Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарын тайлбараар бол хуулийн төсөлд байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбоотой тусгайлсан заалтууд оруулсан. Тодруулбал, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй компанид хэдэн төгрөгийн торгууль ногдуулаад өнгөрөх бус нөхөн төлбөр ногдуулна. Тавантолгойгоос-Гашуун сухайт хүртэлх байгаль орчинд учирсан хохирлыг тооцож үзэхэд 50 тэрбум төгрөг гэсэн үнэлгээ гарсан. Эл хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхэд энэ мэтээр байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоож, нөхөн төлбөр ногдуулах учраас энэ мэт асуудал нэлээд цэгцрэх боломжтой гэж үзэж байна. Мөн орон нутагт ажиллахдаа Оюутолгой, Тавантолгой зэрэг компаниудад гүний усыг боломжит хэмжээнээс нь хэтрүүлж ашиглаж болохгүй. Гадаргын усыг ашиглах чиглэлээр одооноос эхлэн боломж нөхцөл хайж энэ чиглэлээр хөрөнгө оруулалтыг одооноос эхлэн бий болгох ёстой гэсэн чиглэлийг өгсөн гэдгээ онцоллоо. Мөн Оюутолгой зэрэг компаниудын хувьд уул уурхайд ашигласан усаа дахин ашиглах чиглэлийн технологийг ашиглахаар судалгаа хийж эхэлсэн гэх мэдээлэл ч дуулдаж буйг энэ үеэр салбарын сайд хэллээ.
Гэхдээ гишүүдийн сануулснаар УИХ-аас байгаль орчныг хамгаалахтай холбоотой хуулийн төсөл батлаагүй биш баталсан. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс урт нэртэй хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан ч хэрэгжилтийн шатанд явахгүй байгаа. Хууль батлагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн ч төр нь уул уурхайн компаниудын өмнө хүчин мөхөстсөн. Уг нь уул уурхайн команиудын байгальд учруулсан хохирол хэмжээлшгүй атал “Гол мөрөн, ойн сан бүхий газарт олгосон лицензийг цуцалбал өнгөрсөн хугацаанд хайгуул болоод ашиглалтын чиглэлээр явуулсан зардлаа төрөөр нөхөн төлүүлнэ” гэх мэтчлэнгээр хууль хэрэгжүүлэх субьектээ эргээд шантаажинд оруулан асар их тэрбум төгрөгийг нөхөн төлбөр хэлбэрээр нэхэх болсон. Тиймээс одоо хэлэлцэж байгаа Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль батлагдлаа гэхэд урт нэртэй хуулийн нэгэн адил хэрэгжүүлэх шатанд бэрхшээл гарах вий гэдгийг тэд болгоомжлуулж байна.
Энэхүү Байгаль орчныг хамгаалахтай холбоотой багц хуулийн төслийн хүрээнд дан ганц уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой асуудал хөндөгдөхгүй байна, гал түймэрт өртсөн ойг хэрхэн нөхөн сэргээх, хөрсний бохирдол, тэр дундаа хөдөөд хог хүчрэгдэхээ больсон. Хөрөнгө мөнгө байдаггүйгээс хаа дуртай газраа иргэд хогоо асгаж байгаль орчинг их хэмжээгээр бохирдуулах болсон. Энэ мэт асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулахаар заалт оруулаад байна вэ гэдэг асуудлыг ч гишүүд нэхэл хатуутай асууж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.