Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Бүгд Найрамдах Киргиз Улсын парламент болох “Жогорку Кенеш”-д үг хэлэхийн өмнө Парламентын дарга Асылбек Жээнбеков, дэд дарга Асия Сасыкбаев тэргүүтэй парламентын гишүүд бараалхав.
Парламентын удирдлагууд язгуур соёл, уламжлал гарвал нэгтэй монгол түмний өдгөө цагийн Төрийн тэргүүн их Эзэн Чингис хааныхаа мэндэлсний 850 жилийн ойн босгон дээр БНКУ-д ийнхүү зочлон ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын ардчилал, хүний эрхийн салбарт олж буй амжилтаар Киргизийн парламент бахархаж байдгаа онцоллоо. Парламентын дарга Ж.Кенеш хэлэхдээ “Жилийн өмнө Монгол Улс дахь парламентын засаглалыг судлах зорилгоор хэд хэдэн гишүүдээ илгээж байснаа дурдаад өдгөө ч бидэнд сорилт бэрхшээл байсаар байна. Бид Монголын сайн жишээнээс суралцсаар байгаа” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү айлчлалд сэтгэл дүүрэн байгаагаа хэлээд цаашид ч бид Киргиз дэх парламентын засаглалыг дэмжих болно. Ардчилал бол сүүдрээ нуудаггүй давуу талтай учраас бидэнд зааж сургахаас илүүтэй туршлагаа хуваалцах хүсэл байгаа гэлээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Киргизийн парламент Жогорку Кенеш-д үг хэлсэн бөгөөд энэ үеэр тус улсын томоохон телевиз, радиогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгийг шууд дамжуулан үзүүлж орой нь давтан гаргасан юм.