Төрийн албанд амиа хичээгчид шигдсэнийг илчлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Төрийн албанд амиа хичээгчид шигдсэнийг илчлэв

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр болов. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацааны хамгийн отгон чуулганы нээлтийн ёслол хагас цаг орчим үргэлжилж, товчхон болж өндөрлөлөө. Товчхон хэдий ч гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийн улаан дугаартай ганган машинууд Төрийн ордны арын талбайд эгнэж, чухам морины уяа дүүрэн олон гийчинтэй ёслол боллоо.

Тиймдээ ч ихэнх хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, сурвалжлагчдад чуулганы танхимд нэвтэрч халуун уур амьсгалыг мэдэрч сурвалжлах бололцоо олдсонгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Киргиз улсад албан ёсны айлчлал хийж буй тул түүний суудал энэ удаагийн чуулганы нээлт дээр эзгүй байв. Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэнгүй. Гагцхүү УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганыг нээн үг хэлж, түүний дараа Төрийн дуулал эгшиглэснээр 2008-2012 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэн удахгүй халаагаа өгөх гэж буй өнөөгийн УИХ-ын отгон чуулганы нээлтийн ёслол өндөрлөв.

УИХ-ын даргын хэлсэн үгийг үндсэнд нь хоёр хэсэгт хуваан үзэж болох юм. Эхний хэсэгт өнгөрсөн хугацаанд УИХ-ын хийж гүйцэтгэсэн ажлыг иргэд, сонгогчдод товч тайлагналаа.  Өнгөрсөн хугацаанд УИХ-ын хийж гүйцэтгэсэн ажил үндсэндээ эдийн засгийн өсөлт, иргэдийн төлөө байсныг УИХ-ын дарга дурдлаа.

Өнгөрсөн оны дүнгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч цаашдаа ч өсөлтийн өндөр хурд хадгалагдах төлөвтэй байгаа нь эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн ирээдүйн үр дүнтэй урьдач нөхцөлийг энэ удаагийн Улсын Их Хурал тавьж чадсан гэж УИХ-ын дарга дүгнэлээ. МАН,АН хамтарсан Засгийн газар байгуулж улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажилласан нь энэ удаагийн Улсын Их Хурлын орчны онцлогтой нөхцөл болохыг тэмдэглэв.

Ажилгүйдлийг багасгах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хоёр хүчин зүйлээс шалтгаалж байгааг УИХ-ын дарга анзаарчээ. Эхнийх нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд хүрэлцээтэй хөрөнгө төлөвлөж оруулсан байх, хоёр дахь нь иргэдийн худалдан авах чадавхийг зохих төвшинд нэмэгдүүлэх, эрэлт бий болгох явдал гэж хэлсэн үгэндээ дурдлаа. Энэ удаагийн Улсын Их Хурал аль аль нөхцөлийг хангасан гэж үзэх үндэстэй гээд сүүлийн дөрвөн жилд жижиг, дунд үйлдвэрт төсвөөс 260 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг дурдлаа.
Хэлсэн үгийнхээ хоёрдугаар хэсэгт УИХ-ын дарга төрийн алба, бизнесийн хүрээнд ажиглагдаж буй зарим алдаа дутагдалд анхааруулга өгөв. Намууд амласан ёсоор төсвийн ажилтнуудын цалин хөлс, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлж, эхчүүдэд тэтгэмж олгож, Хүний хөгжлийн сангаас иргэддээ мөнгө хуваарилж, оюутнуудад зохих халамж үзүүлж байгаа ч бизнесийнхэн төр засгаас иргэддээ зориулсан арга хэмжээг “буцаагаад ард түмнээс булааж залгих” заль мэхээр хариулж эрээ цээрээ алдаж байгааг шүүмжиллээ. Хүн амаасаа хэд дахин олон толгой мал сүрэгтэй Монгол оронд махны үнэ монгол хүний сэтгэлд багтамгүй, хүлээн зөвшөөрөх ч аргагүй төвшинд өссөнийг чухамдаа үнийн галзуурал гэхэд хилсдэхгүй гэж УИХ-ын дарга хэлж байв.

Цалин хөлсийг нь нэмээд байгаа атал төрийн албан хаагчид сэтгэлгүй, хувьдаа ашиг завшаан харсан байдлаар, хүнд суртал ихтэй ажиллаж байгааг УИХ-ын дарга буруутгаж төрд амиа хичээгчид шигдсэнийг илчлэв. Дэд бүтэц, байгалийн баялгийг боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, тухайлбал, зэс хайлуулах, газрын тос боловсруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэр ажил хэрэг болохгүй байгаагийн учир шалтгаан чухам тийм бэртэгчин сэтгэлгээтэй хүмүүсээс болсон гэсэн тайлбар өгөв.

 Гагцхүү хариуцсан хүмүүс зүтгэл, чармайлт гаргахын оронд “өөрт ашигтай” талыг урьтал болгодгоос төрийн бодлого, шийдвэр саармагжин замхарч байдаг байна. Үүнийг л эх орон, ард түмнээ бодоогүй ёс зүйгүй үйлдэл гээд байгаа юм. Зүй нь уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, орлогыг өөртөө хүртэж суухыг сүйхээчлэн санаачлах ёстой байв. Нөгөө талаар Монголд бүх зүйл болж бүтэхгүй байгаа мэтээр хэт туйлшруулж ярих нь ч үнэнд нийцэхгүйг тэмдэглэв. Иргэдийн дүргүйцэл бухимдал, эргэлзээ төрүүлсэн асуудлуудад дүгнэлт хийж, Засгийн газар, агентлагууд, нийслэл, аймгуудын зүгээс зориуд анхаарч, засч залруулах талаар шийдвэртэй ажиллах хэрэгтэй гэсэн сануулгыг УИХ-ын дарга өглөө.

Бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд богино хугацаа үлдсэн ч хаврын чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөлөл, эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2011 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээлэл зэрэг улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бодлогын нэн чухал асуудлуудыг авч хэлэлцэхээр жагсаалтад тусгажээ.

Энэ чуулганы хугацаанд буюу энэ сарын сүүлээр УИХ-ын сонгуулийг товлон зарлана. Тиймд үлдсэн богино хугацаанд шамдаж ажиллах ёстойг УИХ-ын дарга гишүүдээсээ хүссэнээр хаврын чуулганы үйл ажиллагаа эхэллээ. Чуулганы эхний нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс шалтгаалж 20 орчим минут саатсаныг эс тооцвол хэлэлцэх асуудлуудаа дэс дараалан хэлэлцэж эхэллээ.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж