Засаг ноёдын авлигын хэрэг юу болов?

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Засаг ноёдын авлигын хэрэг юу болов?

Аймаг, дүүргийн Засаг дарга нарын албан тушаал, авлигын хэргийг эхнээс нь шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх шатанд явж байна.  Өнгөрсөн жилээс АТГ-т засаг дарга нарыг  шалгах ажил эхэлснээс Орхон аймгийн Засаг дарга  Д.Оюунбатад  Баянзүхр дүүргийн шүүхээс 3,5 жилийн хорих ял авснаар эхлээд байгаа. Түүний араас Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, Говь-Алтайн Засаг дарга Ш.Амгаланбаяр, Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнх, Налайхын Засаг дарга Б.Баяндэлгэр, Ховдын Засаг дарга Г.Нямдаваа нарын нэр хөвөрнө. АТГ-т  шалгагдсан дээрх нэр бүхийн албан тушаалтнуудын хэргийг шалгах явц ямар шатандаа байгааг тоймлон хүргэе.

СХД-ийн Засаг дарга Ц.Болдын хэргийг Дээд шүүхэд шилжүүлэв 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад  нийслэлиийн Прокурорын хяналтад шилжүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас шалгавал зохих зүйлийг шалгасан хэмээн яллах дүгнэлт  үйлдэж,  харьяалал  тогтоолгохоор Улсын Дээд шүүхэд шилжүүлжээ. Түүнийг ТҮК-ийн даргаа ажиллаж байхдаа төсвийн хөрөнгөөс завшсан хэрэгт буруутгагдаад байгаа. Тодруулбал цас хайлуулах бодисонд төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  хувьдаа завшсан хэрэгт буруутгаж буй.  Өнгөрсөн оны есдүгээр сард уг хэрэгт холбогдуулан нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг хамсаатнаар шалгасан юм. Түүнд хЭрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн  шалгажээ. 

Увсын “ууртай”  Засаг дарга Э.Цасчихэрийг  шалгаж дуусав 

Увс аймгийн Засаг дарга өөрийгөө гэмт хэрэгт шалгуулаагүй хэмээн мэлзэж, уур омгоо барьж чадахгүй сэтгүүлчийг шүүхэд өгнө хэмээн сүрдүүлдгээрээ алдартай. Гэвч түүнийг хууль хяналтынхан дахин  шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Түүнийг Улсын ерөнхий прокурорын газраас дахин эрүүгийн хэрэгт татан шалгах үүргийг АТГ-т өгснөөр түүнийг дахин шалгаж эхэлсэн юм. Түүнд холбогдох хэргийг АТГ-т шалгаж дуусаад  нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяалал тогтоолгохоор Дээд шүүхэд хавтаст хэргийг хүргүүлсэн байна.  Түүнийг өмнө нь АТГ-т мөнгө завшсан,  албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр  шалгаж байсан ч  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  хэмээн хэрэгсэхгүй болгож  байв. Хэргийг  хэрэгсэхгүй болгосон  хяналтын шатны шийдвэрийг тус аймгийн иргэдийн төлөөллүүд эсэргүүцэн гомдол гаргаснаар энэ хэргийг дахин шалгасан билээ. Засаг дарга Э.Цасчихэр нь тус аймагт  хоёр жилийн өмнө барихаар төлөвлөсөн На­рий­н голын 325 км, Тээлийн голын 75.3 км гүүрийн барилгын ажил гүйцэтгэх аж­лыг өөрийн “Мөнхжим” компаниар гүй­цэт­гүүлсэн, төрийн албан хаагчдын таван давхар орон сууц барихдаа дөрвөн давхар болгосон зэрэг олон хууль бус үйлдлүүд гаргасан талаарх гомдлын дагуу шалгаж, тогтоосон  юм  байна.

Говьсүмбэрийн Засаг дарга эмнэлэгт хэвтэж байна

Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт сэжигтнээр татагдан цагдан хоригдсон ганц Засаг дарга бол Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнх. Бусад Засаг дарга нар бүшд гадуур, ажлаа хийнгээ шалгагдаж байгаа. Түүний хэргийг  мөрдөн  шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тэрбээр цагдан хорих 461 дүгээр ангид байхдаа бие нь  муудаж, одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа юм. Ж.Баянмөнхийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа билээ.

Говь-Алтай Засаг даргын хэргийг Прокурорт шилжүүлжээ

“Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт холбогдох хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Түүнд холбогдох хэр гийг газар дээр нь шалгахаар АТГ-ын хоёр ч мөрдөн байцаагч тус аймгийг зорьж, шаардлагатай нотлох баримтыг цуглуулжээ. Засаг дарга Ш.Амгаланбаярыг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн тендергүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгосон хэрэгт буруутгаж байгаа. Тухайлбал, ХХААХҮЯнаас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авахаас тал  мөнгөөр нь авч, үлдсэнийг нь завшсан гэнэ. Түүнчлэн аймагтаа хийх бүтээн байгуулалтын ажлыг хувийнхаа компанид давуу эрх олгон хийлгэсэн гэх зэрэг түүнийг буруутгах үндэслэлүүд байгаа аж.

Ховдын Засаг даргыг шалгаж эхэлжээ

Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдавааг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхлээд удаагүй байна.

Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг орон  нутагт  хийхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс байцаагч томилон  ажиллуулж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Г.Нямдавааг БНХАУ-аас аймгийнхаа гэрэлтүүлгийн хэрэгслийг авч оронд нь их хэмжээний загас бариулах зөвшөөрөл өгсөн, тендер зарлахдаа танил талдаа давуу эрх олгосон  зэрэг үндэслэлээр гомдол гаргасны дагуу шалгаж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Налайхын засаг даргын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийг 2012 оны эхээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай нь нотлогдоогүй учир  түүнд холбогдох  мөнгө завшсан гэх хэргийг нийслэлийн Прокурорын газрын  хяналтаас хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг  өнгөрөгч нэгдүгээр сард БНСУ-ын “Жэхуан” групп-д 320 га газар эзэмших эрх олгоно хэмээн 50 мянган ам.доллларын  авлига авсан хэрэгт буруутгаж байсан юм.  Засаг даргад  авлига өгсөн гэх солонгосчууд АТГ-т гомдол гаргаснаар энэ хэрэг мандсан ч нотлогдоогүй байна. Уг хэрэгт  Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрээс гадна тус дүүргийн  ИТХ-ын дарга С.Батдоржийг шалгасан ч мөн л тогтоогдоогүй байна. 

Энэ мэт  Засаг дарга нарын албан тушаал, авлигын хэрэг эхнээсээ шийдэгдэн шүүхээ орж, зарим нь шүүхэд шилжих шатандаа ирээд байна. Тэдний араас Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга Ч.Батзориг нарыг шалгуулахаар АТГ-т хандаад байгаа. Өвөрхангайн Засаг дарга Д.Тогтохсүрэнг Өндөр Гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэнг барихад тэрбум гаруй төгрөгөөс  200 сая төгрөг хувьдаа завшсан, албан  тушаал эрх мэдлээ ашиглан Аймгийн захиргааны байгууллагад танил тал, хамаатан садны хүнээ ажилд авсан, аймгийн А зэрэглэлийн газрыг ах дүүгээрээ худалдаж авсан хэмээн тус аймгийн АН-аас  холбогдох баримтын хамт гомдол гаргаад байгаа. Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Ч.Батзоригийн талаар тус дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ч.Бат-Эрдэнэ АТГ-т гомдол гаргасан байна. Түүнийг  Сансарын аюулгүйн тойрог дахь "Эвтэй дөрвөн амьтан" хөшөөг 350 сая төгрөгийн хөрөнгөөр бариулсан гэдэг ч дээд тал нь 30 сая төгрөгөөр бүтээж мөнгө завшсан “Чулуун овоо" дахь 750 сая төгрөгөөр босгосон гэх  нохойтой хөшөө, аюулгүйн тойрог дахь 400 орчим сая төгрөгийн өртгөөр байгуулсан гэх усан оргилуур зэргийн бодит өртөг тодорхойгүй гэх үндэслэлээр  гомдол гаргажээ. Тэдэнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх албан ёсны мэдээлэл одоогоор байхгүй байна.

С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж