ҮХШХ-ны төлөөлөгчид БНПУ-д айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

ҮХШХ-ны төлөөлөгчид БНПУ-д айлчлав

Монгол Улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Дэд дарга Л.Зориг тэргүүтэй төлөөлөгчид 04 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд Польшийн Бүсийн хөгжлийн яамны урилгаар БНПУ-д айлчлав. Энэхүү айлчлалыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Варшав хотноо байгуулсан ҮХШ-ийн Хороо, БНПУ-ын Бүсийн хөгжлийн яамны хооронд Бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд айлчлалын үеэр төлөөлөгчид Польшийн Бүсийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Конрад Никлевичтэй хэлэлцээ хийж, хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцан, санал солилцов. Уулзалтын үеэр мөн төлөөлөгчид Бүсийн хөгжлийн яамны бүтэц, үүрэг, үйл ажиллагаа, Польшийн бүсийн хөгжлийн үндэсний стратеги болон түүнийг хэрэгжүүлэх арга замууд, ЕХ-ны санхүүжилтээр Польш Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, ЕХ-ны бүсүүдийн тэнцвэржүүлсэн хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх явцад Польшийн талын хуримтлуулсан туршлага зэрэгтэй танилцаж,  дэлгэрэнгүй мэдээлэл авав.

Түүнчлэн төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Польшийн бүсийн хөгжлийн үндэсний стратеги, ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн явцтай газар дээр нь танилцах зорилгоор Польшийн Куявско-Поморски мужид зочилж, тус мужийн хөгжлийн бодлого, стратеги, мужийн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр зэрэгтэй танилцаж, туршлага судлав. Мөн мужийн төв Торун хотноо орших Польшийн Дэд бүтцийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр байгуулсан зарим төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Ийнхүү Монголын төлөөлөгчид Польшийн Бүсийн хөгжлийн яамны үйл ажиллагаа, бүсийн хөгжлийн бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх явцтай танилцаж, туршлага судласнаас гадна цаашид хоёр байгууллага хамтран ажиллах чиглэл, хэлбэрийг тохиролцсоноор Монгол, Польшийн талууд харилцааны шинэ салбар болох бүсийн хөгжлийн салбарт хамтран ажиллах үндэс тавигдав гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж