Хомс дахь Улаан загалмайн байр шатжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Хомс дахь Улаан загалмайн байр шатжээ

Сирийн Хомс хотод байдаг Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн байшин лхагва гаригт юу ч үгүй шатсан талаар Ройтерс мэдээллээ.

Байшин шатсан шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байгаа бөгөөд зарим хүмүүс зэргэлдээх дүүрэгт  их буугаар буудсаны улмаас гал гарсан гэж хэлжээ. Харин Улаан хавирган сар нийгэмлэгтэй ойр байдаг эх сурвалжууд үймээн дэгдээгчид байшинг галдан шатаасан гэж мэдээлж байна. Үймээн дэгдээгчид байшинд Улаан загалмайн нийгэмлэг нүүж орсныг мэдээд санаатай гал тавьсан гэж эх сурвалжууд хэлсэн байна.

Өмнө нь Сирийн улсын өмчит нэгэн компанийн агуулах байсан байшинд Улаан загалмайн нийгэмлэг нүүж очсон ажээ. Сирийн улсын өмчит SANA мэдээллийн агентлагаас террорист бүлэг  гал тавьсан гэж мэдээлжээ. Гал гарах  үед байшинд байсан хүмүүсээс гэмтэж бэртээгүй  гэнэ.

Олон улсын улаан загалмайн комитет Сирийн Засаг захиргаатай удаан хугацааны хэлцэл хийсний эцэст босогчид хүнд нөхцөлд байгаа дүүргүүдэд өөрийн ажилтнуудаа оруулах зөвшөөрөл авсан юм. Хомс хот нь сүүлийн хэдэн сарын турш  Засаг захиргааны арми болон босогчдын ширүүн тулаан болсон газар бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын нэгэнд энэ хотын Баб-Амро дүүрэгт улаан загалмай өөрийн ажилтнуудаа оруулахаар болсон байна.

Олон улсын улаан загалмайн  нийгэмлэг нь Сирийн нөхцөл байдлыг намжаах болон хүн ардад хүмүүнлэгийн тусламж хүргэхээр төлөвлөөд байсан юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж