Үндэсний шигшээ багийн тамирчид 2011 онд нийт 63 удаагийн тив дэлхий, олимпын эрхийн болон олон улсын тэмцээнээс 224 медаль авсан нь өмнөх жилүүдэд байгаагүй амжилтыг үзүүлж, алт мөнгөн медалийн хувийн жин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Өнөөдрийн байдлаар “Лондон 2012” 30-р олимпын наадамд оролцох 12, паралимпын 14-р наадамд оролцох 9 эрх аваад байна. Цаашид 30-аас доошгүй эрхтэйгээр олимпд оролцохоор төлөвлөж байгаагаа Биеийн тамир спортын газрын дарга Б.Наранбаатар энэ үеэр Ерөнхий сайдад танилцууллаа.
Мөн хуралдаанаар “Лондон 2012” олимпд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компаниар хийлгэхээр тогтож, харин тамирчдын хүсэлтээр бэлтгэлийн хувцсыг Япон Улсын АSICS компаниас авахаар боллоо. Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр мөн Үндэсний болон залуучуудын шигшээ багийн тамирчдын цалингийн зэрэглэлийг нэмэгдүүлэх, олон улсын төсөл хөтөлбөр тусламжаар орж ирдэг спортын тоног төхөөрөмжид гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг хөндлөө.
Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд гишүүдийн гаргасан саналыг дэмжиж, нааштайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллах болно гээд баг тамирчид, дасгалжуулагчид бэлтгэл сургуулилтаа улам эрчимжүүлж, Лондонгийн тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг олонтой мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хэллээ.