Хамгийн аз жаргалтай улс Дани

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Хамгийн аз жаргалтай улс Дани

Дэлхийн аз жаргалтай ард түмний жагсаалтыг даничууд тэргүүлсэн талаар ИТАР-ТАСС бичлээ.

НҮБ-аас "World Happiness Report" илтгэлийг хэвлэсэн бөгөөд Колумбийн Их Сургуулийн нэртэй эдийн засагчид Жон Хеллиуэлл, Ричард Лэйард болон Жеффри Сакс нар энэ судалгааг хийсэн байна.

Скандинавын хойгийн орнууд жагсаалтын эхний байруудад бичигдсэн гэнэ. Дани улс нэгдүгээрт, Финлянд хоёрдугаарт, Норвеги гуравдугаарт, Швед долдугаарт жагссан бол АНУ арваннэгдүгээрт оржээ.

Жагсаалтын сүүлийг мушгисан хамгийн аз жаргалгүйд өөрсдийгөө тооцсон  улсууд  бол Того болон Бенин ажээ. Европын орнуудаас Болгар улс жагсаалтын 146-р байранд орсон нь Европын орнууд тэр бүр жаргалтай байдаггүйг харуулж байгаа юм.

Судалгааг  2005-2011 оны хооронд 156 улсын 15-аас дээш насны нэг мянган оршин суугчдаас  асуулгаар авчээ. Судалгаагаар хамгийн аз жаргалтай улс 10 оноо авах байсан бөгөөд Дани улс найман  оноо авсан ажээ. Харин Того улс гурав  хүрэхгүй оноо авсан байна.

Сүүлийн жилүүдэд эдийн засагчид болон сэтгэл судлаачид зөвхөн ДНБ болон бусад үзүүлэлтүүд эдийн засаг болон нийгмийн ололтыг харуулж чадахгүй гэж үздэг болсон юм. Жеффри Саксын хэлснээр тухайн улс орны ард түмний аз жаргалтай амьдрах нь эдийн засгийн өсөлттэй огт холбоогүй гэжээ. Жишээ нь АНУ-ын эдийн засаг  1960-аад оноос хойш тасралтгүй өсч байгаа ч ард олны сэтгэл санааны жаргалтай гэсэн үзүүлэлтүүд энэ үеийнхээ хэмжээнд байгаа юм. Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар нийгмийн харилцаа болон эрүүл байх нь эдийн засгийн өсөлтөөс илүү ард түмэнд хэрэгтэй юм байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж