Тэнгэрийн тамга ба эрх чөлөө

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

АЙЛЧЛАЛ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргиз улсад

Тэнгэрийн тамга ба эрх чөлөө

Тэнгэрийн тамга ба эрх чөлөө

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД АЙЛЧЛАХДАА ТУС УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАНД ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГ
Бишкек хот 2012.04.03.

Сайн байцгаана уу Киргиз анд найз нараа!
Саламатсыңарбы кыргыз достор!

Та бүхэнд энэ хүндэт индрээс Монголын ард түмний чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье. Би энэ өдрийг сэтгэл догдлон хүлээсэн. Олон жилийн өмнө зам салсан төрөлх ахан дүүстэйгээ уулзах гэж байгаа юм шиг хүлээсэн. Биднийг ингэж найрсаг дотно, гүн хүндэтгэлтэй хүлээн авсан Киргизийн ард түмэн, Киргиз Улсын Ерөнхийлөгч, албаны хүмүүст гүн талархал илэрхийлье.

Монголчууд, Киргизчүүд хүн төрөлхтний түүх, соёл иргэншилд тод мөртэй, төр улсын эртний уламжлалтай ард түмэн. Өнгөрөгч 2011 онд Монголчууд бид тулгар төрийнхөө болон Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэсэн. Хүннү, Түрэг, Уйгар, Хиргис, Кидан гээд олон овог аймаг, үндэстний түүх соёлын ул мөр өнөө болтол Монгол нутагт байдаг юм. Мөн өнгөрөгч туулай жил Монгол улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойгоо тэмдэглэж өнгөрүүллээ. Түүхэн их ойнууд бидэнд өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйгээ цэгнэн бодох боломж олгосон. Монголчууд бид “түүхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” гэж үзэж түүхээсээ сургамж авч ирээдүйн хөгжил дэвшилдээ өнөөдөр хувь нэмэр оруулахыг эрмэлздэг.

Ойрын садан Киргис ахан дүү нар аа!

Та бид ижилхэн тэнгэрлэг язгууртай, домогт эсгий туургатны үр сад. Бид адилхан хөх оортнууд.  Монгол, Киргиз, Узбек хэн ч бай биднийг нэг зүйл нэгтгэдэг. Энэ бол бидний тэнгэрийн хөх тамга юм. Бид бие биеэ дэмжиж эв найртай сайхан амьдрах ёстой. Та бидний өвөг дээдэс нэг нутагт нутаглаж, нэг уснаас ууж, тэнгэртээ цуг залбирч, таван хошуу малаа маллаж, нэг тулганы галыг түшилцэж явсан хүмүүс юм. Та бидний хувь заяа, эмгэнэл нэг. Бас бидний баатарлаг түүх, бахархал нэг. Алдарт Орхоны чулууны бичигт Хиргис гэдэг нэр одоо хүртэл тод байдаг. Монгол нутагт олноороо байдаг хиргисүүрүүдийг Хиргис түмний өвөг дээдсийн мөргөл шүтээн, түүх дурсгалыг хадгалж байдаг гэж манай нутгийнхан үздэг. Монголын баруун Алтайн уулсын дунд алдарт Хяргас нуур мянга мянган жилийн түүхийг өгүүлэн оршсоор байна.

Өнөөдөр миний энэ зогсож байгаа газар нутгийг Эзэн Чингэс эрхшээж явсан үе бий. Түүний үр удам, хойчийг залгамжлагч хаад ноёд, албат ардууд энд амьдарч байсан. Өнөөдөр ч удам судраа Монголтой холбодог хүмүүс Киргизид олон бий. Өвөг дээдсийнхээ түүх уламжлалд хүндэтгэлтэй хандаж ирсэн Та бүхэнд би талархаж байна.

