Туялзуур сэлэмний лигийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Туялзуур сэлэмний лигийн тэмцээн эхэллээ

Монголын туялзуур сэлэмний холбооны 2012 оны лигийн тэмцээний нээлт өчигдөр Хаан банкны театрт боллоо. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо, Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр, Азийн туялзуур сэлэмний холбооны ерөнхий санхүүч Клифф Вон нарын албаны хүмүүс оролцлоо.

Монголын туялзуур сэлэмний холбоо 2009 онд байгуулагдсан бөгөөд өдгөө лигийн тэмцээн зохион байгуулах хэмжээнд хүрч, олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнд эх орныхоо нэрийг гаргах хүчтэй өрсөлдөгч болсон гэдгээрээ онцлог байлаа. Энэ дашрамд нээлтийн ажиллагаанд оролцсон Азийн туялзуур сэлэмний холбооны ерөнхий санхүүч Клифф Вон хэлэхдээ “Монголд арваад хоногийн турш сайхан байлаа. Монголын туялзуур сэлэмний холбооны энэхүү үйл ажиллагааг дэмжиж сургалт, зөвлөгөө явуулсан минь их үр дүнтэй боллоо. Монголчууд их авьяаслаг, эрч хүчтэй, бас залуучууд энэ спортоор хичээллэж байгаа нь сайшаалтай байна. Мөн богино хугацаанд хичээллэж байгаа ч ирээдүйд өндөр амжилт гаргах төлөвтэй байгаа нь харагдаж байна. Азийн туялзуур сэлэмний тамирчид дэлхий болон олимпийн наадамд өндөр амжилт гаргадаг бөгөөд Монголын тамирчид хүч түрэн орж ирж өрсөлдөөнийг улам ширүүн, сонирхолтой болгож байгаа нь сайхан хэрэг болж байна. Азийн туялзуур сэлэмний холбооны гишүүний нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар болон МҮОХ, МТСХолбооны хамт олонд гүн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Монголын шилдэг тамирчдад Азийн шилдэг баг болохыг хүсэн ерөөе” хэмээв.

Мөн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр  “Дэлхийн хамгийн сонгодог спортуудын нэг туялзуур сэлэмний спорт нь XVI зууны үед баруун Европ тивд үүссэн түүхтэй. Үүнээс хойш урлаг, бие хамгаалах урлагийг хослуулан хөгжсөөр өнөөгийн боловсронгуй хэлбэрийг олсон юм. 1896 онд улс түмний эв найрамдлыг бэлгэдсэн олимпийн наадам анх удаагаа Грекийн Афин хотноо зохион байгуулагдахад албан ёсны хөтөлбөрт нь багтсанаас хойш бүх олимпийн наадамд багтжээ. Монголын туялзуур сэлэмний холбоо байгуулагдаад гурван жил болж байгаа ч чамгүй амжилт үзүүлж ази болон дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Олимпийн жил давхцаж байгаа энэ жил лигийн анхны тэмцээнийг зохион байгуулж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг боллоо. Мөн мэргэжлийн тамирчид олноор төрж, өрсөлдөөн улам ихсэхийн хэрээр лигийн хэмжээнд тэмцээнийг зохион байгуулах болсон нь онцлог болж байна. Мөн дасгалжуулагчаа бэлтгэж гадны дасгалжуулагчийг урин авчирч туршлага судлах, ур чадвараа дээшлүүлэх, цаашлаад өсвөрийн ДАШТ-д оролцсон явдал, мөн удахгүй болох Азийн аварга шалгаруулах тэмцээн гээд бидний өмнө их ажил байна” гэж онцлон хэлж байв.

Нээлтийн үеэр өнгөрсөн 2011 онд Италийн Сицили аралд болсон ДАШТ-нд амжилттай оролцож, Монголын туялзуур сэлэмний анхны ялалтыг авчирсан тулаанч Э.Баярбат, Э.Орхон нарт дурсамж гардууллаа. Мөн ОХУ-ын Москва хотноо болж буй өсвөр үеийн
туялзуур сэлэмний ДАШТ-нд Монголын өсвөрийн тамирчин анх удаа дасгалжуулагчийн
хамт оролцсоныг дурдлаа.

Нээлтийн үеэр дөрөвдүгээр сарын 20-29-ны хооронд Япон улсын Вакаяма хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн бүсийн олимпийн эрх олгох тэмцээнд манай улс бүтэн багаараа оролцох болсоныг дурдаад, тамирчдыг албан ёсоор танилцуулсан юм.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид:

Туялзуур сэлэмчин, тулаанч Э.Баярбат, Б.Батхүлэг, Э.Орхон, Ж.Энхжаргалан, С.Бат-Ерөөл, Б.Цэнгэл мөн Герман болон Белгид улсад бэлтгэлээ хийж буй Б.Баттөмөр,  Ю.Ариунзаяа нарын тамирчид эх орноо төлөөлөн оролцохоор болсон байна. 

Лигийн тэмцээний тухайд эрэгтэй 16 тамирчин хүнд сэлэмний төрөлд хүч
үзэх бөгөөд Монголын туялзуур сэлэмний холбоо энэхүү тэмцээнээс эхлэн
тамирчдад лиценз олгож, чансаа тооцож эхэлж байгаа бөгөөд энэ нь эх
орноо төлөөлж, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох гол шалгуур болж
байгаа юм.

Лигийн тоглолтыг АПУ компани ивээн тэтгэж байгаа бөгөөд шагналын нийт сан таван сая төгрөг бөгөөд түрүүлсэн тамирчин нэг сая төгрөг хүртэх аж. Мөн хэсгийн болон хагас шигшээгийн хожил бүрт мөнгөн шагнал дагалдах аж.

Тэмцээнд оролцож буй 16 тамирчин хоёр хэсэгт хуваагдах бөгөөд хэсгийн тоглолтоос шалгарсан шилдэг найман тамирчин цааш аваргын төлөө тоглох аж. Тэмцээнийг монгол туялзуур холбооны шүүгч, дасгалжуулагч н.Бадрал, н.Галданжамц нар шүүх аж. Монголын туялзуур сэлэмний анхны лигийн тоглолт өчигдөр таван тоглолтоор эхэллээ. Тоглолтын үргэлжлэх гурван минут бөгөөд түрүүлж таван оноо авсан тамирчин хожлыг авах аж.

Ингээд өчигдөр болсон тоглолтыг танилцуулъя.

  1. Б.Батхүлэг – Э.Баярбат – 5:2
  2. Ж.Энхжаргал – С.Бат-Үүл
  3. Бат-Амгалан – Батхүү – 5:1
  4. Цэвэгдорж – Чинбаяр – 5:3
  5. Ганзориг – Жигжидсүрэн – 5:0

Тэмцээн амралтын өдөр бүр Хаан банкны театрт болох бөгөөд ирэх тавдугаар сарын 20-нд өндөрлөнө.

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж