ОХУ-д архины үйлдвэрлэл буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

ОХУ-д архины үйлдвэрлэл буурчээ

Архи согтууруулах ундаа үйлдвэрлэх болон худалдаалах лицензийг сольсны дараа ОХУ-д архины үйлдвэрлэгчдийн тоо 32 хувиар, согтууруулах ундааны бөөний худалдааны байгууллагын тоо 19 хувиар буурсан гэж Лента.Ру мэдээллээ.

Дээрх мэдээллийг ОХУ-ын Архи согтууруулах ундааны үйлдвэрлэлийг  зохицуулах хорооны хурлын үеэр мэдэгдсэн байна. Лицензийг сольсны дараа  ОХУ-д архи болон ликерын 341 үйлдвэр, архины бөөний худалдаа эрхэлдэг 1690 компани ажиллаж байгаа юм. Одоогоор архи согтууруулах ундаа үйлдвэрлэх болон худалдаалах 2264 лицензийг олгосон ажээ. Энэ нь өмнө байсан лицензийн тооноос даруй дөрөв дахин бага тоо гэнэ.

ОХУ-ын Архи согтууруулах ундааны үйлдвэрлэлийг  зохицуулах хорооноос өнгөрсөн оноос архины зах зээлд байгаа лицензийг сольж эхэлсэн юм. Лиценз олгох нөхцөл болон бүрдүүлэх бичиг баримтыг  чангатгасан шинэ шаардлага тавьсан нь лицензийн тоог ингэж бууруулсан байна.

Түүнчлэн Оросын Статистикийн хорооноос архины үйлдвэрлэл өнгөрсөн онд харьцангуй буурсан гэж мэдээлжээ. Архи, дарс, шампанск болон коньяк үйлдвэрлэх хэмжээ 2010 оныхтой харьцуулахад олон хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж