”Кембрижийн стандарт, хөтөлбөрийн туршилт өнөөдрөөс эхэлнэ”

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

”Кембрижийн стандарт, хөтөлбөрийн туршилт өнөөдрөөс эхэлнэ”

БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Ч.Ганцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх хичээлийн жилд нэлээд олон сурах бичгийг шинэчлэх гэж байна. Ер нь жил бүр л сурах бичгийг шинэчлэх талаар яригддаг. Энэ жилийн тухайд сурах бичгийг бүрэн шинэчлэх гэж байна уу. Эсвэл засвар хийх юм уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилд хэрэглэгдэх сурах бичгүүдийн заримыг нь бүрэн шинэчилж, зохиох, дахин хэвлэх сурах бичгүүдийг хэвлэх ажил явагдаж байна. 12 жилийн шинэ анги бий болж байгаа учраас 5, 10 дугаар ангийн сурах бичгүүдийг шинээр зохиож дуусаад, одоогийн байдлаар хэвлэлийн эх бэлтгэх ажил хийгдэж байна.

Үүнд, 26 нэр төрлийн сурах бичиг байгаа. Энэ дотор багшийн ном нэг, бусад нь хүүхдийн сурах бичгүүд байгаа юм. Энэ сарын дундаас эхлээд хэвлэх үйл ажиллагаандаа орно. Энэ жил сурах бичгийг эрт хэвлэж, хүүхдүүдийн гарт хүргэхээр ажиллаж байна. Хичээлийн шинэ жил эхлэхэд хэрэглэгчдийн гар дээр бэлэн байна. Бусад ангиудын сурах бичгүүдийн тухайд 12 жилийн тогтолцооны 1-4 анги, 8, 9 дүгээр ангиудын сурах бичгийг дахин хэвлэх ажлыг мөн хийж байна. Энэ бол номын сангаар дамжуулан хэрэглэх болон худалдаанд гаргах номууд гэсэн үг.

-Тэгэхээр сурах бичиг бүрэн шинэчлэгдэхээр ах нь дүүдээ сурах бичгээ өгдөг, дамжуулж хэрэглэдэг байдал үгүй болно гэсэн үг үү. Уг нь сурах бичгийг хүүхдүүд маань дамжуулаад хэрэглэчихэж болдог байсан шүү дээ?

-Бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс бүрэн дааж байгаа шүү дээ. Мөн дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг төрөөс дааж байгаа. Энэ бол нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд төрөөс үзүүлж буй дэмжлэг. Үүнийг сурагчид сургуулийнхаа номын сангаар дамжуулан хэрэглэж байгаа. Сургуулийн номын сангаас хэрэглүүлж байгаа эдгээр сурах бичгүүдэд нөхөн хангалт хийдэг. Худалдаанд бол үлдсэн 60 хувьд нь зориулсан сурах бичиг гарна. Энэ бол хуучин сурах бичиг шүү дээ. Тэгэхээр хуучин тогтолцоогоор явах ангиуд хуучин сурах бичгээ дамжуулаад, дүү нартаа өгч болно гэсэн үг. Харин тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотой бүрэн шинэчлэгдэж байгаа сурах бичгийн хувьд шинээр л авахаас өөр аргагүй.

-Cypгyyлиac ирсэн тоо хуваарийн дагуу сургуульд номыг хүргэдэг биз дээ. Гэтэл энэ нь бүх сурагчдад хүрэлцдэггүй. Эсвэл яг эмзэг бүлгийн сурагчид нь үлдчихсэн байх тохиолдол байдаг. Тэгэхээр сурах бичгийн хуваарилалтыг яаж хийдэг вэ?

-Тэгэхээр ийм байгаа юм л даа. Бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь төрөөс дааж байна гэдэг чинь сургуулийнхаа нийт бага ангийн сурагчдын тоогоор нийлүүлнэ гэсэн үг. 40 хувийн хангалт бол бас хуваарийнхаа дагуу сургуулиудад нийлүүлнэ. Харин энэ 40 хувьд нийлүүлсэн сурах бичгийг сургуулийн удирдлагууд эмзэг бүлгийн хүүхдүүддээ хуваарилах ажлыг хийх ёстой. Харин худалдаанд гаргах сурах бичгийн үнийг холбогдох албаны хүмүүстэйгээ ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр тогтоодог. Гэтэл сүүлийн үед сурах бичгийг төрөөс даадаг болсонтой холбоотой юм уу, сурах бичгийн худалдан авалт буурах хандлагатай болсон. Энэ асуудал дээр нэлээд судалгаа хийгдэж байна.

-Сурах бичиг солигдож байгаатай холбогдуулан сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орно гэсэн үг үү?

-Сурах бичиг өөрчлөгдөж байгаатай холбоотой бус агуулга, хөтөлбөр маань өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сурах бичиг маань өөрчлөгдөж байгаа юм. Тэгэхээр 5, 10 дугаар анги, 4, 9 дүгээр анги гээд ээлж дараагаар орж байна гэдэг маань Ерөнхий боловсролын сургууль 11 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд үе шаттай шилжиж байгаа шүү дээ. Яг үүнтэй уялдаатайгаар өнгөрсөн жил 4, 9 дүгээр ангийн хөтөлбөр шинэчлэгдээд, тухайн ангийн шилжилтийн графикаараа тэр хүүхдүүд 12 жилийн шинэ анги болж, түүнд зориулсан хөтөлбөр нь бий болоод сурах бичиг нь шинэчлэгдсэн. Энэ жид мөн адил дараагийн үе шат хэрэгжиж байгаа юм.

-6, 8 дугаар ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орж, бүх сурах бичгийг шинэчилнэ гэсэн яриа гараад байна. Тэгэхээр 5, 10 дугаар ангайн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орсон учраас шинэчилж байгаа юм бол 6, 8 дугаар ангийн сурах бичгийг яагаад шинэчлэх болов?

-Дээр хэлсэн шилжилтүүд бол тогтолцооны шинэчлэл юм. 2006 онд Боловсролын тухай хуулиар Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх гэсэн ийм шийдвэр гарсан. Түүнийг шилжүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа юм. Энэ үед тогтолцоо маань 1-12 руу шилжчихсэн юм болохоор түүнийг дагаад хөтөлбөрт тодорхой хэмжээний өөрчлөлтүүд ороод байгаа юм. Энэ үед стандарт бол өөрчлөгдөөгүй байсан.

Өөрөөр хэлбэл, бага дунд боловсролын стандарт өөрчлөгдөөгүй, тогтолцоонд нь өөрчлөлт ороод тодорхой зохицуулалтын хөтөлбөрүүд хийгдээд явж байгаа. Одоо энэ үйл явцтай зэрэгцээд юу хийгдэж байна вэ гэхээр бага дунд боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчлэх ажил хийгдэж байгаа юм. Энэ юу вэ гэхээр Кембрижийн стандартад нийцүүлээд Монгол Улс бага дунд боловсролынхоо стандартыг шинэчлэх гэж байна. Энэ шинэчлэлийг эхлээд 6, 8 дугаар ангид хийх бөгөөд сургалтын хөтөлбөрийг шинэчилж, үүнийгээ дагаад сурах бичиг нь шинэчлэгдэж байгаа юм. Тэгэхээр хоёр өөр шинэчлэлт хийгдэж байна гэсэн үг. Ингээд тодорхой ангиудын хөтөлбөрүүд шинэчлэгдчихсэн байгаа. Хичээл эхлэхэд буюу өнөөдрөөс эхлээд аймаг, нийслэлийн нийтдээ 31 лаборатори сургууль дээр Кембрижийн стандарт хөтөлбөртэй нийцүүлээд боловсруулсан хөтөлбөрүүдийг туршиж эхлэх гэж байгаа.

Тэгэхээр энэ жилийн хувьд хичээлийн нэг улиралд тодорхой сэдэвчилсэн, хэсэгчилсэн туршилт гэж хэлж болно. Ирэх есдүгээр сарын 1-ээс эхлээд тухайн ангиудад нэлээд өргөн хүрээтэй туршилтууд хийгээд, нэгэнт шинэчлэгдсэн хөтөлбөрүүдийг хүүхдүүдэд хэр нийцтэй байгааг шалгаад энэ завсар багшийнхаа мэргэжлийг дээшлүүлээд сургалтынхаа орчинд тодорхой хэмжээний шинэчлэл хийх бэлтгэл ажлууд хийгдэж байна. Яг ч 6, 8 дугаар анги биш юм. 5, 3 дугаар ангид хийнэ. Тодорхой нэр заасан 4-5 хичээлийн хөтөлбөрийг эхлээд шинэчилж байгаа юм.

-БСШУЯ-аас "Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөн"-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд зохион байгуулсан. Тус зөвлөгөөн дээр авч хэлэлцэгдсэн 700 үг буюу монгол хэлэнд эргэлзээтэй бичигддэг үгсийн жагсаалтыг баталсан. Үүнтэй холбогдуулан монгол хэлний сурах бичгийг бүрэн шинэчлэх гэж байгаа гэсэн үү?

-Одоо бол энэ стандарт хөтөлбөрийн шинэчлэл үе шаттай явагдаж байгаа болохоор эхний удаад дээр дурьдсан хичээлүүдийн хөтөлбөрийг шинэчилж байна. Дараагийн үе шатанд бид Монгол хэл, Монголын түүх, Нийгмийн ухааны хичээлүүдийн хөтөлбөрийг шинэчлэх ажлыг хийнэ. Энэ дээр мэдээж маш их судалгаа хэрэгтэй, судалгааны ажил эхэлчихсэн байна. Тухайлбал, монгол хэлний хичээлийг Кембрижээр заалгахгүй шүү дээ. Харин арга зүйн туслалцаа бол авна.

-Сурагчдад мэдлэг боловсрол олгох зорилгоор БСШУЯ бусад яамд, төрийн болон ТББ-уудтай хамтраад нэмэлт хичээлийг оруулна гээд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хүүхдийн ачаалал маш их нэмэгддэг. Энэ талаар ямар бодлого барьж байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нэмэлт хичээл оруулах хүсэлтүүд асар их байдаг. Тухайлбал, БОАЖЯ-аас нэг чиглэлийн хичээл, БХЯ-аас цэрэгжилтийн хичээл ч гэдэг юм уу, хүсэлт маш их ирдэг. Тэдний асуудал болгож тавиад байгаа зүйл хүүхдэд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэвч хэрэгтэй байна гэсэн юм бүхэн тусгай хичээл болж ороод байвал хүүхдүүдийн маань судалдаг хичээл дааж, давахгүй олон болно. Тэр жишгээр хүүхдэд хэрэгтэй, суурь болно гэж нэмсээр байгаад одоо хүүхдүүдийн судалдаг хичээлийн тоо 20 гарсан байгаа. Тэгэхээр хүүхэд маань тэр 20 төрлийн хичээлийг үзээд шалгалт шүүлэг өгнө гэхээр хүүхдэд чөлөөт цаг гарахгүй болж байгаа юм. Тэгэхээр одоо орж байгаа хичээлийн хөтөлбөрт боломжтой газарт нь оруулж өгөх л хэрэгтэй. Хүүхдэд тэр болгон хичээл болж орохдоо чухал биш тухайн зүйлийн талаар мэдлэг олгох нь чухал.

Э.ЭНХ

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж