Түүнийг өмнө нь АТГ-т мөнгө завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байсан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгож байв. Хэргийг хэрэгсэхгүй болгосон хяналтын шатны шийдвэрийг тус аймгийн иргэдийн төлөөллүүд эсэргүүцэн гомдол гаргаснаар энэ хэргийг дахин шалгасан билээ. Засаг дарга Э.Цасчихэр нь тус аймагт хоёр жилийн өмнө барихаар төлөвлөсөн Нарийн голын 325 км, Тээлийн голын 75.3 км гүүрийн барилгын ажил гүйцэтгэх ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлсэн, төрийн албан хаагчдын таван давхар орон сууц барихдаа дөрвөн давхар болгосон зэрэг олон хууль бус үйлдлүүд гаргасан талаарх гомдлын дагуу шалгаж, тогтоосон юм байна.
Харин албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдоод буй Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлээд байгаа.
Ж.Баянмөнхийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа билээ.