Дундговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар Адаацаг сумын нутагт оршдог түүх дурсгалт хийгээд байгалийн үзэсгэлэнт Сүм хөх бүрдийг нөхөн сэргээх хүсэлтийг БОАЖЯ-нд гаргаж, яам төсөв хөрөнгийг шийдээд байна. Говь нутагт бүрдэж тогтсон гэхэд гайхмаар том нуур, усанд зогссон адуу харагдахааргүй өндөр ургасан өтгөн зэгс Сүм хөх бүрдийн урьдын төрх. Чухам ийм төрх одоо зөвхөн сэтгэлд л хагдарч цөөрсөн зэгс харамсал төрүүлсээр удажээ. Тиймээс Сүм хөх бүрдийн үзэсгэлэнт төрх, түүх дурсгалын үнэ цэнийг сэргээхээр Усны судалгаа хөгжлийн хүрээлэнтэй Дундговь аймаг хамтран ажиллах гэрээ байгуулж, үүний дагуу энэ сарын сүүлчээр тус хүрээлэн судалгаа хийж эхлэх гэж байна. Эхний удаад судалгааг ирэх аравдугаар сар хүртэл хийнэ. Жилийн дөрвөн улирлын турш судалгааг үргэлжлүүлэх агаад урьдчилсан байдлаар тус хүрээлэнгийнхэн Сүм хөх бүрдийг нөхөн сэргээж болно гэж үзэж байгаа ажээ.
Э.Сараа