“Мьянмарын эсрэг хоригийг багасгана”

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

“Мьянмарын эсрэг хоригийг багасгана”

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон  АНУ-аас Мьянмарын эсрэг санхүүгийн болон жуулчлалын хоригоо Аун Сан Сүү Күй сонгуульд ялалт байгуулсантай холбогдуулан багасгана гэж лхагва гаригт мэдэгдсэн талаар The Guardian бичлээ.

Х.Клинтон хэлэхдээ Мьянмарт ардчилсан шилжилт болж байгаад америкийн компаниуд тус оронд хөрөнгө оруулах болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх хоригоо Вашингтоноос зөөлрүүлэх болно гэжээ. Түүнчлэн Мьянмар олон жилийн турш цэргийн дэглэмтэй байсан учир  Обамагийн Засаг захиргаа болгоомжтой хандах ёстой гэж Х.Клинтон хэлсэн байна.

Мьянмарын Парламентын доод танхимд Аун Сан Сүү Күйгийн тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний холбоо намаас нөхөн сонгуулиар 43-45 суудал авсан нь томоохон дэвшил юм гэж Х.Клинтон тэмдэглэжээ.

АНУ нь Мьянмарт элчин сайдын яамаа хорин жилийн дараа нээх болон Олон улсын хөгжлийн агентлагаа ажиллуулах бодолтой байгаа юм. Зарим албаны хүмүүс Мьянмарт хөдөө аж ахуй, жуулчлал, цахилгаан холбоо болон банк санхүүгийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа ч одоогоор тодорхой шийдвэр гаргаагүй байна.

Ардчиллыг хөгжүүлэх, эрүүл мэнд болон боловсролын салбарт ашгийн бус төсөл хэрэгжүүлэх хувийн байгууллагуудыг АНУ зөвшөөрөхөд бэлэн гэж Х.Клинтон хэлсэн ажээ. Түүнчлэн Мьянмарын албаны хүмүүс болон улс төрчдийг АНУ-д зорчих визийн зөвшөөрөл олгоно гэж тэрээр нэмж хэлсэн юм. АНУ удаан хугацаанд Мьянмарын иргэдэд визний хориг тавиад байсан билээ.

Мөн Мьянмар улсыг улс төрийн хоригдлуудаа суллахыг, сулласан иргэдийнхээ эрх чөлөөний хязгаарлалтыг цуцлахыг, олон үндэстэн ястныг нэгтгэхийг мөн Хойд Солонгостой цэргийн харилцаагаа таслахыг АНУ хүсч байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж