”Амбиц минь намайг зүгээр суулгахгүй байна”

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

”Амбиц минь намайг зүгээр суулгахгүй байна”

“Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч, “Шонхор” телевизийн ерөнхий захирал Л.Мөнхбаясгаланг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Сүүлийн үед Л.Мөнх­баяс­галан “Шонхор” теле­ви­зийг худалдаж авсан ту­хай мэ­дээлэл сэтгүүл  зүйн ер­төнцөд анхаарал та­таж  байна. Жирийн сэт­гүүлч бүсгүй бүхэл бүтэн телевизийг худалдаж авна гэдэг энгийн зүйл биш уч­­раас сонирхох нь зүйн хэрэг.  Хаа­наас ямар бэл бэнчингээр ав­чихав гээд л олон талын хард­лага төрүүлж байгаа энэ асуул­таар яриагаа эхлэх үү?

-Мэдээж хүмүүс “Л.Мөнх­баясгаланд тийм хэмжээний мөн­гө байхгүй. Хэн нэгэн оли­гархи, улстөрч ард нь бай­на” гэж хардаж байгааг би ойл­гож байна. Энэ угаасаа ма­най нийгэмд тогтсон  ойл­голт. Гэхдээ надад боломж бий. Ямар боломж байна вэ гэ­­хээр итгэл гэдэг боломж бай­на. Байх байхдаа бүр асар их байна. Би өөртөө ит­гэж байна. Хамт олондоо ит­­гэж байна. Хүмүүс надад итгэж байна. Нэг л  өглөө  би нэг сая гаруй ам.дол­ларын өртэй, дансандаа 78 мянган төгрөгтэй  сэтгүүлч болж хувир­сан. Энэ бол боломж юм. Гэхдээ хүссэн болгонд олдоод байдаггүй  боломж гэдгийг би ойлгоно. Тийм учраас  өрнөөс айхгүй байна. Өр бол ирээдүйд цуглах баялгийн эхлэл  гэж би  итгэдэг.  Учир нь “Улс төрийн тойм” сониноо анх гаргахад бас л нэлээд хэмжээний өртэй эхэлж байсан. Одоо бол сонин маань боломжийн амьдарч байна.

-Өөрийн гэсэн сонин, бас телевизтэй болно гэдэг өмчийг дээ­дэлсэн шунал гэдгээс илүү сэт­гүүлчийн амбиц гэдэг талаасаа то­дорхой харагдаад байх шиг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ерөөсөө л тэр. Сэтгүүлч хүний хувьд надад амбиц бай­на. Тэр нь өөрийн гэсэн медиа групптэй болъё гэсэн амбиц юм. Энэ медиа группийн онц­лог нь ардаа ямар нэгэн улс­төрчгүй, олигархигүй. Сэт­­гүүлч хүн медиа групп бай­­гуулж яагаад болохгүй гэж. Яагаад сэт­гүүлч хүн ядуу амьдрах ёстой гэж.  Ийм л амбицаар би бөөн ажил эх­лүүлчихээд   сууж байна даа.

-Та телевизээ өр тавиад авсан юм байж. Яагаад тэр хүн заавал Л.Мөнхбаясгаланд телевизээ худалдах бо­лов гэдэг сонирхол татаад байна?

-Надад телевизээ худалдсан тэр хүнд олон хүн санал тавьж, ёстой л шуудай, шуудайгаар  мөнгө өгөхөд бэлэн байсан. Гэвч тэр хүн надад итгэсэн. Би түүнээс юу гэж гуйсан бэ гэвэл “Монголын сэтгүүл зүйд үнэтэй хувь нэмэр оруулаач. Жирийн нэгэн сэтгүүлч хувийн телевизтэй болоход туслаач. Яагаад заавал баячууд телевиз­тэй болох ёстой юм бэ” гэж гуйсан. Нуулгүй хэлэхэд, хэн нэгнээр  телевиз авахуулаад өөрөө дарга нь болох боломж байсан. Гэхдээ би үүнийг хүсээгүй.   Өөрийн гэсэн  юм болгоноо зарах гээд зар өгөөд сууж байна.  Хүмүүс эхнээсээ мэдэж л байгаа. Сэтгүүлчийн  амбиц маань намайг  Ц.Балдорж агсан шиг ажиллаж хөдөлмөрлөхийг шаардаад зүгээр суулгахгүй байна. Тиймээс энэ зорилгынхоо төлөө зүтгэж  эхэл­лээ. 

-Телевизийнхээ нэрийг солих уу. Яагаад “Шонхор” гэж нэрлэсэн юм бэ?

-Энэ нэрийг солихгүй. Хуучин эзэд нь ийм нэр өгсөн байсан. Надад таалагдаж байгаа. Хамгийн гол нь шонхор гэдэг шувуу жижигхэн биетэй ч  хурдтай, зоригтой, хүчтэй, ухаантай шувуу юм билээ.  Бас нэг таалагдаж байгаа зүйл нь “Монголын нууц товчоо”-нд ганцхан шувууны нэр байдаг. Тэр нь шонхор  юм. Надад эмблем, лого нь ч таалагдсан. Тиймээс телевизийнхээ нэрийг со­лихгүй ээ.  

-Та улс төр, тэр тусмаа тойм чиглэлийг сонгож бичих дуртай. Шинээр байгуулж буй “Шонхор” телевизийн  бодлого нь мөн иймэр­хүү байх уу?

-Улс төрийн идэвхтэй байр суурь баримтална. Бас л тоймлоно. Ерөөсөө  Монголын байтугай дэлхийн сэтгүүл зүй аналитик тал руугаа хөгжиж байна. Сайт, телевизүүд өдөржин, цаг тутамд шуурхайн мэдээгээр бөм­бөгдөж байгаа. Тиймээс мэ­дээл­лийн хурдаар өрсөлдсөнөөс той­моор өрсөлд­вөл амжилт олно гэж үзэж байгаа. Удахгүй үйл ажиллагаагаа эхлэх вэб сайт маань ч энэ чиглэлээр  дагнана. 

-”Сайтууд хэл найруулга болон ёс зүйн алдаа ихтэй мэдээлэл бэлтгэдэг. Хариуцлага тооцох эзэн­гүй байдаг” гэсэн шүүмжлэл олон­таа гардаг. Танд сайттай болох зайлш­гүй шалтгаан байсан юм уу?

-Сайт бол мэдээллийн шуурхай  байдлыг хөгжүүлэхэд асар их түлхэц өгч байна. Дээр нь хил хязгааргүй, дэлхий даяар мэдээллийг хүргэж чад­даг учраас вэб сайтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж сайтад сул тал бий. Худлаа мэдээлэл гар­гаад 10 минутын дараа л алга бол­чихдог. Ёс зүйгүй байна гэдэг нь ч үнэн. Тэгвэл ёс зүйтэй, хариуцлага  хү­лээлгэдэг болгочихъё.  Ингээд л болох биш үү.

-Медиа групп гэдэг энэ чиг­лэлээр бизнесийн салбарт хэр ам­жилт олно гэж та бодож байна вэ. Энэ салбарт цөөнгүй өрсөлдөгч буй. Та яаж ноёрхлоо тогтооно гэж төсөөлж байна вэ?

-Ер нь хэвлэл мэдээллийн сал­барын хөгжил медиа групп чиглэлээр давамгайлах хандлагатай боллоо. Зөвхөн сонинтой, эсвэл сайттай, теле­визтэй байгаад амжилт олохгүй нь гэдгийг бид амьдрал дээр харж байна. Сүүлийн хэдэн жилд манай аль урдаа барьдаг сайн сэтгүүлчид талын нэг тарлаа. Уг нь бид нэгдэх ёстой юм. Гэтэл ар дахь эзэд, элдэв амбицууд нь энэ нэгдэлд саад болдог. Одоогоор Монголд “Бодь”-ийн медиа групп анхны хувийн агентлаг болж амжилттай ажиллаж байна. Энэ бол манай сэтгүүл зүйн салбарт гарсан дэвшил юм. Ц.Балдорж агсны байгуулсан медиа групп бол №1 шүү дээ. Хэвлэл мэдээллийг жинхэнэ утгаар нь бизнес болгосон анхдагч бол “Монгол ньюс групп” гэж би боддог. “Шунхлай” бас энэ салбарт хүч түрэн орж ирлээ. Ерөөсөө ингэж л эзэд нь тодорхой, ил тод байх   ёстой. Тэдэнтэй өрсөлдөхийн тулд чад­варлаг багтай байх хэрэгтэй. Тэр баг нь мөнгөн дээр бус чадвар, итгэл хоёр дээр л тулгуурлах ёстой. Нэг үеийн сэтгүүлчид сэтгэл нийлээд ажиллахад  итгэл чухал. Надад  мөнгө байхгүй. Заримдаа цалингаа тавьж чадахгүй ч байж магадгүй. Гэхдээ “Тэр хамаагүй ээ” гээд итгээд ирсэн, гурван жил хамтарч ажилласан сониныхон маань байна. Тэд маань дараагийн том сорилтынхоо өмнө ирлээ. “Сэтгүүлч эзэнтэй медиа групп байгуулахын төлөө бүсээ чангалаад ажиллана” гэцгээж байна. Энэ л  одоогоор бидэнд байгаа хамгийн том баялаг юм. Хэвлэл мэдээллийн салбарт бизнест эрхлэхэд хамгийн чухал зүйл бол мэдрэмж. Мэдрэмжид тулгуурласан авьяас чадвар, түүн дээр  итгэл оршино. Энэ гурван зүйл байхад мөнгийг олж болно.  Тэгэхээр надад айгаад байх юм алга. Нэг сая гаруй ам.долларын өр гэдэг том сонсогдож байгаа нь үнэн. Гэхдээ 2-3 жилийн дотор өрөө барагдуулаад амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Мэдрэмж, авьяас, хамгийн гол нь хамт ажиллах баг  байна.

-Баг гэснээс та багаа бүрдүү­лэхдээ ямар бодлого баримталсан юм бэ. “Улс төрийн тойм”-ыг анх байгуулахдаа л залуусыг сонгодог, тэднийг ёстой тэгээс нь эхлэн бэлтгэж өөрийн хүн болгож авах эрмэлзэл анзаарагддаг байсан. Дандаа шинэ мэргэжилтэн бэлтгээд байх уу. “Акулууд”-ыг нэгтгэх үү?

-Аль, аль нь байх ёстой. “Акулууд” ч байх ёстой. Тийм ч учраас”С1” телевизийн мэдээний албаны даргаар ажиллаж байсан Ө.Отгонбаатарт санал тавьж хамтран ажиллахаар болсон. Отгоо бид нэгэн үеийн сэтгүүлчид, бас  найзууд. Надад маш том итгэл өвөрлөн ирсэнд нь баяртай байгаа. Мөн Д.Сангибат, Б.Өлзий-Учрал нар маань хамтарч ажиллахаар ирсэн. Тэд бол яах аргагүй манай үеийн “акулууд”. Түүнчлэн бид дөнгөж сургуулийн ширээний араас боссон төгсөгчдийг авч ажиллуулан, өөрийн гэсэн өнгө төрх, “школ”-ыг бий болгох сонирхолтой.   Манай сонин ч тэгж чадсан. Одоо манай сониныг өөрийн гэсэн өнгөгүй гэж хэн ч хэлэхгүй. Тоймын чиглэлээр бид хол явна. Улам сайжирна. Тоймчдодоо түшиглэж телевиз нь босох ёстой. Түүнээс биш бид бусдын бэлтгэсэн боловсон хүчнийг худалдаж аваад байж чадахгүй. Мөнгө байхгүй. Тиймээс өөрийн гэсэн “школ”-оо бий болгохоос ажлаа эхэлнэ.

-Та хэвлэл мэдээллийг бизнес талаас нь харж, ярьж байна. Энэ талаараа тайлбарлаач. Магадгүй, таны энэ байр суурийг эсэргүүцэх хүн цөөнгүй байдаг байх?

-Зөндөө шүү дээ. Хэвлэл мэдээ­лэл бол бизнес биш, хэн нэгнийг да­рамтлах хэлбэрээр, сонгууль дөхөөд ирэхээр төлбөртэй мэдээ, нийтлэлээр мөнгө босгодог гэж шүүмжилдэг хүн олон бий. Сонгууль дөхөөд ирэхээр тэртэй тэргүй төлбөртэй нийтлэлүүдийг олон нийтэд хүргэнэ. Энэ бол дэлхийн аль ч оронд байдаг зүйл. Харин “дарамталдаг” гэдгийн тухайд бол Монголын сэтгүүл зүйд ийм зүйл байсан. Гэхдээ одоо энэ жишгийг халж, мэдээг зарж амьдаръя. Мэдрэмжээ заръя. Яагаад болохгүй гэж. Ингэхгүй л бол сэт­гүүл зүй хөгжихгүй шүү дээ. Бид­ний дунд сайн нь ч бий, муу нь ч бий.  Хэн нэгнийг дарамталж мөнгө  олдог хүмүүс бий. Гэхдээ цөөхөн. Тэд угаасаа энэ салбараас аяндаа шахаг­даад ирдэг юм.  Зах зээл нь өөрөө үлээ­чихдэг юм шүү дээ.

-Ингэхэд та энэ их амбицийнхаа төлөө бусдад хэр дарамтлуулж бай­на вэ?

-Ямар нэгэн хэлбэрээр дарамт байнга л ирдэг.   Гэхдээ айхавтар хүнд  хэлбэрээр “Ална, тална” гээд байх­гүй. “Чамайг харна аа”, “Чи чадахгүй ээ” гэх зэргээр өдөрт хэдэн арваараа л дарамт ирж байна. Би Монголын сэтгүүл зүйд 15 жил  зүт­гэж бэрхшээл бүхнийг тууллаа. Өдөр тутмын сонины зах зээл дээр өөрийн гэсэн сонинтой болоод гурван жил өрсөлдлөө. Миний сонин гурван жил биш 300 жил явах сонин. Энэ телевиз ч хэдэн зуун жилийн настай байх болно.   Би өөрөө асар их амбицтай учраас амбиц маань намайг иймэрхүү дарамтаас  авч гардаг. Одоо ч гэсэн үүнд итгэлтэй байна.

-Таны тэр их амбиц улс төр рүү урвачих юм биш биз. Учир нь “Даймонд пресс” клуб байгуулах гэх зэргээр улстөрч эмэгтэйчүүдтэй хам­тарч ажиллах болсон. Мөн таны эрхлэн гаргадаг сонины нэ­рээс ч бодсон энэ чиглэлд илүү элэгтэй  байж магадгүй гэж  хар­даад байна л даа?

-Хэзээ ч үгүй. Би улс төрд орж зиндаа доошлохгүй. Сэтгүүлч бол­сондоо, энэ хувь тавиландаа би хайр­тай юм. Гэхдээ улс төрийг байнга шүүмжилдэг, энэ талаар үгээ хэлдэг л идэвхтэй сэтгүүлч хэвээрээ үлдэнэ. Сэт­гүүлч гэдэг бол улстөрчөөс том байр суурь. Тийм учраас сэтгүүл зүйгээс урваж, улс төрд ортлоо жижигрэхгүй. “Даймонд пресс” клубыг яагаад байгуулсан бэ гэхээр манай сэтгүүл зүйн салбар болон улс төр  эмэгтэйчүүдэд аймшигтай хатуу ханд­даг шүү дээ. Сэтгүүл, сайт, со­нинуудыг хараарай. Эмэгтэй хүнийг зурагтай нь тавиад хайр найргүй муулдаг мөртлөө эрчүүдийг тэгж чаддаггүй. Энэ талаар МУИС-ийн  Чойсамба багшийн хийсэн маш гоё судалгаа байдаг юм. Би түүнийг 2000 онд уншиж байсан шиг санагдаж байна. Гивлүүртэй оронд эмэгтэй Ерөнхий сайд төрчихөөд байхад бид нийгмийн ачааны хүндийг үүрч яваа эмэгтэйчүүдээ хайр найргүй муулахаа болих хэрэгтэй. Тиймээс би дөрвөн сэтгүүлч найзынхаа хамт “Даймонд пресс” клубыг санаачилсан. Нэлээд ирээдүйтэй харагдаж байгаа шүү.

-Тухайн хэвлэл мэдээллийн хэ­рэгслийн ард хэн байгаа талаар таамаглал дэвшүүлээд тэр нь ортой байдаг нь олонтаа харагдсан. Манай сониныг ч энэ таамаглал тойроогүй. С.Батболд, Х.Баттулга байдаг гэж хардаад, түүндээ итгэ­чихсэн байдаг. Яагаад ийм нэр хаяг наах ёстой юм бэ. Одоо таны бай­гуулж буй медиа группийн дээр хэний шошгыг наах бол?

-Сонирхсон зүйлдээ эзэн хайдаг, түүндээ итгэдэг энэ байдал сэтгүүлч биднээс үүсэлтэй. Улмаар нийгэм тэр чигтээ тийм хандлагатай болчихсон. Одоо үүнийг бид өөрсдөө л засахгүй бол өөр хэн засах юм бэ.

-Гэтэл нэр холбогдсон улстөр­чид ч гэсэн яагаад няцаахгүй дуугүй бай­даг юм бэ?

-Тэд худлаа юманд хариу өгч яах юм бэ. Гэхдээ тэдэнд нэг их тааламжтай байдаггүй л байх. Манай сонин байгуулагдсан цагаасаа хойш 10 гаруй эзэнтэй нэр холбогдлоо. Телевиз маань ч тэр хэмжээний эзний нэр дуулах байлгүй. 

-Сонгууль дөхөж байгаатай холбогдуулан хаалтын гэрээ бай­гуу­лах тухай яриа нэлээд гарах боллоо. Ерөөсөө энэ хаалтын гэрээ гэгч л өөрөө Монголын сэтгүүл зүйг хордуулдаг юм биш үү. Та энэ талаар ямар байр суурьтай ажиллах вэ?

-Хаалтын гэрээ хийхгүй. Мөнгөө төлөөд өөрийгөө  хөөрхөн, сайхан гэж  магтуулж болно. Харин бид хэзээ ч бодлогоо бариулахгүй. Ийм л байр суурьтай байгаа. “Хаалтын гэрээ байгуулъя” гэж бараг бүх нам, нэр дэвшигч санал тавьж байна. Тэдэнд “Үгүй ээ”  гээд хэлчихсэн.

-Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг гүтгэсэн хэвлэл мэдээллийн байгууллагатай л ха­риуцлага тооцохоор тусгасан. Гэ­тэл нэр дэвшигчид өөрсдөө л нэг­нийгээ гүтгэдэг шүү дээ. Үүнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага яаж хандах ёстой вэ?

-Би энэ сонгуульд үйл явдлыг  л ажиглах байдлаар оролцоно гэж бодож байгаа. Жишээ нь Ц.Нямдорж сайд, Х.Баттулга гишүүний хэрүүл ид өрнөж байна. Х.Баттулга буруу мэдэгдэл   хийвэл түүнийг шүүмжилнэ. Ц.Нямдорж сайд буруу зүйл хийвэл бас л шүүмжлэх болно. Хоёулаа чимээгүй болчихвол бид чимээгүй л болчихно. Хэн нэгнийг гүтгэж болохгүй. Ер нь улаан цайм гүтгээд байдаг хэвлэл гэж байдаггүй юм. Улстөрчид л мөнгө төлж нэгнийгээ гүтгэсэн нийтлэл хэвлүүлдэг байсан. Түүнийг л больчихъё. Сонгуулийн тухай хуулиа л баримталж ажиллахад болохгүй юм байхгүй биз.  

-Сонинтой байхад та 20 гаруй ажилтантай байсан. Одоо медиа групп болсноор энэ тоо хоёр дахин нэмэгдлээ. Эмэгтэй хүний хувьд  хэтэрхий ачаалалтай, хариуцлага нь том шүү дээ. Энэ мөчид танд ямар мэдрэмж төрж байна вэ?

-Аймаар том хариуцлага. Шөнө бараг нойр хүрэхээ больсон. Гэхдээ хариуцлагаа ухамсарлаж чадаж байгаа юм чинь ажлаа хийж чадах байх. Надад итгээд ирсэн энэ олон хүний ар гэр, амьдралыг давхар үүрэх боллоо. Аль гурван жилийн өмнө сонин байгуулсан тэр цагаас хойш зөвхөн өөрийгөө бодож амьдрахаа больсон шүү дээ. Миний удирдлагад ажилладаг хүний тоо улам олширч байна. Өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргадаг, сэтгэлийнхээ  хөөрлөөр нийтлэл бичдэг үе минь өнгөрчээ.   

-Тэр хүмүүс яагаад танд  итгээд байгаа юм бол оо. Би ч гэсэн яагаад танд итгэж байгаагаа мэдмээр байна?

-Би худлаа ярьж чаддаггүй. Хэзээ ч худлаа ярьж, хуурч, “хулхидаж” байгаагүй. Энэ л миний давуу тал. Надад итгэх шалтгаан энэ л байж магадгүй. Би хэлсэндээ хүрч амьдрахыг хичээдэг. Бас боломжийг хүлээдэггүй. Өөртөө боломж гаргаж амьдарсаар ирсэн. Хэн ч, хэзээ ч надад өндөр цалинтай сайхан ажил амлаж байсангүй. Би өөрөө л тийм боломжийг бий болгож байсан.   Энэ бол миний хувь тавилан. 

-Таны нийтлэлийг санасан уншигчид бухимдаж эхэлснийг анзаарсан уу. Маш ховор бичиж байна. Дэндүү намбалаг, ерөнхий бичдэг болсон байна гэж шүүмжлэх болж. Үүнд нэг хариу хэлсэн нь дээр байх аа?

-Энэ үнэн шүү. Твиттер, мэйл, утсаар, ер нь янз бүрийн хэлбэрээр шүүмжлүүлэх болсон. Гол нь “Нийтлэл чинь цөөрч байна” гэдэг. Үнэхээр цөөрөхөөс ч аргагүй болоод байна. “Долоо хоногт ядаж нэг нийтлэл бичихсэн” гэж бодох юм. Гэтэл телевизтэй болсноос хойш энэ бол зөвхөн мөрөөдөл болчихоод байна шүү дээ. Бүх цагаа  зохион байгуулалтын ажилд  зарцуулж, нийтлэлээ бичиж чадахгүй байгаадаа харамсаж байна. Гэхдээ телевизээр тойм нэвтрүүлэг хийнэ. Тэгэхээр миний уншигчдын гомдол тодорхой хэмжээгээр тайлагдах байх. Нийтлэл бичихээ хэзээ ч орхихгүй. Яагаад гэвэл би  энэ жанрт дэндүү дуртай.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.

У.ОРГИЛМАА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж