Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Дуучин Г.Тэнүүн гэхээр л сонсогч, үзэгчид “аан нөгөө “Зугаалга”, “Худлаа даа”-г дуулдаг залуу” гэж ярьдаг. Тэгвэл дуучин Г.Тэнүүн анхны цомгоо гаргажээ. Нэр нь “Picnic”. Тэрбээр анхны цомгийнхоо талаар “Г.Тэнүүний ертөнц. Бүх дуу нэг, нэг өнгийг илэрхийлсэн. Тиймээс нүүр хуудсыг дуу бүрийнхээ өнгөөр хийсэн. Миний ертөнцөөр зугаалаад гар гэсэн утгатай цомог” хэмээн тайлбарлаж байна. Тэрбээр “Picnic” цомгийнхоо нээлтийг энэ сарын 8-нд буюу ирэх ням гаригт 14.00 цагт “Hi-Fi Mega Store”-т хийх гэж байгаа юм. Дуучин Г.Тэнүүний ертөнцөөр хамтдаа зугаалъя.

1.    Picnic

“Picnic” буюу “Зугаалга” бол миний анхны дуу. Энэ дууг маш санамсаргүй байдлаар дуулсан байгаа. Аяыг нь Г.Онон, үгийг Д.Анхбаяр зохиосон. Энэ дуу “Introduction To Nomads” цомогт багтсан ганц дуу. Бусад нь дан ая байсан. Энэ дууны хамгийн өвөрмөц нь юундаа байна гэхээр хөгжимдөө байна. Энэ бол зургаан бадаг дуу ямар ч дахилтгүйгээр явдаг. Дахилт нь ерөөсөө л бүрээн эгшиг байдаг. Хөгжмийн хувьд нэгэн хэвийн, үгийн хувьд үйл үг ороогүй дан тэмдэг нэр, нэр үг хоёроор үйл явдлыг тодорхойлдог. Энэ нь тухайн үедээ 2008 онд оны шилдэг дуу болж байсан. Маш шинэлэг дуу гэж ойлгож болно.

2.    Худлаа даа

“Худлаа даа” дууг би Mr.Dogs-ийн Боботой хамтарч дуулсан байгаа. Энэ бол 2006 онд манай ах хийчихсэн байсан. Үгийг найруулагч З.Батболд ах бичсэн. 2008 онд би дуулаад гаргачихсан. Харин сүүлд 2009 онд “Гоёлын даашинз” киногоо хийгээд энэ дууны утгатай таарах үйл явдал кинон дээр нь гараад тэгээд л ер нь “Гоёлын даашинз” киноны дуу болгоё гээд шийдсэн. Клипийг нь бол би кино гарснаас хойш жилийн дараа Бени гээд найзаараа хийлгэсэн. Энэ дууны утга нь бол “Чи надад хайргүй гэж хэлсэн ч худлаа даа, чи надад хайртай л байгаа” гэж байгаа юм.

3.    Хайртай

“Хайртай” бол бас л киноны дуу болчихсон юм. Уг нь миний дуунууд бүгд киноны дуу биш л дээ. Киноныхон аваад, ашиглачихдаг юм. “Хайртай” дууны үгийг “Төрийн дайсан” киноны найруулагч П.Дэлбэрбаяр ах бичсэн. Тэгээд л “Төрийн дайсан” кинотой таараад тэр кинотой холбогдсон. Уг нь кино гарахаар нэг жилийн өмнө гарчихсан дуу л даа. Энэ дуу бол миний гурав дахь дуу байсан.

4.    7 сарын 1

Quiza долдугаар сарын 1-ний, тэр аймшигт шөнө энэ дууны үгийг бичсэн дуу байгаа. Энэ бол улс төрийн шинжтэй, аль нэгийн намын захиалгат дуу бол биш. Зүгээр л, хоёр нам улс төрийн балиар асуудлаас болж таван хайран залуу амь үрэгдлээ, энэ таван амь үрэгдсэн залуугийн өмнөөс Quiza бид хоёр дуулж байгаа юм. Дууны утга нь. Сүнс нь дуулж байгаа юм шиг л. Аяыг манай ах Г.Онон бичсэн. Тэгээд энэ дуу гарчихсан байсан чинь жилийн дараа “7 сарын 1” гэдэг кино гарсан юм. Тэгээд л энэ дууг чинь авъя гээд клипийг нь хийж өгөөд тэгсэн “UBS Music Video Awards”-ын шилдэг санаагаар тодорч байсан юм.

5.    Хамт байвал болох уу?

 Бас л миний өөрөө хийж байсан дуу. Үгийг З.Батболд ах, аяыг Г.Онон бичсэн. Цацахад бэлэн болгоод өнөө маргаашгүй цацах гэж байхад “Амьдралд тавтай морил” кино гараад, клип хийж өгье гээд энэ дууг маань авсан. Тэгээд “Амьдралд тавтай морил” киноны дуу болсон юм даа.

6.    Франц үнсэлт

“Франц үнсэлт” дууг бол жинхэнэ кинонд нь зориулж хийсэн дуу. Хэдэн найзуудтайгаа хамт хийсэн “Франц үнсэлт” киног. Г.Анхбаяр найруулагчаар, Ice гээд зураглаач, Quiza бүх үгэн дээр нь ажилласан, киноны хөгжмийн найруулгыг би өөрөө хийсэн. Тэгээд л Quiza-тай хамт дуулж, кинондоо зориулж хийсэн албан ёсны дуу нь юм. Регги стильтэй болгож, энэ дуугаа хийсэн юм.

7.    Болзоонд

Энэ цомогт маань яг кинонд зориулж хийсэн дуу гэвэл хоёр л байгаа. Тэрний нэг нь “Болзоонд”. “Амьдралд тавтай морил” кинонд зориулж хийсэн юм. Энэ киноны хөгжмийн зохиолчоор нь Оки ажиллаж байсан. Оки энэ дуугаа надад зориулж хийсэн. Оки бид хоёрын хамтарч ажилласан дуу юм.

8.    Хайрын сонат

“Франц үнсэлт” киноны анх ажлынх нь нэр нь “Хайрын сонат” байсан. Кинотой бас маш гоё холбогдож байгаа. Гэхдээ Quiza “Франц үнсэлт” киноны нэг хэсэгт нь ашигласан. Түүнээс яг киноны дуу болоогүй. Гэхдээ энэ дууг гадуур нэг ч цацаагүй. Киног үзсэн үзэгчид “Хайрын сонат”-ыг сонсмоор байна гэсэн хүсэлтийг маш их ирүүлсэн.

9.    Мөнхийн ус

“Мөнхийн ус” бол Бат-Оргил ахын дуу. “Франц үнсэлт” киноны зохиол нь энэ “Мөнхийн ус” дуунаас үүдсэн гэж бодож байгаа. Амьдралд хичнээн сайхан байж болж, мөнх насалж ч болно. Гэхдээ хайраа олохгүй бол хичнээн гунигтай вэ гэсэн утгатай. Бат-Оргил энэ дууг намайг дуулахыг зөвшөөрсөн. Гэхдээ би кинонд дуулсан яг тэр хувилбараар нь хийвэл хүмүүст илүү таалагдах болов уу гэж бодсон. 

Г.Тэнүүний ертөнцөөр аялахад таатай байсан гэдэгт итгэж байна. Тус цомгийг сонсоод суухад нэг л амар, амгалан, тайван мэдрэмжийг төрүүлснээ хуваалцмаар байна. Цомгийг дуучин залуу ямар ч ивээн тэтгэгчгүйгээр гаргасан гэсэн. Тиймээс өөрийнхөө сонсогчдод зориулан, цөөн тоогоор хэвлэснийг дуулгая. Тус цомог нь энэ сарын 8-наас эхлэн “Hi-Fi Records”-ын бүх салбараар 10,000 төгрөгөөр худалдаалж эхлэх юм билээ. Амжиж аваарай, дууг нь сонсоод Г.Тэнүүнтэй хамт найман өнгийн ертөнцөөр зугаалаарай.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж