Нью-Йоркт олон улсын авто шоу нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Нью-Йоркт олон улсын авто шоу нээгдлээ

Нью-Йорк хотод лхагва гаригт олон улсын авто машины үзэсгэлэн 112 дахь удаагийн нээлтээ хийлээ. 1900 онд авто машины хамгийн анхны үзэсгэлэнг Нью-Йорк хот зохиож байсан түүхтэй юм.

Жил бүр уламжлал болон зохиогддог энэ үзэсгэлэнг наад зах нь нэг сая хүн үзэж сонирхдог юм байна. Үзэсгэлэнгийн эхний хоёр өдөр зөвхөн мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийнхэн шоуг үзэх эрхтэй байдаг гэнэ. Олон нийт баасан гаригаас дөрөвдүгээр сарын 15-ныг дуустал нүд гялбам гоёмсог авто машинуудыг сонирхож болох юм.

Дэлхийн 30 гаруй авто машин үйлдвэрлэгчид энэ үзэсгэлэнд оролцон, өөрсдийн машинаа толилуулж байна. Үзэсгэлэнгийн хамгийн сонирхолтой машин нь нисдэг “Transition” болоод байгаа аж. АНУ-ын Массачусетс мужийн Terrafudgia компанийн анх удаа нийтэд танилцуулж байгаа “Transition” нисдэг машин нь туршилтын нислэгээ үзэсгэлэнд оролцохоос өмнө амжилттай хийсэн юм. Найман минутын хугацаанд авто машинаас багахан хэмжээтэй онгоц болж хувирах “Transition” нь 787 км зайд нисэх хүчин чадалтай гэж зохион бүтээгчид нь ярьж байна. “Transition” нь зам дээр ердийн хоёр хүний суудалтай хөнгөн тэрэг шиг давхих бол агаарын орон зайд хувийн жижиг онгоц шиг нисэх гэнэ.

Авто машины энэ үзэсгэлэн шоу нь зөвхөн үзэгчдийг нүдийг баясгаад зогсохгүй зохион байгуулагчиддаа ойролцоогоор 200 сая ам.долларын орлого оруулдаг юм. Үзэсгэлэнг үзэхээр ирдэг зарим хүмүүс зочид буудалд өрөөгөө хэдийн захиалаад байгаа гэнэ. Үзэсгэлэн нийтэд толилуулах үеэр мянга гаруй ажилчид ажиллах юм.

Үзэсгэлэнгийн зургийг ЭНД дарж үзнэ үү

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж