Бүгд найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид тус улсын шилжилтийн үеийн Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаева бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж эх орондоо ардчилал шинэчлэлийн эх үндсийг тавьж их үйлсийг удирдан олон улсад үлгэр дуурайл болж яваа эрхэм хүндэт хуучны танилтайгаа ийнхүү уулзаж байгаадаа халуун талархал илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгч асан Р.Отунбаева хэлэхдээ, “Ардчиллын үлгэр жишээ удирдагч эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж таныг бидний урилгыг хүлээн авч манай эх оронд ийнхүү айлчлан ирсэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Бид Монгол Улсын ардчиллын ололт амжилтаар бахархан ямагт анхааран сайшааж байдаг. Та бүхэн ч бас бидний өрнүүлж буй ардчилсан өөрчлөлтийн талаар анхааран дэмждэгт бид баяртай байдаг” хэмээв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс даргалж байгаа энэ үед бид ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хөтөлбөр санаачлаад байгаа. Дээрх хөтөлбөрийн хүрээнд хөгжиж буй орнуудад ардчиллын үнэт зүйл, түүний үнэ цэнийн талаар гүн гүнзгий боловсрол олгох зорилго тавин ажиллаж байна. Бид мөн Монгол Улсдаа шүүхийн шинэтгэлтэй холбоотой томоохон ажлыг амжилттай эхлүүлээд байна. Эхний гурван хууль нь батлагдсан. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг эрчимжүүлж, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө 18 хуулиас бүрдсэн багц төслийг санаачлаад байгаа. Бид түүнчлэн ашигт малтмалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар иргэдийнхээ эрх ашгийг илүү сайн хангахын тулд энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд монголын маш олон бизнес эрхлэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн нь хоёр орны бизнесийн болон иргэд хоорондын идэвхтэй харилцааг хөгжүүлэхэд үр дүнгээ өгнө гэж бодож байна. Цаашид хоёр улсын хооронд онгоцны шууд нислэгийг нээх нь ч зүйн хэрэг юм” гэлээ.
Ерөнхийлөгч асан Роза Отунбаева “Би таны саналыг дэмжиж байна. Бид эх орондоо шударга ёсыг бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүй, шүүхийн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай. Мөн бид ДНБ-ийхээ 10 хувийг ашигт малтмалаас олдог учраас энэ тал дээр хамтран ажиллаж харилцан туршлага солилцох нь юу юунаас чухал юм. Манай хоёр улсын соёл угсаа, хэл зүйн онцлог ч их ойролцоо санагддаг. Тухайлбал бид “Уулын цаад нутагт охиноо бэр болгон өгдөггүй” хэмээх эртний зүйр үгтэй. Монголд ийм үг бий гэж сонссон. Энэ мэтчлэн хоёр ард түмний хувьд ижил төстэй олон сайхан уламжлал байгаа нь сайхан хэрэг” гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цаашид бид хоёр улсын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхийн тулд Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан зохион байгуулахыг би дэмжиж байгаа. Энэ удаагийн айлчлал маш үр өгөөжтэй болж байна” хэмээлээ.
Дараа нь Ерөнхийлөгч асан Роза Отунбаева эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаархи Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэн сайшааж буйгаа дурдаад хоёр орны хоорондын харилцааг олон салбарт хамтран хөгжүүлэх тухай бусад сэдвээр ярилцсан юм.
Хатагтай Роза Отунбаева нь Киргизийн их сургуулийн багшаас ажил амьдралынхаа гарааг эхэлж Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, дөрвөн удаа Гадаад хэргийн сайд, АНУ, Канад, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант Улсад суух Элчин сайдаар тус тус сууж, НҮБ-д алба хашиж байжээ. Тэрээр 2004 оноос сөрөг хүчний эвслийн хамтран даргалагч болж улмаар “Асаба” намын хамтран даргалагч, парламентын гишүүн, парламент дахь намын бүлгийн даргын албыг тус тус хашин 2010-2011 оны хооронд Бүгд Найрамдах Киргиз Улсын шилжилтийн үеийн (гурав дахь) Ерөнхийлөгчийн албыг хашсан байна.