”Хүүхдийн эрхтэн шилжүүлэх мэс засал хийдэг болно”

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

”Хүүхдийн эрхтэн шилжүүлэх мэс засал хийдэг болно”

Энэ удаагийн "Чухал хун" буланд ЭХҮТ-ийн Эмнэлгийн Тусламж Үйлчилгээний
Чанарын албаны дарга, Хүүхдийн их эмч, клиникийн профессор
А.Оюунчимэгийг урилаа.

Хүүхдийн сэхээн амьдруулах тасагт 27 жил ажилласан тэрбээр ганцхан дуу
дуулснаа их юманд тооцдог "одонцоруудын" дэргэд хийсэн зүйлтэй, ярих
бүтээлтэй жинхэнэ "Чухал хүн" ажээ.

-Эмч болсон түүхээс тань ярилцлагаа эхэлье?
-Би бүр багаасаа эмч болохыг хүсдэг байлаа. Учир нь намайг гуравдугаар
ангид байхад аав маань зүрхний шигдээсээр гэртээ байж байгаад шөнө нас
барчихсан юм. Нас бараад бүтэн цагийн дараа түргэн тусламж ирсэн
болохоор аавд маань ямар ч эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй.

Тухайн үед хүүхэд байсан болохоор аавыгаа зүрхний шигдээсээр нас барсныг
ойлгохгүй зүв зүгээр байсан хүн яагаад гэнэт байхгүй болчихов, яагаад
нас барчихав гэж гайхдаг байсан. Энэ бүхний учрыг олохын тулд эмч болох
хэрэгтэй гэдгийг бүр жаахан байхдаа ухаарсан юм. Улмаар эмч болохоор
эргэлт буцалтгүй шийдсэн хэрэг. Эмч болохдоо бэлдэж байгаа нь энэ гээд
зургаадугаар ангид байхдаа дэрэн дээрээ улаан утсаар хонин холбоо оёод
ээжээсээ нууцаар тариураар түүн рүүгээ тарьдаг байв.

Хүний судас олж байгаа нь тэр. Ингэж л сургуульд байхаасаа эмч болох гэж
хичээдэг байлаа. Нөгөөтэйгүүр ээж маань эмзүйч, аав маань химийн багш
байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Улмаар
1977 онд Говь-Алтай аймгийн нэгдүгээр арван жилийг төгсөөд Улаанбаатар
хотод оюутан болж ирсэн. Тэгээд 1985 онд хуучнаар Анагаахын дээд
сургуулийг төгсөөд Говь-Алтайд хуваарилагдаж байлаа. Ингэж л эмч болох
гараагаа эхэлсэн дээ.


-Төгсөөд шууд хүүхдийн эмч болсон уу?

-Би 1985 онд Анагаахын дээд сургуулийг ерөнхий эмчийн мэргэжлээр
төгссөн. Тэгээд хөдөө орон нутагт эмч дутагдалтай байгаа гээд бидний 10
гаруй хүүхдийг Говь-Алтай аймаг руу томилсон юм. Оюутан байхдаа нутагтаа
дадлага хийсэн болохоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт очихдоо
дуртай байсан. Хотоос хамт томилогдсон хүүхдүүд маань суманд эмчээр
очоод намайг хүүхдийн сэхээн амьдруулах тасагт хуваарилсан. Хүүхдийн
чиглэлээр мэргэшээгүй дээрээс нь сэхээн амьдруулах тасагт ажиллахаар
болоод сэтгэлээр их унаж билээ.

Учир нь хүүхдийн талаар огт мэдэхгүй. Тэгээд сэхээн амьдруулах тасагт
хүнд хүүхдүүдтэй ажиллана гэдэг маш хэцүү санагдаж байсан. Тухайн үеийн
эмнэлэг, тоног төхөөрөмжийг  одоогийнхтой харьцуулшгүй. Хөдөөний
жижигхэн эмнэлэгт боловсон хүчин, тоног төхөөрөмж зэрэг тухайн үед
дутагдалтай зүйлс их байсан.

Тухайлбал, 1980-аад онд хүүхдийн эндэгдэл маш их байв. Уушигны хатгаа нь
хүндэрсэн хүүхэд ирэхэд зарим нь хоногтоо нас барна, нөгөө хэсэг нь бүр
хүндэрчихсэн байх жишээтэй. Харин миний аз болоход дөнгөж төгссөн шинэ
эмчийг маш чадварлаг хамт олон угтсан юм. Тухайн үед надтай хамт ажиллаж
байсан эмч, сувилагч нар одоо бүгд гавьяат болчихсон, зарим нь
Аптангадас хүртсэн байна. Түмхүү, Буянбат гэдэг эмч нартай гурвуулаа
1985 оноос 1991 оныг хүртэл зургаан жил Говь-Алтай аймгийн нэгдсэн
эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах тасагт хамтдаа зүтгэсэн.

Тэр хоёр маань ёстой миний гарыг ганзганд, хөлийг дөрөөнд хүргэж өгсөн
дөө. Яаж хүүхэдтэй харьцах, хүүхдийн өвчнийг хэрхэн оношлох зэрэг бүхий л
зүйлийг зааж, сургасан юм.

-Орон нутгийн эмч нар дуудлагад их явдаг. Анхны дуудлагаа хаанаас авч байв?
-Бид бараг өдөр бүр дуудлагад явдаг байсан. Тухайн үед өвчлөл их, говийн
айлууд тархмал амьдарна. Энүүхэнд гэж заасан нь маш хол газар байх
жишээтэй. Анх дуудлагад очоод жолоочийгоо энүүхэнд гэж заахаар нь ойрхон
давхиад очих нь гэж бодож байтал Хятадын хил хүртэл явдаг байгаа. Энэ
мэтчилэн хөгжилтэй явдал бишгүй тохиолдсон. Анхны дуудлагаа Говь-Алтай
аймгийн Алтай сумаас авч байлаа. Явж байхдаа Хятадын хил рүү мэдэхгүй
давчихвал тамлагддаг гэсэн. Хятадын хил рүү орчих вий гэж дотроо айгаад л
яваад байлаа.

Гэтэл жолооч маань яагаад чичрээд байгаа юм айгаад байгаа Юм уу гээд
инээж байна. Тэгэхээр нь би Хятадын хил рүү давчих вий гэж айгаад гэтэл
насаараа жолоо мушгисан ах нь замаа мэдэлгүй яахав дээ гээд учиргүй
инээж билээ. Арай гэж явсаар шөнө дунд айлдаа очоод хонохоор болтол
шөнөжин илжиг орилоод унтуулаагүй юм даг. Ер нь Алтай сум одоо ч гэсэн
их илжигтэй гэсэн. Тэгээд илжиг орилоод Хятадууд ороод ирэх юм шиг
санагдаад тэр шөнө суугаагаараа хонож билээ. Дуудлагад явж байхад замын
айлууд улаан даавуугаар даллана. Хоорондоо их зайтай байдаг болохоор
говийн айлууд биднийг дуудаж байгаа нь тэр. Яваад орохоор хүний хүслэн
болсон хүмүүс цай, хоолоор дайлаад сүйд болдогсон. Иймэрхүү байдалтай
хөдөө зургаан жил ажиллаад хотод ирсэн юм.

-Тухайн үед хүүхдийн эндэгдэл их байсан гэлээ. Зүрх шимширмээр тохиолдолтой бишгүй улгарч байсан байх?
-Төвөнхийн бачуурлаар тухайн үед том хүүхдүүд их энддэг байлаа. Одоо бид
шууд гуурс тавиад эмчилж байна. Харин тухайн үед ийм эмчилгээ байхгүй
байсан болохоор хүүхдүүд маш их энддэг байсан. Дөнгөж эмч болчихоод
удаагүй байхад нэг хүүхэд төвөнхийн бачуурал гэсэн оноштойгоор эмнэлэгт
хэвтэж байгаад боорцгоо барьсан чигээрээ нас барсан байсан. Хүн хүч
дутмаг болохоор өдөр бүр жижүүртэй хононо. Хоногт л 2-3 хүүхэд энддэг
тийм аймаар үе байсан юм шүү дээ. Хүүхэд нь эндсэн тухай ар гэрийнхэнд
нь мэдэгдэх шиг хэцүү зүйл байхгүй.

Зарим нь бидэнд гомдоно, уурлаж, загнана. Аргагүй шүү дээ төрүүлсэн үр
хүүхдээсээ хагацах шиг амьдын там байхгүй юм чинь. Би одоо бодож байхад
зөвхөн эмчээр ажиллаад зогсохгүй сэтгэлзүйчээс дутуугүй мэдлэгтэй болсон
байна. Эмч хүн өдөр тутам хүнтэй харьцана. Ялангуяа миний хувьд
амьдралынхаа 27 жилийг хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчлэхэд зориулсан байна.
Тиймээс харилцах урлагт гайгүй сайн суралцсан гэж боддог. Сэхээн
амьдруулах тасагт өдийг хүртэл ажиллахдаа хэцүү бүхэнтэй нүүр тулж, их ч
юм үзсэн дээ.

-Картын бараанд дугаарласан хүндхэн үеийг та туулжээ. Тухайн үед
хүмүүс эрүүл мэнддээ анхаарах нь бүү хэл хоногийн хоолоо яая гэж байсан
үе шүү дээ?

-Би хотод ирээд багштайгаа уулзахад хуучнаар ЭНЭШТ-ийн хүүхдийн сэхээн
амьдруулах тасагт ажиллах санал тависан юм. Цаанаасаа л хүнд хүүхдүүдтэй
ажиллах тавилантай юм шиг байгаа юм. Ерөөсөө л 1990-ээд оны үед хот,
хөдөөд ялгаагүй шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй эмнэлгийн тусламж
үйлчилгээний чанарын талаар яриад ч хэрэггүй тийм л үе байсан. Өвчлөл
буурахгүй, жил ирэх тусам нэмэгдсэн, эм тариа олдохгүй хэцүү үеүд
байлаа.

Тиймээс ч надтай хамт ажиллаж байсан эмч нар маань зарим нь ганзгын
наймаанд мордож, үлдсэн нь гадагшаа хараар ажиллахаар явсан юм. Харин
1985 оноос хойш хамт ажилласан Эрдэнэчимэг эмч бид хоёр замын дундаас
орхилгүй өдий хүртэл 30-аад жил хүүхдүүддээ үнэнч ажилласан байна. Тэр
үед ампицилин ч олддоггүй л байсан шүү дээ. Боломжтой нэг нь бидний
захисан эм тариаг олоод ирнэ.

Нөгөө хэсэг нь хүүхдээ тэвэрсээр байгаад л алддаг байсан даа хөөрхий.
Илт нүдэн дээр амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад бид ганц цаг ч болов
амьсгалын аппаратанд оруулаад амийг нь аварчих юмсан гэж боддог байсан.
Тухайн хүүхдийн биеийн байдал ямар байгааг бид мэдэж байгаа хэрнээ яаж ч
чаддаггүй байсан. Шаардлагатай тоног төхөөрөмж нь байхгүй юм чинь
харамсахаас цаашгүй. Яанаа энэ хүүхэд үхлээ ш дээ гээд л дор дороо хий
сандралдсан тийм хүнд үеийг бид туулсан. Харин одоогийн эмнэлгийг
1990-ээд онтой харьцуулахад хааны ордон гэсэн үг.

-Сүүлийн жилүүдэд хүүхдийн эмч ховордож байна гэх боллоо?
-1995-2000 оны хооронд хүүхдийн эмч үнэхээр дутагдалтай байсан. Бараг
албан хүчээр эмчилгээний анги төгссөн залуусыг хүүхдийн эмч болгодог
байлаа. Харин сүүлийн жилүүдэд яамны зүгээс хэрэгжүүлж буй бодлогын
хүрээнд хүүхдийн эмч бэлтгэгдэж байна. Ер нь сургууль төгсч байгаа
залуусыг ажиглаад байхад нэг хэсэг нь эмэгтэйчүүд, нөгөө хэсэг нь шүд,
нүдний эмч болж байна. Ашиг сонирхлын үүднээс залуус энэ чиглэлийг
сонгодог байх. Харин хүүхдийн эмч боллоо гэхэд хувийн эмнэлэг байгуулаад
бизнес хийх боломжгүй. Тэгээд ч хүүхэд том хүн пшг энд өвдлөө, ингэлээ
гээд ярьж чадахгүй. Уйлж биднийг сандаргадаг. Тиймээс хүүхэдтэй ажиллах
нь тухайн хүнээс маш их тэсвэр, мэдлэг, чадвар шаарддаг. Би 27 жил
ажиллаж байгаа ч гэсэн одоо ч суралцсаар л байна.

-Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд ямар өвчлөл зонхилж байгаа вэ?
-Монголын хувьд өвөл нь ханиад уушигны хатгаа, зун нь суулгалт гэсэн
хоёр төрлийн өвчин хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг. Цэцэрлэгийн
насныхан шүд, уушигны хатгаагаар ихэвчлэн өвддөг бол сургуулийн
насныханы хувьд бөөрний өвчлөл түгээмэл байгаа. Манай эцэг эхчүүд
хүүхдээ огт хайхардаггүй. Ханиалгаад явж л байдаг. Ингэж байгаад
эдгэчихдэг гээд тоохгүй орхидог.