Монгол, Киргизийн түүхэнд энэ мэт төстэй, бас төсгүй ч юм олон бий. Гэхдээ манай хоёр ард түмний бие биеэ гэсэн сэтгэл зүрхний холбоо үргэлж ойр байсан. Монголчууд бид  нүүдэлчин, эр зоригтнуудын оюун санааны аман зохиолын оргил болсон Киргиз түмний алдарт “Манас” туулийг сайн мэднэ. Бидний үеийнхэн их зохиолч Чингиз Айтматовын бүтээлүүдийг амтархан уншдаг байлаа. Киргизийн үзэсгэлэнт уулс нуур, Киргиз түмний зочломтгой найрсаг зан ааш, Киргиз, Монголын шинэ үеийн харилцааны тухай монголчууд сайн мэддэг.

Киргиз улсад хийж байгаа энэ удаагийн миний айлчлал манай иргэдийн анхаарлыг их татаж байгаа. Киргизийг хоёр дахь эх орноо гэж үздэг Монголчууд олон байна. Энд суралцаж боловсрол эзэмшсэн манай олон иргэд улс орныхоо хөгжил дэвшилд өнөөдөр ч хувь нэмрээ оруулж байна. Тэдний нэг нь манай улсын анхны сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа юм. Энэ эрхэм хүн Киргиз улсад хийж буй энэ удаагийн айлчлалд миний хувийн зочноор оролцож байгаа юм. Монголын Хөгнөхаан уулын бэлд төрсөн сансрын нисгэгч маань Киргизийн үзэсгэлэнт Тэнгэр уулын хормойд нисэх эрдэмд суралцсан байдаг. Манай хоёр ард түмний түүх бол газарт дархлагдсан, бас тэнгэрт тэтгэгдсэн онцгой  учир холбогдолтойг ганцхан энэ  жишээ нэмж гэрчилж байгаа бус уу.

Киргизид ирэх гэсэн олон хүн онгоц унааны багтаамжаас болоод ирж чадаагүй. Монгол, Киргиз хоёр орон, манай ард иргэдийн харилцан хамтран ажиллах их сонирхол, боломж байгааг энэ жишээ харуулж байгаа юм. Тэд удахгүй Киргизид ирэх нь ойлгомжтой. Олон Киргиз анд нараа бид Монгол оронд очоорой гэж энэ дашрамд урин залъя. Миний айлчлалын бүрэлдэхүүнд төр засгийн хариуцлагатай албаны хүмүүсээс гадна олон нийтийн байгууллагын төлөөлөл явж байгаа. Мөн Киргиз улстай ажил хэрэгч холбоотой, бас тийм холбоо харилцаа тогтоохыг хүссэн бизнесийн төлөөлөл ч багтсан. Бас Хяргас нуурын уснаас бид дээжлэн авч ирсэн.  Энэ айлчлалын бүрэлдэхүүнд Хяргас сумын Засаг дарга хамт яваа.

Манай ард иргэдийн соёл, оюун санааны салбарын харилцаа асар чухал.  Мөн энд манай нэрт зохиолчид, уран үгийн мастерууд, зураачид, хэвлэл мэдээллийн өргөн бүрэлдэхүүн ирснийг Та бүхэнд дуулгахад таатай байна. Киргиз орон, танай найрсаг ард түмний тухай мэдээллээр ойрын өдрүүдэд Монгол улс баялаг байх нь. Эндээс манай уран бүтээлчид ганзага хоосон буцахгүй гэдэгт Та бүхэн итгэж болно.

Хурлын хүндэт дарга, эрхэм гишүүд ээ,

Киргизийн ард түмний түүхэн сонголт, өнөөгийн ололт амжилтаар монголчууд бид бахархаж байна. Эрх чөлөөт, тусгаар тогтносон улсаа байгуулах Та бүхний зам амаргүй байсныг бид мэднэ. Киргизчүүдийн эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэл, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хичээл зүтгэл ямар хүчтэй болохыг дэлхий харсан. Киргизийн ард түмэн Үндсэн хуулиа бүх иргэдээрээ хэлэлцүүлэн баталж, парламентын ардчилал зөвшилцлийг засаглалын гол хэлбэрээ болгон авч, төрийн тэргүүнээ ард нийтээрээ ардчилсан зарчмаар сонгосон нь санамсаргүй хэрэг биш гэж бодож байна.

Нүүдэлчид эв зөвшлийг эрхэм болгож, Их Хуралдай хийж хэлэлцэн тохиролцсоноо ягштал биелүүлж ирсэн төрт, хуульт ёсны баялаг уламжлалтай. Энэ дашрамд Киргизийн ард түмний нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө, эрх чөлөө, шударга журмыг эрхэмлэгч засаглалын төлөө, “Би Киргиз” гэсэн бахархалт иргэдтэй улс үндэснийхээ төлөө ихийг санаачлан зүтгэж байгаа Киргиз улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев болон түүний санаа нэгт нөхдийн үйл хэрэг амжилтад хүрээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсч байгаагаа энэхүү хүндэт индрээс илэрхийлье.

Би 2011 оны 9 дүгээр сард БНКУ-ын парламентын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж ярилцаж байснаа сайн санаж байна. Тэр үед бид эх орныхоо нийслэлд “Шүүх эрх мэдэл, шударга ёсыг бэхжүүлэх нь” сэдэвт Үндэсний чуулган хийж байсан. Монголд очсон Киргиз нөхөд маань ч бидний бодит байдлыг газар дээр нь үзэж, олон хүнтэй уулзаж цаашдын ажил үйлсдээ хэрэг болох санаа сэдлүүдийг олж авсан байх гэж би найдаж байна.

Аливаа ард түмний түүхэнд хүнд хэцүү сорилт, сонголт тохиоход ард түмэн нь ухаан билэгт охиндоо, хүүдээ ханддаг. Харин тэр удирдагч нь хамгийн итгэсэн сайн анддаа ханддаг. Ерөнхийлөгч асан Роза Отунбаева  тухайн үед, 2010 оны тэр хүнд  өдрүүдэд надад тийм л сэтгэлээр хандсан гэж би боддог. Бидэнд бусдад заах зүйл байхгүй. Харин бидэнд бусадтай хуваалцах сургамж байгаа. Тэр үед монголчууд бид ч эрх чөлөөнийхөө замд унаж босч, тэмцэж зүтгэж яваа туршлагаасаа Киргиз нөхөдтэйгөө харамгүй хуваалцахыг хичээсэн.  Монгол улс цаашид ч Киргизийн ард түмний чөлөөт сонголтын талд тууштай зогсож, жаргал зовлонгоо нэг айлын хүүхдүүд шиг хуваалцаж тусалж дэмжихээ илэрхийлж байна. Монголчууд ийм тусыг “Нөхрийн тус багаддаггүй” гэж ярьдаг юм.

Энд нэмж тэмдэглэхэд Ерөнхийлөгч асан Роза Отунбаева бол улс үндэстнийхээ түүхийн эгзэгтэй үед ард түмэндээ хэрэгтэй сонголтыг зоригтой хийж, хийх ажлаа нэр төртэй гүйцэлдүүлээд, төрийн тэргүүний өндөр сэнтийгээс өөрөө явж чадсан гайхамшигтай удирдагч юм. Өнөөгийн ертөнцийн улс төрийн амьдралд тэр бүр тохиогоод байдаггүй түүний тогтоосон энэхүү зоримог жишиг, манлайлал, чадварыг дэлхийд олон хүн  хүндэлж, биширч үнэлж байдгийг хэлье.

