Увс аймгийн Бөхмөрөн сумын малчид дөрөв хоног суулт зарлаад байгаа. Тэдний малын бэлчээрт уул уурхайн компаниуд олборлолт явуулж эхэлсэн учраас ийн эсэргүүцэл зарлаад байгаа билээ. Тэд өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж байгаа тухай мэдээлэл ирсэн юм. Тиймээс энэ суултыг удирдаж буй “Баян мөрөн” хөдөлгөөний тэргүүн Ц.Амартайвантай утсаар холбогдож тодруулахад “Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн нутаг дэвсгэрт энэ оны байдлаар нүүрсний ашиглалтын долоо, хайгуулийн есөн лиценз олгогдсон байгаагаас одоогоор Хотгор, Эрчим, Хотгор шанага зэрэг компаниуд байнгын ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн Баян-Өлгий серплис хоршоо нэртэй аж ахуйн нэгж манай сумын Хүвийн бамбагар гэдэг газарт 002763 тоот лицензээр 2001 оноос эхлэн ашиглалт явуулж байгаад 3500 мкв талбайд 6-10 метр гүн ухаж, ашиглалт явуулсан. Ингээд 2006 онд Ментую компанид дээрх лиценз шилжсэн болох нь бүртгэлд байгаа боловч ашиглалт явуулаагүй нөхөн сэргээлт хийгээгүй ашиглагч байгууллагын эзэн нь хаана яваа нь мэдэгдэхгүй байгаа. Энэ мэт зохисгүй ажиллагаанаас үүдэж, төрсөн нутагтаа бид амьдрах боломжгүй болоод байна. Компанийн удирдлагууд биднийг ер тоодоггүй. Арга тасраад Увс аймгаас сонгогдсон гурван гишүүнд мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч одоо болтол хариу ирүүлээгүй. Ингээд арга тасрахдаа суулт зарлаж байна. Суултаа цааш нь өлсөглөн болгон зарлах гэж байна. Энэ зөвхөн Бөхмөрөн сумын нутгийн төлөө биш. Нийт монголын ард түмний төлөө юм шүү. Бид одоо дуугарах, тэмцэх цаг нэгэнт болжээ” гэв.
Д.БАТ
Эх сурвалж: http://www.mminfo.mn