10 сая хүн өлсч үхэх аюулд оржээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

10 сая хүн өлсч үхэх аюулд оржээ

Чад улсын нүүдэлч арабууд үхэр тэмээгээ хариулан бороо хур даган нэг газраас нөгөө рүү нүүдэллэдэг. Гэвч Африкийн зүүн хэсгийг бүхэлд нь дайрсан тул нүүдэллэхээ ч больжээ.

Африкийн үржил шимгүй, ангамал Сахелийн бүсэд оршдог орнуудад ган гачиг нүүрлэх нь ховор үзэгдэл биш боловч нутгийн иргэд болон хүмүүнлэгийн ажилтнууд энэ жилийнх шиг аймшигтай ган нүүрлэж байсан удаагүй хэмээн ярьжээ.

Ган гачгийн улмаас хүнсний хомсдолд орж, өлсгөлөнд нэрвэгдсэн олон сая хүний хувь заяа дээсэн дөрөөн байгаа аж. 18 сартай Гони нэртэй хүү үхэл амьдралын зааг дээр буй Африкийн олон сая хүүхдийн нэг.

Түүнийг арай гэж амьтай голтой байлгаж буй тэжээлийн гуурсыг унагачихгүйн тулд гарыг нь боожээ. Хүүгийн ээж Сайди Мухамед хажууд нь тэвчээртэй сахиж байгаа.  Энэ жил ургац огт гараагүй, суулгац ч ургаагүй учраас идэх юм байхгүй болсон гэж Сайди ярьжээ.

Бүсгүй хүүгээ хүмүүнлэгийн төвд авчрах үед нүдээ ч нээх тэнхэлгүй болтлоо сульдсан байжээ. Сайдид Ливид амьдардаг хамаатнууд нь амь зуулгын мөнгө явуулдаг байсан ч өнгөрсөн жил бослого гарч, хурандаа Каддафийн дэглэм унасны дараа тэд нар нь дүрвэжээ.

Бүсгүйн амь зуулга тасарч, үнэ нь тэнгэрт хадсан хоол хүнс авч чадахгүй болсон аж.  Хүүгээ тэнхэрнэ гэж найдаж буй Сайди хаашаа, хэн дээр очихоо мэдэхгүй ч гэр рүүгээ буцах бодолтой аж.

НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнуудын мэдээлснээр Африкийн ган гачиг нүүрлэсэн орнуудад 10 сая хүн өлсөж үхэх аюулд ороод байгаа бөгөөд тэдний нэг сая гаруй нь хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүд аж.

Ургац хурааж чадаагүйгээс хоол хүнсгүй болсон олон сая африк эмэгтэйчүүд үр хүүхдээ алджээ. Адоум гэгч бүсгүй идэх хоолгүйгээс дөрвөн настай хүүгээ үндсээр хооллож байсан ч удалгүй нас барсан байна.

Өлсгөлөнд нэрвэгдсэн тэдгээр хүмүүс өнөөдөр юу идэх вэ гэж бодохоос маргааш гэж байхгүй болжээ. Африкчууд өнөө маргаашийг аргацаахын тулд эд хогшил, мал сүргээ зарж хүнс худалдаж авч байгаа талаар хүмүүнлэгийн ажилтнууд ярьжээ. Ган гачиг нүүрлэсэн орнуудад өлсгөлөнгөөс гадна хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан нь бас нэг том бэрхшээл болж байгаа аж.

Өлсгөлөнд нэрвэгдсэн сая сая хүнд яг одоо л туслахгүй бол оройтоно гэж тэнд ажиллаж буй хүмүүнлэгийн ажилтнууд анхааруулсан байна.

НҮБ-ын Хүүхдийн сан Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн тэдгээр хүүхдүүдэд туслах санд хандив өргөхийг уриалж, “Facebook”, “Twitter” болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр өргөн хүрээтэй кампанит ажлыг эхлүүлээд байна.

Африкийн ган гачиг, өлсгөлөнд давхар нэрвэгдсэн сая сая хүмүүст хүнсний тусламж үзүүлэхэд нэн даруй 120 сая ам.доллар шаардлагатай гэнэ. НҮБ-ын Хүүхдийн сан одоогийн байдлаар 30 сая ам.долларын хандив цуглуулаад байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж