YouTube болон “Парамонт пикчурес” компаниуд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа өчигдөр албан ёсоор зарлалаа. Уг гэрээний дагуу “Парамонт”-ын 500 киног YouTube-ээр үзэж болно.
Ингэснээр “Парамонт” YouTube-тэй хамтран ажиллаж, тус сайтын онлайн видео архивийг бүрдүүлж буй тавь дахь томоохон компани боллоо. “Дисней”, “Сони”, “Уорнер брос” , “NBC Universal” нар өмнө нь хамтран ажиллаж эхлээд байсан юм. Ийнхүү YouTube 9000 шахам киноны архивтай болж байна.
Нэг кино үзэх эрх 2-4 ам.доллар байдаг бөгөөд нэгэнт худалдаж авсан эрх 30 хоног хүчинтэй байдаг ч үзээд эхэлсэн киногоо 24 цагийн дотор үзэж дуусгах шаардлагатай гэнэ. Шинэхэн гэрээний дагуу өнөө жилийн Оскарын хүчтэй өрсөлдөгч байсан Мартин Скорсисийн “Хюго” зэрэг кинонууд уг сайтын архивт орно.