Гэтэл хүүхэд ханиад хүрээд ямар ч эмчилгээ хийхгүй байхад гурван
хоногийн дотор үхэх аюултай. Уг нь тухайн хүүхдийн асран хамгаалагч нь
ханиад хүрсэн даруйд нь өрхийн эмнэлэгтээ хандаад эдгэхгүй бол дараа,
дараагийн шатны эмнэлэгт хандахад болно. Гэтэл хайхрахгүй явсаар байгаад
хүндэрсэн хойно нь манайх руу тэврээд ирдэг. Зарим нь эмчилгээ авна,
бүр хүндэрсэн нэг нь эцэг, эхийнхээ хариуцлагагүй байдлаас болоод
энддэг.

Түүнчлэн бид золгүй тохиолдлоор өвдсөн хүүхдүүдийг хүлээж авдаг юм.
Тухайлбал, гэртээ тоглож байгаад ээжийнхээ төмрийн бэлдмэлийг санаандгүй
уусан хоёр настай хүүхэд манай эмнэлэгт нас барахад ээж нь төрөх тасагт
амаржиж байсан тохиолдол ч бий. Өвөө, эмээ, аав, ээж нь зүрхнийхээ,
даралтныхаа эмийг хаа сайгүй замбараагүй хаядаг. Тэрийг нь хүүхдүүд авч
залгиад хордох тохиолдол байнга гардаг.

Мөн хулгана, жоом, ялааны хорыг идээд хордож нас барах тохиолдол ч бий.
Тэгэхээр хүүхдийн асран хамгаалагч нь маш анхаарал, болгоомжтой байх
шаардлагатай. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ өвдсөн даруйд нь эмнэлэгт
ханддаггүй. Шөнөжин уйлуулаад, хүндэрсэн хүүхдээ өглөө нь тэврээд ороод
ирдэг. Хүүхдийн онцлог нь маш түргэн биеийн байдал нь муудаж, хурдан
сэргэдэг. Тэгэхээр шөнөжин тэврээд хонох биш өвдсөн даруйд нь эмнэлэгт
хавдах хэрэгтэй.

-Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эмнэлгүүдийн хувьд маш их ачаалалтай ажилладаг. Энэ ачааллыг яаж бууруулах вэ?
-Манай эмнэлэг сардаа таван мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ үзүүлдэг. Алтан гахай жилд төрөлт нэмэгдэхэд эмнэлгийн ачаалал
эрс өссөн. Түүнчлэн хөдөөнөөс хот руу шилжин ирж байгаа иргэд бидний
ажилд маш их бэрхшээл учруулж байна. Өөрөөр хэлбэл Завханаас ирсэн
Доржийнх Яргайтын задгайд гэрээ бариад ямар ч хаяг, бүртгэлгүй 34 жил
амьдарсан байдаг.

Тэгээд өвдөөд түргэн дууддаг, эмнэлэгт хэвтэх болоход тодорхой оршин
суух хаяггүй байх жишээтэй. Яармагт хүүхдийн шинэ эмнэлэг барьж байгаа
гэсэн. Эрүүл агаартай газар шинэ эмнэлэг ашиглалтад орвол сайн хэрэг.
Энэ мэтчилэн эмнэлгийнхээ тоог нэмэгдүүлж, асуудлаа шийдвэл бидний
ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэнд, амь нас аврагдана. Намайг анх ажилд
ороход хүүхдийн хоёр тасагтай байсан бол нэг хэсэг төрөлт буурахад
тасгийнхаа тоог цөөлсөн юм.

Харин одоо эргээд төрөлт нэмэгдэхээр яах аргагүй хүүхдийн эмнэлэг
шаардлагатай болж байна. Ер нь хаа сайгүй байшин, барилга барьж болоод
байгаа юм чинь хэдэн эмнэлэг барьчихаж болох байлгүй дээ гэж боддог юм.
Үнэнийг хэлэхэд надад телевиз үзэж, сонин хэвлэл унших ч зав гардаггүй.
Эндээ эргэлдсээр байтал нэг мэдэхэд өглөө, нэг мэдэхэд шөнө болсон
байдаг.

-Сайдын тушаалаар хэрэгжүүлж байгаа "Эрүүл хүүхэд" аян богино хугацаанд хэрэгжиж дуусна. Үр дүн нь ямар байх бол?
-Хэдийгээр энэ аян богино хугацаанд хэрэгжих боловч маш зөв алхам
гэдгийг энд онцлох хэрэгтэй. Манай эмнэлгийн хувьд одоогийн байдлаар
1000 гаруй хүүхдэд үзлэг оношлогоо хийгээд байна. Аяны эцэст монгол
хүүхдийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг оношлоод, тохирсон эмчилгээний
төлөвлөгөөг боловсруулна. Хүүхдүүд хэзээ нэгэн цагт эцэг, эх болно.
Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх учиртай.

Тиймээс бага, өсвөр үеэс нь эрүүлжүүлж, эрүүл иргэнийг бэлдэх зорилгоор
энэ аяныг хэрэгжүүлж байна. Одооний охидууд өвчнөө эмчлүүлэхгүй
жирэмсэлж байна. Улмаар тархины даралттай, янз бүрийн эмгэгтэй хүүхдүүд
төрдөг. Тэгэхээр бидний зорилго бол ирээдүйн эцэг, эхчүүдийг эрүүлжүүлэх
юм. Нөгөөтэйгүүр 2012 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил"
болгож зарласан. Энэ нь маш цаг үеэ олсон зөв алхам гэж боддог. Чанарын
жил гэсэн уриан дотор харилцаа, хандлага, үйлчилгээ зэрэг цогц ойлголт
багтаж байгаа.

Тухайлбал, өвчтөний ар гэрийнхэнтэй харьцах нь нэг ёсны урлаг гэдгийг би
дээр дурьдсан. Тухайн хүүхдийн биеийн байдлыг мэдээлэхдээ нялх биетэй
ээжид яаж мэдэгдэх ёстой, аавд нь, эмээд нь яаж хэлэх ёстой вэ гэдгээ
цаг үргэлж тунгааж байх хэрэгтэй.

-Танай эмнэлгийн хувьд цаашдаа ямар эмчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Манай эмнэлэг үндэсний хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх статустай
ажиллаж байна. Хүүхдийн чиглэлээр улсдаа тэргүүлэх байр суурьтай
ажилладаг. Өөрөөр хэлбэл бид дүүрэг болон өрхийн эмнэлгүүдэд очиж
хүүхдийн эмчилгээ, оношилгооны талаар зөвлөгөө өгдөг. Бид тун удахгүй
ураг үеийн оношилгоог хийдэг төвийг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна.

Үүнд зориулж 700 сая төгрөгийг төсөвлөсөн байгаа. Эмч нар нь бэлтгэгдсэн
байна. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд ураг үеийн
оношилгоо нь маш өндөр төвшинд хөгжсөн байдаг. Нэгэнт ганц cap амьдрах,
эсвэл оюун ухааны хомсдолтой хүүхдийг төрүүлж, ээжийг нь болон өөрийг нь
зовоох шаардлагагүй. Манай ураг үеийн оношилгооны төв ашиглалтад
орсноор гаж хөгжлийг эрт үед нь илрүүлж, амьдрах боломжтойг нь төрөнгүүт
нь хагалгааны бүтэн баг хүлээж аваад мэс засал хийх юм.

Түүнчлэн бид 2015 он гэхэд хүүхдийн эрхтэн шилжүүлэх мэс засал хийдэг
болохоор бэлтгэж байна. Тодруулбал, бид Монголдоо хүүхдийн элэг, бөөр
шилжүүлэх мэс засал хийхээр бэлтгэж байгаа. Манайд хүүхдийн зүрхний мэс
заслын асуудал тулгамдаад байгаа. Тухайлбал, зайлшгүй мэс засал хийх
шаардлагатай хүүхэд Манайд хандсан тохиолдолд бид өвчтөний түүхийг
гадаад руу илгээдэг.

Түүнээс эмч нар нь сонгодог юм. Энэ нь маш их цаг хугацаа алдсан хэрэг
төдийгүй бусдаас хараат байгаа хэрэг. Манай эмч нарын оношлогоо хэнээс ч
дутахгүй. Харин мэс засал хийх тоног төхөөрөмж шаардлагатай байгаа.
Цаашдаа аль болох хүүхдийн зүрхний мэс заслыг Монголдоо хийдэг болох
хэрэгтэй. Мөн бид бөөрний дутагдалтай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг
шийдвэрлэсэн.

Тодруулбал, урьд өмнө нь бөөрний дутагдалтай хүүхдийг нэгдүгээр эмнэлэгт
диализийн аппаратанд оруулдаг байсан бол эмнэлэгтээ диализийн
аппараттай болсон. Энэ чиглэлээр хоёр сувилагч бэлтгэгдсэн. Гэхдээ бид
1990-ээд онд энэ хүүхдийг яаж эмчлэх вэ гэж ярьдаг байсан бол одоо
хаашаа явуулах вэ гэдэг болсон нь эрүүл мэндийн салбар хөгжиж байгаагийн
илрэл гэж боддог.

Х.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж