Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо явагдаж буй 2012 оны шатрын УАШТ-д эрэгтэй 16, эмэгтэй 13 шатарчид тойргийн журмаар өрсөлдөж байна. Тэмцээн эхлээд хоёр хонож байгаа ч шатарчид хэдийнэ таван өрөг наадаж амжжээ. Эмэгтэйчүүдийн дунд жинхэнэ өрсөлдөөн гарч байгаа юм. Учир нь өнгөрсөн жилийн аварга их мастер Т.Батчимэг, их мастер Б.Мөнгөнтуул нар улсын аваргыг өнжсөн. Учир нь тэд дэлхийн шатрын олимпиадад оролцох бэлтгэлээ хангаж байгаа юм. Эмэгтэйчүүд таван өрөг тоглосноос олон улсын мастер, “Мончесс” клубын тамирчин Д.Янжиндулам 4.5 оноотойгоор бусдыгаа тэргүүлж эхэллээ. Түүний араас “Аврагч” спорт хорооны тамирчин, ФИДЕ мастер С.Отножаргал дөрвөн оноотой нэхэж байгаа бол олон улсын мастер Б.Анхчимэг гурван оноотой тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Харин эрэгтэйчүүдийг их мастер Д.Шаравдорж дөрвөн оноогоор тэргүүлж байгаа юм. Түүнийг өнгөрсөн жилийн аварга М.Гүнбаяр, олон улсын мастер Б.Гүндаваа, их мастер Б.Хатанбаатар нар нэхэж байна.
Б.ЗУЛ
“Үндэсний шуудан” сонин