болгосноор хөгжлийн түүхэн замналаа тавьж байсан НАМЗХ эдүгээ 60 мянга гаруй гишүүнтэй, намын дэргэдэх залуучуудын байгууллага болон өргөжжээ. Нийгэм дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, улс төрд залуусын дуу хоолойг хүргэх, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох сонирхолтой залуусаа дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НАМЗХ 15 жилийн ойгоо олон бүтээлч ажил өрнүүлэн угтаж байна. Энэ өдөр НАМЗХ Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхарт “Залуус хөгжлийн төв”-ийг нээсэн юм. Энд залууст сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв, интернэт кафе, сургалтын танхим зэрэг олон төрлийн цогц үйлчилгээг үзүүлэх юм байна.
Мөн НАМЗХ “Оюунлаг ирээдүй сан”-г санаачлан байгуулж, “Монголын нууц товчоо” зохиолыг дөрвөн хэл дээр хөрвүүлэн гаргасан ажлаар ойгоо угтаж байгаа юм байна. Залуусын дунд нээлттэй судалгаа явуулж, “3P Гарц” хөтөлбөрийг боловсруулан НАМЗХ залуучуудын дунд тулгамдаж байгаа гол асуудлыг нэгтгэн, “Анхаа Халиуны 10 асуудал” нэртэй бодлогын хөтөлбөр боловсруулжээ. Түүнээс гадна “Би бодохдоo…..” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Би бодохдоо одоо Бид бодохдоо болж хоёрдугаар шатанд шилжсэн бөгөөд залуучуудын хувьд үзэл бодлоо илэрхийлэх хамгийн чөлөөт индэр болоод байгаа билээ.
Дашрамд сануулахад, 15 жилийн ойн хүрээнд Тусгаар тогтнолын ордны долоон давхарт гэрэл зургийн үзэсгэлэн мөн нээгдээд байна.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАРЬ