Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа.
-Нийслэлийн Зөвлөлдөх Хорооны хаврын ээлжит хурал болж намын дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцлээ. Сонгуульд чиглэсэн бүтэц бий болгож энэ чиглэлээр цаашид явуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтон хурлын төлөөлөгчид дөрвөн дэд даргыг сонголоо. Тодруулбал Н.Батаа, П.Батчимэг, Ц.Баатархүү, Ц.Энхцэнгэл нар сонгогдож ажил үүргийн чиглэлээ авсан. Бодлогын баримт бичгүүд үндсэндээ бэлэн болсон. Намын хөтөлбөртэй уялдуулж сонгуулийн компанит ажил эхэлмэгц иргэд сонгочиддоо танилцуулах болно. Нийслэлд нэр дэвшихээ 80 гаруй гишүүд илэрхийлээд байна. Эдгээрийн ихэнх нь гадаадад өндөр боловсрол, мэдлэг эзэмшсэн ид хийж бүтээх насан дээрээ яваа шинэ үеийн төлөөлөл болсон залуу үеийнхэн байгаа. Нийслэлийн АН энэ жилийн сонгуульд чадалтай баг бүрдүүлж оролцох болно. Өөр нэг хэлэлцсэн чухал асуудал нь нийгэмд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч цаашид хэрэгжүүлэх арга алхамын талаар хэлэлцлээ. Нийслэлийн АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс нийгэмд шудрага ёсыг тогтооход чиглэсэн үйл ажиллагаа болон УИХ гишүүн Х.Баттулга, Х.Тэмүүжин нарын явуулж буй үйл ажиллагааг бүрэн дэмжиж уриалга гаргасан.
-НАН, Улаанбаатарт тулгамдсан олон асуудлын талаар сөрөг хүчний байр сууриа илэрхийлдэггүй, шүүмжлэлтэй хандах талаар учир дутагдалтай ажиллаж байгаа талаар хуралд ороцогчид шүүмжлэлтэй хандаж байсан?
-Зөвхөн АН гэлтгүй хэвлэл мэдээлэл, олон түмэн нийслэлийн удирдлагын үйл ажиллагаа, хотын амьдралын түмэн бэрхшээлийн талаар эрс шүүмжлэлтэй хандаж байгаа шүү дээ. Гэтэл хотын удирдлагын зүгээс асуудалд дөжирсөн, дүлий дүмбэ маягаар хандаж байгаа нь хэн бүхэнд тодорхой харагдаж байгаа. Жиш нь:нийтлэлч Д.Жаргалсайхан нарын зэрэг идвэхтэй зарим иргэд мэдлэгтэйгээр, баримт нотолгоотойгоор хотын удирдлагыг шүүмжилдэг байснаа сүүлийн үед цөхрөөд болих шиг болно билээ. Ер нь нийслэл, дүүргүүдийн захиргаанд ажиллаж байгаа одоогийн бүрэлдхүүн нь хуучин Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны үеэс ажиллаж ирсэн хэсэг хөгшчүүд, одоогийн МАН-ын удирдлагуудын гэр бүл, үр хүүхэд, төрөл садан, танил тал зэрэг хөдөө гадаанаас шилжиж ирсэн болон сургууль соёл дөнгөж төгсөөд ажилд орж цаашид зэрэг дэв ахих зорилготой нөхдүүдээс бүрдэж байгаа юм. Хэрэв завтай бол энэ М.Энхболдын урлан бүтээж буй болгосон бүтэц, сүлжээний талаар судалгаа хийвэл цочирдом сонин зүйл гарах байх даа. Өөрөөр хэлбэл ажил хэрэг гүйцэтгэх чадваргүй хүмүүсээр хотын удирдлага бүрдсэн. Ийм учраас орон нутагт эрх зүй, зохион байгуулалт, төсөв санхүү, нөөцийн хувиарлалт зэрэг бүхий л хүрээг хамарсан реформын шинж чанартай өөрчлөлт хийхийн зэрэгцээгээр “захиргааны хувьсгал” хийх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Энэ үхширсэн системд салхи оруулахгүйгээр бид тавьсан зорилгодоо хүрэх боломжгүй нь тодорхой.
-Нийслэлийн удирлагын зүгээс хийсэн ажлаа дор бүр нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд танилцуулж, байнга гарч байдаг шүү дээ?
-Хотын Захиргаа пиар хийх зориулалтаар 500 сая төгрөгний төсөв батлуулж авсан гэсэн. Одоо сонгууль хүртэл орой болгон хотын дарга нар энд тэнд очин шав тавьж, тууз хайчлан ТВ-ээр айл бүрийн хойморт заларах биз. Гэтэл байгаа байдлыг нь харалдаа зөвхөн хог гэхэд асуудал хэвээрээ л байна. Улаанбаатар хот маань хогондоо дарагдаж гүйцлээ. Хог цэвэрлэх нь ганц нэг удаа нийтийг дайчилж явуулдаг кампанит ажил бус байнга хийгдэж байх учиртай норм нормативтай ажил. Иргэдээ хоггүй цэвэр орчинд амьдруулах нь захиргааны хүлээх гол үүргүүдийн нэг нь. Гэтэл захиргаа жилд ганц хоёр удаа субботникийн маягаар хог авсныгаа хогийг чинь цэвэрлэж өгсөн шүү гэсэн янзтай ивээгчийн дүрээр хийх ёстой ажил бүхнээ сүр дуулиан болгон сурталчилдаг. За тэгээд дүүргүүдэд хогоор бизнес хийдэг бүхэл бүтэн сүлжээ үүсэн талаар байнга л яригдах боллоо. Хог ялган боловсруулах үйлдвэртэй болно гэж сүүлийн 10-аад жил ярилаа үр дүн гардаггүй. Хотын Захиргаа ажилдаа нэг иймэрхүү л хандаж байна шүү дээ.
-Саяхан ЗГ аас шинээр орон сууц авах иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй зээл олгож “100 мянган айлийн орон сууц“ хөтөлбөрийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Үүнтэй зэрэгцээд Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Таун хаус” хөтөлбөр дэвшүүлээд явж байна. Иргэдийг орон сууцжуулах талаар та ямар бодолтой явдаг вэ?
-АН хамтарсан Засагт орж эхлүүлж чадсан ажилуудын нэг нь “100 мянган айлийн орон сууц” хөтөлбөр. Иргэдээ орон сууцжуулах нь бидний өмнө тулгараад буй олон асуудлыг шийдэх түлхүүр гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх байх. Энэ нь иргэдийн амьдралын чанарыг эрс дээшлүүлэх чухал ач холбогдолтой тулгамдсан асуудалын нэг яах аргагүй мөн. Ядаж л утаа, хөрсний бохирдол, хог, хүний эрүүл мэнд зэрэг тулгамдсан олон асуудлыг нэг дор шийднэ. Таны дурдсан энэ хоёр хөтөлбөрийг хослуулаад явах нь зүйтэй болов уу. Энэ төслийн хувь заяатай холбоотой санаа зовоосон асуудлууд олон байна. Ипотекийн зах зээл юу болсон бэ. Төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр хаана байна. Нөгөө нийгмийн даатгал, гадаад дотоод эх үүсвэр юу болсон бэ гэх мэт. Үнийн хөөрөгдөл газар авлаа. Барилгын кв.м үнэ эрс өслөө. Жишээ нь III,IV хороололын 3 өрөө хуучин байрны үнэ 100 сая хол давлаа. Ноднингийн мөн үетэй харицуулхад 40-50 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Барилгын сезон эхлээгүй байхад материалын үнэ эрс нэмэгдэж эхэллээ. Импортын материалын үнэ ч нэмэгдэж байна. Төмрийн үнэ гэхэд 15-20 хувь нэмэгдэж нэг ширхэг тоосго 350 төгрөгт хүрлээ. Энэ нь жирийн иргэдэд нэмэлт дарамт үүсгэх боллоо. Мэдээж энэ төслийг хэрэгжүүлэхэд дэд бүтцийн томоохон асуудлыг хамтад нь шийдэх учиртай. Өнгөрсөн зууны 60-70 аад оны үед хуучин Зөвлөлтийн тусламжтайгаар байгуулсан цахилгаан, дулааны шугам сүлжээ ачааллаа даахаа больж байна. Мөн толгойн /цахилгаан станц/ хүчин чадал дутагдаж эхэллээ. Нөгөө V цахилгаан станцын асуудал юу болж байгаа билээ. За тэгээд төв цэвэрлэх байгууламжийн шинчлэл гэх мэт хоолойд тулсан асуудлуудыг зайлшгүй шийдвэрлэх шаардлага тулгараад байна. Асуудлыг сонгуулийн шоу маягаар биш иж бүрнээр нь авч үзэх нь чухал юм. Сонгууль болдогоороо л болж, амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ гэдгийг жаахан бодолцож асуудалд нухацтай, хариуцлагатай хандмаар байна.
-Сонгуулийн шоу гэснээс ЗГ-ын зүгээс гэнэт гэнэт янз бүрийн аян, хөтөлбөрүүдийг дэвшүүлэх боллоо?
-Тиймээ мал аж ахуйг хоршооллох III аян маягийн зүйлийг ЗГ-аас зарлах шиг боллоо. 1932 онд коммун гэж байгаад тарсан. 1960 онд Монгол Улсад нэгдэлжих хөдөлгөөн бүрэн ялсаныг заралаж тухайн үедээ Ю.Цэдэнбал ”Нэгдэлжих хөдөлгөөн ялсан нь 1921 оны ардын хувьсгалтай эн зэрэгцхүйц түүхэн ач холбогдолтой чухал үйл явдал боллоо” гэж дүгнэж байсан. Социализмын жилүүдэд ЗХУ-д тавьсан 17 тэр бум долларын өрийн 70-80 хувийг энэ салбарт үр ашиггүй гэж хэлж болохоор хөрөнгө оруулалт хийж 1990 хүртэл хүчээр барьж байгаад дийлэлгүй Нэгдэлүүд зүй ёсоороо тарсан байдаг. Ер нь манайх шиг нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг улс орон хоршооллож байсан туршлага энэ дэлхий дээр хэр олон байдаг юм бол доо. Баабарын хэлдэгээр хэн нэгэн Монголын түүхэнд “Гавъяа” байгуулж үлдэх эсвэл энэ хөтөлбөрийн нэрээр бас дахиад “бизнес” хийх гэсэн юм болов уу даа. Болж бүтээд өөрийгөө аваад явж буй ганц салбараа оролдох хэрэг байгаа ч юм уу. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээч болох вий дээ. Саяхан бас “Эрүүл Монгол хүүхэд” гэсэн хөтөлбөр зарлаатхав. За тэгээд тэр аяныхаа нээлт дээр Монголын төр 1990 оноос хойш хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хайхрахгүй хаячихсан юм байхаа. Олон хүүхэдтэй хүн болохоороо таван хүүхэдтэй энэ зовлонг сайн ойлгодог хүний хувьд Ерөнхий Сайд Сү.Батболд энэ ажлыг эхлүүлж байгаа ухааны юм ярьж байх юм. Бүх жирэмсэн эхчүүд хяналтанд байж төрсний дараа хүүхэд таван нас хүртлээ өрх, сумын эмчийн хяналтад байдаг талаар захын ээж хэлээд өгөх байлгүй. За тэгээд энэ аяны хүрээнд нэг удаагийн ерөнхий үзлэгээр хүүхдийн өндөр жин даралт гэх мэтийг үзэж мэдээллийн баазтай болно гэнэ. Тэр “Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөр нь заавал зургадугаар сарын 1-нд дуусдаг нь ч бас юу вэ. Ингэж хүүхдээр шоу хийж болохгүй шүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн ярих нь хойтон жил нь 5 см өсч, 5 кг нэмэгдэх хүүхдийн ганцхан энэ жилийн мэдээлэлийг гаргаж хадгалах, 10 настай хүүхдийн даралтыг үзэх ямар шаардлага байгааг гайхаж байна. Энэ талаар ҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатарын ярьж байгааг зөв гэж бодож байна. Бидний даатгалын мөнгөнөөс энэ кампанит ажилдаа 18 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа шүү дээ. Харин үүний оронд энэ их мөнгийг хүүхдийн эмнэлэг барихад ч юм уу эсвэл амьдрал дээр ихээхэн тохиолддог хүүхдийн өвчлөл болох шүд, нүд эсвэл чих, хамар, хоолойн үрэвсэл, хоолойн ангина зэрэг өвчнийг эмчилж хүүхдүүдийг эрүүлжүүлэхэд зориулбал илүү үр дүнтэй ажил болно гэж бодож байна. Мөн ургийг оношлох, хүүхдийн түнхний мултралыг эрт үед нь оношлох тоног төхөөрөмжөөр эмнэлэгүүдээ хангахад чиглүүлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд ярьж хэлж байна.
-УИХ-ын хаврын чуулган эхэллээ. Хоёр сонгуулийг хамтад нь хийх асуудал юу болж байна?
-Хоёр сонгуулийг хамтад нь явуулах талаар манай намын байр суурь нэгэнт тодорхой байгаа. Энэ талаар олон ч удаа ярилаа. Харин эрх баригч МАН-ын зүгээс зориудаар эрх зүй, зохион байгуулалтын хүндрэл бэрхшээл учруулж орон нутгийн сонгуулийг гацаахад чиглэсэн үйл ажиллагааг удаа дараа явуулж байгаа шүү дээ. Засгийн газар нь ч хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хуулиар хүлээсэн үүргээсээ ч илт зайлсхийх боллоо. МАН-ын зүгээс хэсэг, хороо, дүүргийн захиргаан дээр түшиглэсэн бүтэцээр сонгуулийг явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл орон нутгийн сонгууль бүх нийтийн сонгууль биш засаг дарга нарын “тойрон хүрээлэгчид”-ийн сонгууль болж хувираад удаж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд нь шийдвэрлэх түвшинд эрх мэдэл бага, Засаг дарга нарынхаа гарт орчихсон, дээрээс өгсөн төсвийг баталчихаад Хайнань, Чежу, Сентоза арлаар бүрэлдхүүнээрээ амарч зугаалж явах юм. Хэний мөнгөөр ингэж явдаг нь тодорхой шүү дээ. За тэгээд сонгогдож томилогдсон Засаг дарга ,захиргаа нь ажил үүргээ тун хангалтгүй биелүүлэхийн хажуугаар “муу дээр муу муухай дээр улцан нэмэр” гэдгийн адил захиргааны тээрэм тонуул газар авч идэж уух нь дийлдэхгүй байх жишээтэй. АТГ-т бөөн бөөнөөрөө шалгуулж байдаг ийм дүр зураг, системийн гажуудал нь нийгэмд МАН-ын ретингийг унагах ч яахав. Хамгийн гол нь “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”-ийн нэр хүндийг олон түмний дунд унагаж ,уландаа гишгэлж байгаа нь нэн харамсалтай явдал юм.