Энд би эмэгтэйчүүдийн улс төрд оролцох оролцооны тухай хэлмээр байна. Эмэгтэй хүн улс төрд оролцох, төрд зүтгэхийг би хувьдаа маш чухал гэж боддог. Эмэгтэйчүүд байгалиас заяасан онцгой хувь заяатай хүмүүс. Эмэгтэйчүүд гэр орондоо байхдаа хөгшин настай хүнээ, нялх балчир үрээ эхэлж харж асарч хүндэлдэг. Эрчүүд тэр бүхнийг төдийлөн олж хардаггүй. Нялх хүүхдээ асрах, өвчтэй хүнээ халамжлахдаа эмэгтэйчүүд илүү. Тийм учраас эмэгтэй удирдагч нийгмийн асуудалд тэгш хандаж чаддаг.

Мөн эмэгтэйчүүд улс төрд байх нь шударга ёсыг бэхжүүлэхэд хамгийн тустай гэж боддог. Унаж уруудаж байгаа улс орны сургамжийг харахад шударга ёс бэхжээгүй, авлига, хүнд суртал газар авснаас үүдсэн байдаг. Эмэгтэй хүн байгалиас өөрт нь заяагдсан тэр эрхийг, боломжийг зөв ашиглах ёстой.

Би ээжийнхээ жишээн дээр хэлэхэд л ээж маань биднийг хүүхэд байхад чихэр байвал хамгийн түрүүнд хүүхдүүдэд тараадаг байлаа. Эмэгтэй хүн боломжийг бусадтай хуваалцаж чаддаг учраас л тэгш эрхийг бий болгож чаддаг. Энд Киргизийн парламентад олон эмэгтэй гишүүд байгааг хараад бахархаж байна.

Монгол Улс хорин хоёр жил парламентын засаглалтай байж ирсэн ч өнөөдөр цөөхөн эмэгтэй гишүүдтэй байна. Бид хуульдаа парламентын гишүүдийн хориос доошгүй хувийг эмэгтэй хүн байлгах тухай оруулсан. Одоо Монголын парламентад эмэгтэйчүүд улам нэмэгдэнэ. Эмэгтэйчүүд улс төрд оролцдог, төрийн ажилд бүр ихээр үүрэг гүйцэтгэдэг тийм нийгэм, улс орон амжилтад хүрч байна. Ийм учраас бид эмэгтэйчүүдийг дэмжих болно. Нэмж хэлэхэд Монгол, Киргизийн аль алиных нь түүхэнд эмэгтэйчүүд өндөр үүрэгтэй оролцож байсныг та бүхэн мэднэ. Эрчүүд нь дайн байлдаан хийгэд улс орноо хамгаалаад том зорилго хэрэгжүүлэхээр явж байхад эмэгтэйчүүд өрх гэр, улс төрөө авч явж байсан. Энэ бол бусад улс үндэстнүүдээс ялгаатай хамгийн чухал зүйл. Эмэгтэйчүүд ийм чадварлаг учраас бид эмэгтэйчүүдээ дэмжих болно. Би хувьдаа улс орондоо олон эмэгтэй удирдагч орж ирээсэй гэж боддог.

Нэг эмэгтэй удирдагч ажлаа алдах нь хамгийн муу мэдээ байна. Харин нэг эмэгтэй удирдагч шинээр ажилд орлоо гэж сонсох нь хамгийн сайн мэдээ гэсэн үг. Хатагтай Роза Отунбаевагийн жишээ бол дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн улс төрийн амжилтыг харуулсан хамгийн сайхан, тод жишээ юм. Хүн төрөлхтөн харж байна, гайхамшигтай.

Эрхэм нөхөд өө,

Монголын ард түмэн 1990 оны цагаан морин жил хийсэн түүхэн сонголтоороо бахархаж байдаг. 1989 оны сүүлээр Монгол оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн тайван замаар нэг ч цонхны шил хагалалгүй гол зорилгоо биелүүлж чадсан юм. Ард түмэндээ эрх чөлөөтэй, бие даан амьдрах хөгжих боломжийг олгосон. Улс төр, эдийн засгийн чөлөөт өөрчлөлтийг Евроазийн цээжинд нэгэн зэрэг амжилттай хийж чадсанаараа Монголчууд ялгардаг. Тийм өөрчлөлтийг Азийн улс оронд зэрэг хийх боломжгүй гэсэн номлолыг ч бид эвдсэн. Дэлхийн аль ч орон газарт төрж оршдог бай ямар ч хүн, ард түмэн эрх чөлөөтэй, өөрийн сонголтоороо амьдарч болохыг бид нотолсон.

Өнөөдөр Монгол улс дэлхийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байна. Бид эрх чөлөөгөө олж аваад зогсохгүй бусдад эрх чөлөөгөө олж авахад нь, түүнийгээ баталгаажуулахад нь туслах үүрэг хүлээсэн. Олон улсын хамтын нийгэмлэгийн энэ өндөр итгэлийг бид биелүүлэхийн төлөө, санаачилгатай ажиллахыг хичээж байна. Өнөөдөр Монгол улс дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байна. Өнгөрсөн онд манай эдийн засаг 17,5 хувиар өссөн нь өмнө нь дэлхийд тэргүүлж байсан Катарын эдийн засгийн өсөлтөөс илүү гарсан үзүүлэлт болсон юм.

Гэхдээ манай орны улс төр, эдийн засгийн салбарт гарч байгаа амжилт нь бидэнд бахархал төрүүлэхээс илүүтэй болгоомжлоход хүргэж байгааг энд хэлэх нь зүйтэй. “Бид ийм ардчиллыг хүсээгүй. Ийм байдал нийгмийн олонхид биш цөөнхөд л ашигтай байна” гэсэн шүүмжлэл эсэргүүцэл сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Манай эдийн засаг өсч байгаа ч тэр өсөлт айлын хаалгаар орохгүй, олонхи иргэдийн маань амьдралд наалдахгүй байгааг би ч шүүмжилдэг.

Манай улсын иргэдийн улс төр, эдийн засгийн эрх мэдэл ардчиллын ачаар Монголдоо ирсэн боловч Улаанбаатарт тэр дотроо төрийн ордонд улам төвлөрөөд байгаа. Тэр эрх мэдлийг төрийн төв байгууллагуудаас авч иргэддээ, ард түмэндээ шилжүүлэх нь юу юунаас чухал. Монголын төр иргэддээ биш эрх мэдэлд, мэдээлэлд, мөнгөнд ойрхон хэсэгт үйлчилдэг байдлыг зогсоохгүй бол, түүнийг өөрчлөхгүй бол Монгол түмний түүхэн сонголт аюулд учрахад ойрхон байгаа юм.

Ардчилсан хувьсгалын утга учир хүртэл орчин цагт өөр болсон. Энэ нь нэг эрх баригчаас нөгөө эрх баригчид эрх шилжихэд зөвхөн оршихоо больсныг бид бүгд ойлгох ёстой. Харин эрх мэдэл иргэдэд бодитой шилжсэн эсэхээр хэмжигдэх болсон. Иргэдийн өдөр тутмын бодит амьдрал, шийдвэр, сонголтоор уг хувьсгалын мөн чанар илрэх ёстой. Хувьсгал бол эрхийн шилжилтээр хэмжигддэг гэдгийг ойлгох ёстой. Эрх мэдэлд хүрсэн хэсэг нь, бүр цөөнх нь хожоод, улс орноо, ард иргэдээ цөлмөөд, олонхи нь хохироод, ядуураад байвал энд ямар ч хувьсгал, ардчиллын тухай яриа байх боломжгүй. Харин түүнийг өөрчлөх уриалгад нэгдсэн нь дээр.

Монголын ард түмэн эрх чөлөөний аугаа мэдрэмжтэй. “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэж сургадаг. Эрх чөлөөг амар хялбар гэж хэн ч хэлээгүй. Бид хэцүү замыг ухамсартайгаар сонгосон. Нээлттэй нийгмийн заналт дайсан бол авлига, хүнд суртал юм. Аливаа ард түмний эрх чөлөөг гаднаас ирж булаахаас илүүтэй дотроосоо булаах нь өнөөгийн ертөнцөд элбэг байна. Улс гүрнүүд гаднаасаа эзлэгдэж биш дотроосоо ялзарч доройтох нь, үймж самуурах нь нэмэгдлээ. Дэлхийн хамгийн ардчилсан гэгдэх төр засагтай орнууд ч ард иргэдийнхээ дургүйцэл бухимдал, тэмцэл хөдөлгөөний бай болсоор байна. Орчин цагийн ардчилалд шинэ жишиг, шинэ дэг журам хэрэгтэй байгаа нь, ардчилалд өөрт нь өөрчлөлт хэрэгтэй байгаа нь харагдаж байна.

Төрийн шударга бус байдлыг ядуу ч бай, баян ч бай улс орнуудад ард иргэд үзэн ядаж байна. Хүмүүсийн мэдээлэл авах боломж улам нэмэгдэж, өөрийн сонголтоороо амьдрах гэсэн чин эрмэлзэл төр засгийн мэргэн шийдвэрүүдийн утга учрыг алдагдуулж байна. Төрд иргэдийнхээ хүсэл сонирхолд үйлчлэх, хуулиа ялгамж үгүй хэрэгжүүлэхээс өөр сонголт үлдсэнгүй. Монголчууд “төр төмөр нүүр”-тэй гэж ярьдаг. Энэ бол өнөөгийн төрийн хүнд хаа сайгүй дутагдаж буй хамгийн гол шинжийг онож хэлсэн үг гэж би боддог. Төрийн бодлого түүний хэрэгжилт нь эрх мэдэлтэй, мөнгөтэй хэсэг рүү инээдэг, тиймгүй хүн рүү ярвайдаг байж болохгүйг бидний өвөг дээдэс эртнээс олж харжээ.

Төрд ажиллана гэдгийг би бусдын зовлон, хүндрэлтэй асуудлыг үүрнэ, шийдвэрлэхэд нь туслана, үйлчилнэ гэж ойлгодог. Төрийн албан хаагч хүн бол “Та миний жаргалыг ав, би таны зовлонг үүрье” гэж ард түмэндээ хөлслөгдсөн хүнийг хэлнэ гэж би боддог. Ингэж ажилдаа хандахыг би төрийн бүх төвшний албан хаагчдаасаа шаарддаг.

Би түмний төлөө ажилласан жилүүдэд нэг юмыг сайн ойлгосон. Тэр бол “эрх мэдэлтэй байхдаа шударга бай” гэсэн зарчим юм. Шударга ёс бол гүйцэтгэлийг шаарддаг. Дарга байхдаа шударга бай. Өөрийн төлөө биш бусдын төлөө ажилла. Бусдаас бүү хулгайл. Бусдын төлөө халуун чулуу барь. Жаргалыг бүү хөө. Зовлонгийн хойноос яв. Хэрэв ингэж чадахгүй бол төрөөс өөрөө яв. Эрх чөлөөт нийгэмд төрд ажиллахгүйгээр сайхан амьдрах боломж хүн бүрт байгааг сана.

Энэ бүхнийг би сайндаа ойлгоогүй. Эрх чөлөөгөө мэдэрсэн, олон юм үзэж хэрсүүжсэн иргэдээсээ үүнийг би сурсан. Би эрх чөлөөг сүүдрээ нуудаггүй тогтолцоо гэж боддог. Эрх чөлөө бол тасралтгүй суралцах үйл явц юм. Иймээс эрх чөлөө хичнээн муудсан ч сайжрах тал руугаа явдаг. Нэг үгээр бол би эрх чөлөөний хүчинд итгэдэг. Эрх чөлөөтэй хүнд л бүтээлч хандлага давамгайлдаг. Бүтээлч хүн хариуцлагатай байдаг. Хариуцлагатай хүн  эрх үүргээ мэддэг. Тийм хүн бусдыг хохироох үйлдэл хийдэггүй. Эмх журмыг, энхийг, амар амгаланг, эв нэгдлийг эрмэлздэг. Ингэж эрх чөлөө, хөгжил дэвшил, энх тайван хоорондоо уялддаг. Иймээс төрд бага эрх мэдэл, бага эрх чөлөө, харин иргэдэд илүү эрх чөлөө, илүү эрх мэдэл төвлөрөхийг би дэмждэг.

Монголд өнөөдөр төрийн олон нийтийн байгууллага гэж байхгүй. Бас төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж байхгүй. Монголд төрийн оролцооноос иргэдийн оролцоо, шүүмжлэлт хандлага улам өсч байгаа. Би үүнийг сайн хандлага гэж боддог. Манай улсад ашигт малтмал тойрсон шүүмжлэлийг нам засгаа, даргаа магтсан магтаал, сурталчилгаанаас хамаагүй олныг сонсож болно. Авлига хүнд суртлыг шүүмжилж байгаа хүний тоо намыг дэмжиж байгаа хүмүүсийн тооноос давж байна.

Би улс орныхоо ирээдүйд итгэдэг. Учир нь Монголын хувь заяа, ирээдүйг тодорхойлоход оролцох манай иргэдийн оролцоо, чадвар улам нэмэгдэж байна. Цоо шинэ үнэлэмжтэй, бас шинэ санаа, шийдэлтэй шинэ үе бойжиж байна. Бас тэдний үе ирж байна.  Монголд шүүмжлэх зүйл олон байгаа ч эрх чөлөөний ачаар сайн мэдээнүүд бас сонсогдсоор байгаа. Эрх чөлөөт хүмүүс л гайхамшгийг бүтээдэг. Эрх чөлөөтэй хүмүүсээс л сайн  мэдээ дуулддаг. Эцсийн эцэст хөгжил төр засгаас ирэх нь улам холдож байна. Аливаа нийгмийн хөгжил дэвшил улс төрчдөөс биш харин тэднээс чөлөөлөгдсөн иргэдээс ирэх нь ойлгомжтой боллоо. Ингэж хөгжил дэвшил бол улс төрчдийн бус чөлөөт үйлдвэрлэгчдийн, эрх чөлөөт иргэдийн бүтээл болох нь батлагдаж байна.

Эрх чөлөөний тэмцэл дуусах гэж үгүй юм. Энэ дэлхийн нэг бөөр нартай байхад, нөгөө тал нь сүүдэртэй байдагтай төстэй ч юм шиг. Монголчууд бид түүхэндээ зарим гүрнийг урт хана хэрэм барихад хүргэж байсан. Харин одоо бид эрх чөлөөний эсрэг хана хэрмийг нураахад дотроо ч, бас бусдыг тийм хана хэрмийг даван туулахад гаднаа ч дэмжиж ажиллах болно. Жижиг үндэстэн, хүн гэж үгүй юм. Харин эрх чөлөөгүй үндэстэн, хүмүүс байсаар байна. Эрх чөлөөтэй амьдрах боломж хүн бүрт бий гэдэгт би итгэдэг. Хүний эрх чөлөөтэй амьдрах хүсэл эрмэлзлийг мөнхөд хязгаарлах боломжгүй. Иймээс энэ дэлхийн хүн бүр эрх чөлөөтэй болох тэр сайн цагийг нэг ч өдрөөр болов наашлуулахын төлөө бүгдээрээ хамтран ажиллацгаая.

Эрх чөлөөт Монгол, Киргизийн ард түмний эртний уламжлалт нөхөрлөл улам бэхжих болтугай.

Монгол, Киргис эгүүрт мандан бадраг.

Кыргыз –  Монголдун достугу кутту болсун.

Эх сурвалж: http://www.president.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж