Монгол Улсын Ерөнхийлөгчийг Иссык-Кул мужид хүрэлцэн ирэхэд тус мужийн амбан захирагч болон удирдлагууд угтан авч тахианы аж ахуйн “Шумкар” хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцууллаа.
Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж малчин Суйунбек Асангазиевын гэрт зочлов. Тэрээр эхнэр Жийдекан Асангазева болон дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг өрхийн аж ахуйтан юм.
Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол гэр өргөөнд угтан авсан бөгөөд Киргизийн төрийн далбааных нь голд монгол гэрийн тооно дүрслэгдсэн байдаг нь соёл уламжлалаа хүндэтгэж буйн хэлбэр гэж албаны хүмүүс танилцуулж байв. Суйунбек өөрийн 85 настай ээжийг мөн дэргэдээ авч асардаг бөгөөд ээж нь төрөлх киргиз хэлээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлж байв.
Энэ айл 35 үхэр, 500-гаад хонь, 20 гаруй адуутай юм. Энэ нь Киргизийн дундаж малчин айл гэсэн үг. Энэ хавар хожимдож урь орсон ч тэднийх 150 гаруй эм хониноос 121 төл хүлээн аваад байгаагаа Суйунбек сэтгэл дүүрэн өгүүлж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч малчин айлд зочлохдоо малын бууц, хашаа хороо, мал төллөлтийн байдалтай танилцаж малчны хотонд өнгөрүүлсэн хүүхэд насныхаа дурсамжийг хуваалцан, нутаг орны бэлчээр, малын ашиг шим, малын гаралтай бүтээгдэхүүний ашиг тусын талаар ярилцав. Киргиз нь каракул хонины арьсаараа алдартай бөгөөд Суйунбекийнх мөн каракул үүлдрийн хонь өсгөн нэг кг ноосыг монгол төгрөгөөр тооцвол 5000 төгрөгөөр борлуулдаг юм байна. Ийнхүү малчин өрхийнд зочилсныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Иссык-Кул нуурыг зорин хөдлөв.
Монголын Эзэнт гүрний үеийн түүхэнд “Ишгэн хөл”, “Исгэлэн” гэх зэрэг янз бүрээр нэрлэгдсэн Иссык-Куль нуур нь далайн түвшингээс дээш хамгийн өдөрт өргөгдсөн дэлхийн хамгийн цэнгэг уст нуур бөгөөд Киргиз Улсын зүүн хойд хэсэгт Тянь-Шан, Кунглей, Ала-Тоо уулсын дунд цэлэлзэн оршдог. Иссык-Кул нь өвөл хөлддөггүй учир киргизээр “бүлээн нуур” хэмээн нэрлэгджээ. Киргизчүүдийн бахархан “Киргизийн сувд” хэмээн хайрлагдах энэ нуур Хөвсгөл нуураас талбайн хэмжээгээрээ 2.3 дахин, эзэлхүүнээрээ 4.5 дахин том бөгөөд цэнгэг усны нөөцөөрөө Байгаль нуурын дараа хоёрт ордог байна.