Холбооны нөөцийн газар энэ оны сүүлээр АНУ-ын ажилгүйдлийн түвшин 8.2-8.5 хувьтай байна гэж таамаглажээ. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын ажилгүйдлийн түвшин 8.3 хувьтай гарсан нь таамаглаж байснаас бараг сайн гэж үзэхүйц дүн биеллээ олж байгаа ажээ. Энэ тухай Холбооны нөөцийн газрын гуравдугаар сард болсон нэгэн хурлын тэмдэглэлд бичсэн байсныг хэвлэлүүд өнгөрсөн мягмар гаригт нийтэд дэлгэжээ.
Мөн Европын холбооны гишүүн орон болох Испанийн бондын худалдаа санасан хэмжээнд хүрээгүй нь индексүүд унахад нөлөөлсөн тухай олон улсын шинжээчид тайлбарлаж байна. Испани улсын хувьд 2.5-3.5 тэрбум еврогийн бонд худалдахаар төлөвлөжээ. Гэвч өчигдрийн худалдаагаар 2.6 тэрбум еврогийн бонд арилжсан нь бараг хамгийн доод зорилтод хэмжээнд ойртож очжээ.
Одоогийн байдлаар Европын гол индексүүд болох “STOXX 50” индекс 2.46 хувь, Лондоны хөрөнгийн биржийн “FTSE 100” индекс 2.30 хувь, “DAX” индекс 2.84 хувь, АНУ-ын “Dow Jones” индекс 0.95 хувь, “S&P 500” индекс 1.02 хувь, “NASDAQ” индекс 1.46 хувиар тус тус унаад байна. Мөн Азийн индексүүд ч багагүй хувиар унажээ. Тухайлбал Токиогийн биржийн “Nikkei” индекс 1.18 хувь, Хонконгийн биржийн “Hang Seng” индекс 1.57 хувиар буурчээ.
Энэхүү хоёр мэдээлэл зөвхөн хувьцаа төдийгүй эрдсийн түүхий эдийн үнийг унагажээ. Өчигдөр унц алтны үнэ 1647 ам.доллар байсан бол өнөөдөр 1621 ам.доллар/унц болж буурчээ. Мөн газрын тосны үнийн хувьд АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 101 ам.доллар/баррель, Брэнт маркийн газрын тосны үнэ 122 ам.доллар/баррель болж буураад байна. Өчигдрийн байдлаар дээрх хоёр маркийн газрын тосны үнэ WTI маркийн нефтийн үнэ 104 ам.доллар/баррель, Брэнт-ийнх 125 ам.доллар/баррель байсан юм.
Зэсийн үнэ ч Нью-Йоркийн бирж дээр хоёроос илүү хувиар буурч, 8370 ам.доллар/тонн болоод байна. Зэсийн үнэ Хятадын үйлдвэрлэлийн төлөв харьцангуй сайжрах сургаар 8600 ам.доллар/тонн даваад байсан юм.
Б.Төгс