-Монголд Азийн 18 орны эмэгтэйчүүд чуулж байна. Чингис зочид буудалд өчигдөр эхэлсэн “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох нь” сэдэвт Азийн бүсийн бага хуралд бүсгүйчүүд их ач холбогдол өгч байгаа бололтой. Манайд Жендерийн хууль хүртэл батлагдсан. Энэ сонгуулиар эмэгтэйчүүдэд нэлээд боломж олгож байна гэж ойлгож болох уу?
-Энэ бага хурлаар Азийн эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх тухай чухалчилан ярьж байгаа нь уг асуудал дэлхий нийтийн анхаарлыг татахуйц болжээ гэж ойлгогдож байна. Улс төрийн амьдралд оролцох эмэгтэйчүүдийн эрхийг олон улсын конвенциор хамгаалсан байдаг. Гэвч энэ абстракт эрхийг бодит зүйл болгох нь ямар бэрхшээлтэй байдгийг орон орны хүүхнүүд ярьж байна. Монгол Жендерийн хуультай болсонд гадныхан талархаж байна. Гэхдээ эмэгтэйчүүдийг намын нэр дэвшигчдийн жагсаалтад ор нэр төдий байрлуулах, тэднийг сонгогдох боломж муутай дүүргүүдэд хуваарилах, нэр дэвшигчийн жагсаалт дахь боломжийн байршлаас хугацаа тулсан үед хасах зэргээр чанарын өөрчлөлт хийлгүйгээр хууль гаргаж өгсөн гэсэн байдлаар хандаж магадгүй байдаг гэсэн туршлагыг манай бүсгүйчүүд анхааралдаа авсан байх. Цаашилбал, дэлхий нийтээрээ хүйсийн хооронд тэнцвэртэй, тэгш байдалд үндэслэсэн ардчилсан засаглалын хандлага руу шилжиж байгааг манай улстөрчид мэдэж байгаа ч мэдээгүй дүр эсгэж буйг сануулж байх хэрэгтэй байна. Манай клубынхан Азийн бүсийн энэ бага хуралд ач холбогдол өгч оролцож байна. Энэ бага хурлаар ярьж байгаа асуудал нь бидний дэвшүүлж байгаа зорилготой ижил байгаа бөгөөд их зүйл сонсож, мэдэж авлаа.
-Эмэгтэйчүүдийн маш олон төрийн бус байгууллага байхад та бүхэн дахин нэг эмэгтэйчүүдийн тодотголтой клуб байгуулсан байна. Юуны учир ийм клуб байгуулсан юм бэ?
-Монголын сэтгүүл зүйн хөгжлийг аль ч цаг үед өдөр тутмын сонин, түүний сэтгүүлчдээр хэмжин тодорхойлж ирсэн байдаг. Энэ том фронт дээр өдөр тутмын сонины эрхлэгч байна гэдэг бол арми удирдахын дайны хүчирхэг, хатуу байхыг шаарддаг ажил. Энэ хариуцлагатай албан тушаалыг хашиж яваа эмэгтэй эрхлэгч нар цөөнгүй болсон. Өдөр тутмын 14 сонины 11 нь эмэгтэй эрхлэгчтэй байна. Сонин гэлтгүй телевиз, вэбсайт, чөлөөт сонинуудыг ч адил бүсгүйчүүд голлон удирдаж байна. Энэ бол нийгэмд нөлөөлөх маш том хүч. Хэвлэл мэдээллийн салбарын эмэгтэй удирдлагууд ч зөвхөн байгууллагаа удирдаад явах бус нийгэмд тодорхой байр суурьтай байж, үүрэг хариуцлага хүлээх цаг болсон, ийм чадал чансаа ч суусан байна. Тиймээс бид “Diamond press” клуб байгуулсан. Сэтгүүлч эмэгтэйчүүд хамтарч бусад салбарын эмэгтэйчүүдээ дэмжих зорилготой клуб гэж ойлгож болно. Ийм боломж байна гэж үзсэн юм. Нэрийн тухайд гэвэл эмэгтэйчүүдийн ойлголцол бат бэх чанартай, үнэ цэнэтэй, урт удаан настай байхыг бэлгэдсэн. Монголд эмэгтэйчүүдийн гэх тодотголтой төрийн бус байгууллага олон байдаг нь үнэн. Манай үе үеийн эмэгтэйчүүд өөрсдийн байр суурь, үзэл бодлоор төрийн бус байгууллага байгуулж ажиллаж байсан. Гэхдээ тэдэнд нэг том дэмжлэг дутагдаж байсан нь мэдээллийн хэрэгслийн том хүчийг ашиглаж чадахгүй, хол байсан явдал бол уу.
-Та бүхэн давуу талаа олж харсан, үүгээрээ дамжуулан хүүхнүүдээ дэмжинэ гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Манай үе үеийн хүүхнүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө маш их зүйлийг хийж байсан, одоо ч ажилласаар байгаа. Харин тэдэнд үүнийг дорвитой олон нийтийг хамарсан болгох, олон нийтэд хүргэж дэмжлэг авах, нийгэмд хүлээн зөвшөөрөхүйц ажил болгох, улмаар нийгэмд тодорхой түвшинд хүлээн зөвшөөрүүлэх тал дээр боломж хомс байсан юм болов уу. Харин бидэнд давуу тал байна. Тийм учраас л энэ клуб байгуулах болсон. Ер нь бүсгүйчүүд салбар бүртээ топ байж, ажлыг үнэхээр нугалж чадаж байна. Монголын ихэнх гэр бүл эмэгтэй хүний нуруун дээрээ явж байгааг хэн хүнгүй мэднэ. Гадныхан Монголд ирээд нэг л зүйлийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэд монгол хүүхнүүдийн хүч чадлыг биширдэг. Харин ганцхан салбарт л ийм байж чадахгүй байна. Тэр бол улс төр. Эдийн засгийг улс төр л тодорхойлдог. Нийгмийг ч мөн адил. Тэгэхээр Монголд хуралдсан энэ олон асуудлыг шийдвэрлэхэд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй чухал байна. Монголын улс төрд ухаан дутаагүй харин хүнээ хайрлах сэтгэл дутаж байна гэдэг үнэн. Эрчүүд улс төр, хөгжингүй эдийн засгаа мөрөөдөж, ярьсаар суутал энэ хооронд улс орон маань сүйрэх хэмжээнд хүрлээ. Боловсрол, эрүүл мэндийн салбар мөхөлд орж, ядуурал дээд цэгтээ хүрсэн. Энэ бүх асуудлыг цэгцлэхийн тулд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд бидний хүчийг ашигла гэж хэлж байгаа гэсэн үг юм.
-Та бүхнийг улстөрч эмэгтэйчүүд хэрхэн хүлээж авсан бэ?
-Ер нь хүүхнүүд цөхөрсөн байсан байна лээ. Ний нуугүй хэлэхэд зарим нь ч улс төрөөс гаръя гэж бодож байсан байх. Тэд үнэхээр цөөдөж, цөхөрч, ямар ч үр дүнгүй шахам улс төрд цаг зав, хүч хөрөнгөө зарцуулж байсан.Олон нийт нийгмийн зүгээс ч ойлгоц дэмжлэг муутай байсан . Харин тэд манай клубын нээлтэд оролцож, бид санаа оноогоо солилцсоны дараа цаашид улс төрд байж, улс орныхоо төлөө хүчээ үзэх итгэл найдвар төрлөө гэж талархаж байсан. Тэгэхээр бидэнд хийх ёстой, хийж чадах ажил их байна гэж ойлгож байна. Бүх шатны сонгуульд нэр дэвших бүсгүйчүүдийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дэмжихийг өөрсдийнхөө нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж бид үзэж байгаа. Энэ бол бидний энэ жилийн хийх гол ажил.
-Анхны арга хэмжээгээ зохион байгуулсан гэлээ. Онцлог нь юу байв?
-Клубын нээлт “Central tower”-т болсон. Нэг их сүр дуулиан болгохоор зарлаагүй, салбар бүртээ топ гэгдэх цөөн хэдэн бүсгүйчүүдийг цуглуулж, тэдний санал бодлыг сонсож, өөрсдийн зорилго, зорилтоо танилцуулсан. Монголын нийгэм, улс төр, бизнес, сэтгүүлзүйн салбарт гялалзаж яваа алдартай бүсгүйчүүд нэг дор цугласан гэж болно. Өмнө нь өөр өөр улс төрийн намын харьяалалтай, өөр өөр үзэл бодолтой, өөр өөр салбарын хүүхнүүд ингэж нэг зорилгын төлөө цуглаж байсан нь ховор байх. Манай хүүхнүүд маш таатай хүлээж авсан. Биднээс маш их зүйл хүлээж байгааг, биднийг маш их зүйл хийж чадна гэдгийг улам их ойлгуулсан арга хэмжээ болсон. Энэ нь Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа бүсгүйчүүд цаашид хүчээ, дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажиллахын эхлэл боллоо. Тэр тусмаа сэтгүүлчид үүний эхлэлийг хийж чадсан нь гайхалтай хэрэг байлаа. Ер нь улс төрд манай эмэгтэйчүүдийн үүрэг роль бага байгааг надаар хэлүүлэлтгүй хэн хүнгүй мэднэ. Тэр бүр эмэгтэй хүн том улс төрд орж, амжилттай явж чадахгүй байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Бид чадна гэж зориглож байна.
-Яагаад заавал эмэгтэйчүүд гэж. Эрчүүдийг, залуучуудыг дэмжиж болохгүй юу. Та бүхэн саяхан нэг уриалга гаргасан. Эмэгтэй нэр дэвшигчдийг сонгуульд үнэ төлбөргүй дэмжих нь гэж олон хүн ойлгосон байна лээ…
-Тийм, клубыг үүсгэн байгуулагчид уриалга гаргасан. Нэр дэвшигч эмэгтэйчүүдийг яг сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаанд нь үнэ төлбөргүй сурталчлахаар бид шийдсэн. Тэгэхдээ зөвхөн үүсгэн байгуулагчдын удирдаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Харин манай бусад сонины эрхлэгч нар эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Бас бидний уриалгыг олон нийтэд мэдээлж өгсөнд их талархаж байгаа. Энэ бүхэн юуг хэлээд байна гэвэл эмэгтэй улстөрчдийг дэмжих цаг болсон байна гэж хаа хаанаа ойлгож байгаагийн илрэл. Эмэгтэй улстөрчид авлига авчээ, хор найруулахад оролцжээ, төрийн алба насаараа хашчихаад дэлхийд ганц байдаг машин унаад, цаг зүүгээд, хэдэн зуун саяар морь уралдуулаад явж байна гэж сонссон уу. Үгүй байх. Насаараа улс төрд байгаа Д.Оюунхорол, С.Оюун нар үүний тод жишээ. Эмэгтэй хүний уг мөн чанар тийм байдаг байх. Энэ улс төр хэтэрхий бохир болж байна. Арай дэндэж байна. Улс төрийг цэвэрлэхийн тулд тал талаас нь мэрж байж л үр дүнд хүрнэ. Авлигатай тэмцэх газар ч ажиллаг, шударга нэг нь бусдын булхай луйврыг дэлгэг, харин бид авлига авдаггүй хүмүүсийг улс төрд, төрийн бүх шатанд түлхүү оруулахын тулд ажиллах ёстой гэдгээ ухамсарлаж байна. Бидний хэдэн сэтгүүлчид 1995, 96 оноос хэвлэлд ажиллаж байна. Өнөөдрийн топ өдөр тутмын Өнөөдөр, Өдрийн сониноос ажлын гараагаа эхэлж байсан. Энэ салбартаа танигдсан боловсон хүчин гэж хэлж болно. Зарим талаар нийгэмд ч танигдсан. Бид одоо улс орныхоо төлөө санаа тавьдаг хэсэг баймаар байна. Нийгмийн хариуцлагаа, иргэний үүргээ биелүүлье гэж бодож байна. Тиймээс л бүсгүйчүүдээ дэмжье гэж шийдсэн юм. Үнэндээ арван хэдэн эмэгтэй л нэр дэвшинэ, тэдэнд авилгалаар цуглуулсан их мөнгө байхгүйгээс бусдад дарагдах явдал байдаг. Тэд эмэгтэй учир хүмүүсийн үл ойлголцлын бай болдог. Элдвээр хэлүүлдэг. Хэвлэл мэдээлэл ч тэднийг хайрладаггүй. Олон нийтийн бодол санаанд нөлөөлөх хамгийн гол хэрэгсэл болох хэвлэл мэдээлэлтэй ойлголцвол тэдэнд маш том дэмжлэг болно. Бид үүнийг л бий болгохоор зорьсон. Амжилтанд хүрнэ гэж итгэж байна. Клубыг “News” агентлагийн захирал Б.Тэмүүлэн бид хоёр санаачилж, Улс төрийн тойм сонины Ерөнхий эрхлэгч Л.Мөнхбаясгалан, Зууны мэдээ сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр, Өглөөний сонины ерөнхий эрхлэгч Л.Нинжжамц нар хамтран үүсгэн байгуулсан. Мөн бизнесийн салбарын олон манлайлагч хүүхнүүд дэмжиж туслахаа илэрхийлсэн байгаа. Энэ дашрамд бидэнд урам зориг хайрласан “Бороо гоулд” компанийн хамт олон, Ажигана компанийн Ерөнхийлөгч Э.Туул, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, хатагтай Аржентина Матавел Пиччин, мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарт талархсанаа илэрхийлж байна.
Зохиогчийн эрх: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин