Спрайт супер лигийн “Бүх Оддын тоглолт” боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Спрайт супер лигийн “Бүх Оддын тоглолт” боллоо

Амны цангааг тайлж сэнгэнэсэн цэвэр амтаараа хэрэглэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээгдэхүүн бол яахын аргагүй Спрайт ундаа билээ. Спрайт ундааны Эрч хүчний тэсрэлт өгдөг жинхэнэ цэвэр амтнаас нь гадна хүүхэд, залуус сагсан бөмбөгтэй салшгүй холбож үздэг. Үүний учир нь “М-Си-Эс Кока Кола” “TLG13”ТББ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сагсан бөмбөгийн СПРАЙТ ХӨГЖЛИЙН ЛИГ болон СПРАЙТ СУПЕР ЛИГИЙН тэмцээн юм.

2 сарын 4-нд эхэлсэн Спрайт супер лигийн “Бүх Оддын тоглолт” 2012-03-31өдөр хөдөө орон нутагт буюу Орхон аймгийн Эрдэнэт хотноо анх удаа амжилттай боллоо. Лигийн аялан тоглолтын хүрээнд болсон энэ жилийн “Бүх Оддын тоглолт”-ыг  “М Си Эс Кока Кола” компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав нээсэн бол “ТВ коктейль” хамтлагийн жүжигчид болох Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал нар хөтлөсөн юм. Мөн “Бүх Оддын тоглолт”-нд “Asian beat” наадмын шилдэг дуу хоолой, Coke’n beat наадмын ялагч амьд хөгжмийн “The Compass” , DJ ULZII өөрийн шинэлэг хөгжим гэрлийн  шоу үзүүлсэний зэрэгцээ   “Extacy” хамтлаг ая дуугаа өргөлөө. 

SPRITE ALLSTAR ERDENET 2012 тэмцээний хамгийн том бэлэг МУГТ, ОУХМ  Ц.Шаравжамц хүрэлцэн ирж  залуучуудтай мөр зэрэгцэн тоглож үзэгчдийг баярлуулсан явдал юм.

“Бүх Оддын тоглолт” уламжлал ёсоор шилдэг тоглогчдын хоорондох тэмцээнээр эхэлсэн. Лиг эхэлснээс хойш статистик үзүүлэлтээр багаа төдийгүй лигийн залуусыг тэргүүлсэн тоглогчид  баруун зүүн гэсэн хоёр багт хуваагдан өрсөлдсөн юм. Тэмцээний эцсийн дүнд  МУГТ, ОУХМ  Ц.Шаравжамцаар ахлуулсан зүүн бүсийн тамирчид 58:54 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авлаа.  “Бүх Оддын тоглолт” –ын “Үнэ цэнэтэй тоглогч”-ийг хожил  авсан багаас тодруулдаг уламжлалтай бөгөөд “Дархан” багийн шилдэг тоглогч С.Мөнхтүвшин тодорлоо. Тэрээр тус тоглолтонд 22 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 2 бөмбөг таслалт гүйцэтгэж бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Түүний хувьд  лиг эхэлснээс хойш нэг тоглолтонд 25,8 оноо дундчилж, лигийн бүх тоглогчдоос нэг тоглолтонд оноо авалтаараа тэргүүлж байсан юм. “Бүх Оддын тоглолт”-ын “Үнэ цэнэтэй тоглогч” маань 1.000.000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээр шагнагдлаа.

“Бүх Оддын тоглолт”-ын “3 онооны шидэлтийн тэмцээн”-д нийт долоон тоглогч өрсөлдсөнөөс аваргын төлөө аваргаа хамгаалж буй “ОТИС” багийн н.Эрдэнэбаяр,  “Эрдэнэдрийлинг RIGS” багийн Г.Нямбаяр, “Танан Импекс” багийн Ц.Отгонсүх нар өрсөлдсөн. Хамгийн их буюу 11 оноог алсын зайнаас цуглуулж чадсан “Эрдэнэдрийлинг RIGS” багийн Г.Нямбаяр түрүүлж, шинэ аварга боллоо. Шинэ аварга 500.000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлийн эзэн болсон юм.

Багийн эзэн, тоглогчидтойгоо хамтран оролцдог “Багийн тэмцээн”-д “Танан Импекс”, “Орчлон Мон торх”, “ОТИС”, ИНЕГ-ын “Буянт Ухаа” багууд өрсөлдлөө. Тус тэмцээний аваргаар “ОТИС” баг хамгийн бага хугацаанд буюу 26 секундэд тогтоосон газруудаас шидэлтээ амжилттай болгож аварга боллоо. “ОТИС” багийн бүрэлдэхүүнд багийн эзэн Р.Чулуунбаатар, тус багийн тоглогч Г.Олдохбаяр, Ж.Батболд нар оролцож 500.000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлсээр шагнууллаа.

“Бүх Оддын тоглолт”-ын “Skills challenge”  буюу “Ур чадварын тэмцээн”-д нийт дөрвөн тоглогч өрсөлдсөнөөс “Эрдэнэдрийлинг  RIGS” багийн Б.Баярбат эхний шатанд 32 секунд, шийдвэрлэх үед 32 секундэд даалгавраа гүйцэтгэж, шинэ аварга боллоо. Спрайт супер лигийн шилдэг холбон тоглогчдын нэг Б.Баярбат  лиг эхэлснээс хойш нэг тоглолтонд 5,38 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байгаа билээ. “Ур чадварын тэмцээн”-ий аваргад 500.000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээр шагнагдлаа.

“Бүх Оддын тоглолт”-ын үзэгчдийн хамгийн үзэх дуртай тэмцээн бол Slam dunk буюу “Цагиран дээрээс довтлолтын аварга“ шалгаруулах тэмцээн юм. Тус тэмцээнд нийт дөрвөн слэм данкчин оролцсон.  Аваргын төлөө “УБЦТС ХК” багийн А.Бямбадорж, н.Ивээл нар өрсөлдсөн юм. Тэмцээний эхнээс шүүгчид болон үзэгчдийг гайхалтай үзүүлбэрээр гайхшруулж байсан “УБЦТС ХК” багийн А.Бямбадорж эхний шатанд 50, хоёр дахь шатанд 50, шийдвэрлэх аваргын төлөөх үед 49 оноогоор  “Цагиран дээрээс довтлолтын аварга“ боллоо.  Шинэ цагиран дээрээс довтлолтын аварга маань 500,000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлсээр шагнагдлаа.

Ийнхүү тэмцээн бүр сонирхолтой болж, Эрдэнэт хотын сагсан бөмбөгт дуртай үзэгчдийг огтхон ч уйдаагаагүй  “Бүх Оддын тоглолт”  амжилттай боллоо. Лигийн Play off-н тоглолтууд Улаанбаатар хотноо “Тэмүүжин” спорт зааланд үргэлжлэн явагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж