Анх 2009 оноос жил бүрийн дөрөвдүгээр сарыг “ХАБЭА-н сарын ажил” болгон улсын хэмжээнд зохион байгуулдаг уламжлал тогтоод дөрвөн жил болж байгаа аж. ХАБЭА-н хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын дэргэдэх орон тооны болон орон тооны бус ХАБЭА-н зөвлөлийн ажлыг сайжруулах, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийн чанар стандарт, хэрэглээний байдалд үзлэг шалгалт хийх, аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх зэрэг арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Тухайлбал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн асуудал хариуцсан ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх зорилгоор ХАБЭА-н аймаг, нийслэлийн салбар хороодын дарга, нарийн бичгийн дарга, МАОЭНХ, МҮЭХ-ны орон нутгийн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын улсын хэмжээний 2 өдрийн сургалт, семинар хийх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улсад уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг дэд бүтцийн салбарууд эрчимтэй хөгжих эхлэл бий болсон нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэн тэргүүнд тавихыг зүй ёсоор шаардаж байгаа гэдгийг албаныхан онцолж байлаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын аян эхэллээ
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сарын аяныг эхлүүлээд байгаа юм байна.
Ш.Чимэг