Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Тэрбээр 30-аад жилийн өм­нө барьж явсан үзгээ, үзэг нэгт­нүүдээ энэ мөчид л сана­сан бололтой. Оройтсон ч гэ­сэн түүнд баярлах хэрэгтэй. Учир нь УИХ-ын гишүүн С.Баяр долоо­дугаар сарын 1-ний хэргээр шүү­­хийн танхимд гэрчээр дуу­­дагд­саныхаа да­раа­хан “Шүүх хурлыг хэв­лэлийнхэнд нээлт­­тэй байлгах нь зүйтэй” гэ­ж байр сууриа илэрхийл­лээ. Мөн “Хаалттай шүүх хурлын нээл­­­тийг гу­рав­хан телевизэд өгч учир би­түүлэг зүйл бүү хий­­гээч. Эс тэг­вээс шүүхэд шу­дарга ёс байгаа эсэх нь эргэл­­­зээтэй болох нь” хэмээв. Түү­ний энэ үг ХЗДХ-ийн сай­дын телевизээр “агсам тавь­сан” ярианы сэдэвтэй өнцөг нийлж байгаагаараа онцлогтой байлаа.

Хэтэрхий нууцлаг байх гээд “Нүц­гэн ноён” шиг болчихсон түү­нийг Ганцхудаг дахь шүү­­­хийн танхимд харахад сонир­холтой байсан. Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр Н.Энхбаяр “дарга”-тай­гаа зэрэгцээд сууж байгаа нь нэг л өөр. Хэн, хэн нь хэт өн­дөр албан тушаал, ажлын ачаал­лаас ангижирч,  өнгө ор­чихсон ч юм шиг. Ганцхан жилийн өмнө гашуун үгсээр биесээ булж, түмний шившиг болж байсныг нь мартмаар ч санагдах шиг. Тэгэхэд С.Баяр улс төрийн карьерийн хувьд одтой байж. Ямар сайндаа Н.Энхбаяр хүртэл “Энэ ямар өндөрт мандчихсан туг вэ” гэ­сэн шиг хамаг сумаа шавхан түүн рүү “галлаж” байх вэ.  Да­раа нь Ц.Нямдоржтой үзэл­цэхэд тун их цуцсан шинж­тэй байсан. Харин өнөөдөр байдал өөр болжээ. С.Баярт УИХ-ын гишүүнээс өөр айхав­тар өндөр албан тушаал алга. Намынхан нь ч түүнээс сүр­дэхээ больж. Төрийн ал­банд ч “С.Баярын” гэх хүн улам цөөрсөөр. Нэг ёсондоо хүч нь суларч эхэлсэн байна.

Ирэх сонгуульд МАН ялагд­вал АН-тай хамтарч стан­дарт бус Засгийн газар бай­гуулсан, Засгийн газ­раас гарахад хаягдсан намын дарга нь харамсаж л суудаг. Мөн 90 жил хуучнаараа явж болоод байсан намын нэрийг сольсон. АН-ынхан “Иргэн бүрт нэг сая төгрөг өгнө” гэхэд “Тэгвэл Монгол Улс элгээрээ мөлхөнө” гэчихээд тун удалгүй “Иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө” гэж амласан гэхчлэн олон шүүмжлэл түүнийг хүлээж буй. Шүүмжлэлийг тас цохиод тодроод, торойгоод гарч ирдэг шидэт дохиур нь өөр хүний гарт бий. Энэ бүхнийг намынх нь хуучин нэрийг авсан, хуучин анд Н.Энхбаяр нь инээмсэглэн ажиглаж “С.Баяр аа, нааш ир” гээд сууж байгаа нь лавтай. Тиймээс ч энэ замыг засах гэсэндээ Ардын намын зарим гишүүн МАХН руу явах гээд ч байгаа юм шиг, Н.Энхбаяраар даажигнаад ч байгаа юм шиг ойлгомжгүй үйлдлүүд гаргах болов. Ёстой л туршлага дутав уу гэмээр тэр бүхэнд нь намын Ёс зүйн хороо нь захиа занаа илгээж, тэр нь олон нийтэд задарч л байдаг.

Уг нь С.Баяр Н.Энхбаярыг “Шатрын хүү бэрс болох ч мөн хол доо” гээд басчихсан удаатай. Гэтэл “Шувуу хүртэл буруу дэвдэг” болсон энэ цагт бол харин ч шатрын хүү бэрсээс хол явдаг болчихоод байгааг нөхцөл байдал харуулаад байх юм. Түүний орос анд В.Путин эр, ир нь харих болоогүйгээ хариулж “хошой” Ерөнхийлөгч болчихлоо. “В.Путингүй Орос орны төлөө” хөдөлгөөн өрнүүлээд ч өрсөлдөгчид нь түүнийг сөхрүүлж чадсангүй. Үүнд тэрбээр тун чиг сэтгэл хангалуун яваа. Энэ нь ч С.Баярын улс төрийн карьерт нөлөөлөх нь дамжиггүй. Харин Д.А.Медведев, В.Путин нар дахин байраа сольсон шиг түүх С.Баярын хувьд давтагдах нь юу л бол. Ямартай ч С.Баяр үзэг нэгтнүүддээ өөриймсөж эхэлсэн нь тааламжтай санагдлаа. Улс төрийн найзууд гэдэг Удирдах зөвлөлөөр, намын даргын байр сууриар л хэмжигддэг. Харин Н.Энхбаяртай биш ч сэтгүүлчидтэй нэгдэхэд тань ард түмэн таныг таатай хүлээж авна шүү. “С.Баяр аа, нааш ир”.

У.ОРГИЛМАА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж