“Jessup Cup”-д Монгол оюутнууд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

“Jessup Cup”-д Монгол оюутнууд оролцоно

Олон улсын хуульч оюутны холбоо нь Олон улсын баарын /хуульчдын/ холбоо, Америкын баарын /хуульчдын/ холбоотой хамтран АНУ-ын Вашингтон хотод жил болгон олон улсын хуулийн сургуулиудын хооронд “Jessup Cup” хэмээх шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Энэ тэмцээн нь хууль зүйн салбарын хувьд дэлхийд хамгийн өргөн цар хүрээг хамарсан хамгийн томд тооцогдох Английн Кэмбриж, Оксфорд, Америкийн Харвард, Колумбын их сургууль, Оросын Москвагийн их сургууль, Хятадын Бээжингийн их сургууль зэрэг дэлхийн хамгийн шилдэг сургуулийн шилдэг оюутнууд өрсөлддөг томооохон тэмцээн юм байна. Энэ тэмцээнд Монголын оюутнууд оролцох болсон талаар 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр оролцоод ирсэн  Олон улсын баарын /хуульчдын/ холбооны гишүүн, Английн хуульчдын холбооны гишүүн, Америкийн баарын /хуульчдын/ холбооны гишүүн,  хуульч Р.Батрагчаа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Олон улсын энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсын их, дээд сургуулийн багуудыг оролцуулахаар Олон улсын хуульч оюутны холбоотой тохироод ирлээ. Тэмцээнд оролцох хуулийн сургуулийн оюутнууд англи хэлийг маш өндөр хэмжээнд эзэмшсэн байх шаардлагатай. Мөн өгөгдсөн сэдвийн хүрээнд олон улсын эрх зүйн актыг маш сайн судлахгүй бол Монгол Улсаа дэлхийд сайнаар биш муугаар суртчалчлах аюул нүүрлэж магад. Учир нь уг тэмцээнд оролцож байгаа багийн хоёр гишүүн тус бүр 25, 25 минутын хугацаатайгаар өгөгдсөн сэдвийн хүрээнд 2, 2 асуудлыг олон улсын эрх зүйн онол, практик дээр тулгуурлан хэлэлцүүлдэг. Харин шүүгчдийн зүгээс сэдэвтэй холбоотойгоор асуултуудыг асууж тодруулах журамтай. Саяны тэмцээнээс ажиглахад хэрэв хэлний мэдлэг муу бол шүүгчдийн асуултыг сайн ойлгохгүйгээс буруу хариулах, хариулж чадахгүй байх тохиолдол их гарч байлаа. Эсвэл олон улсын эрх зүйн нэр томъёо, зарим зохицуулалтын талаар асуухад мэдэхгүй байх, буруу хариулах зэргээр мэргэжилдээ тааруу байгаа байдал мөн ажиглагдсан. Эдгээр нөхцөл байдлууд нь хүртэл шүүгчдийн үнэлэгээнд нөлөөлнө. Иймд энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын нүүр царай болж оролцох ирээдүйн хуульчдыг сайн бэлтгэн дасгалжуулах шаардлагатай юм билээ. Тэгэхгүй бол бид Монгол улсаа сайнаар бус сөргөөр суртчилж мэднэ. Хэрвээ энэ тэмцээний талаар сонирхож байгаа хуулийн их дээд сургуулиуд байгаа бол эртнээс бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй гэж зөвлөх байна” гэв. Энэ жил 53 дахь удаагаа  гуравдугаар сарын 25-31-ний хооронд АНУ-ын Вашингтон хотын Капитал Хилтон зочид буудалд болж өнгөрсөн байна. Дэлхийн аварга шалгуулалтанд 80 гаруй орны 600 орчим их сургуулиуд өрсөлдснөөс аваргаар Москвагийн их сургууль шалгарч, ам хүзүүнд АНУ-ын Колумбын их сургууль шалгарчээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж