үргэлжилсээр байна. Сэрүүн салхи хүзүүнд зүүсэн алчуур хийсгэж, өвдөг
шүргэм цувны хормой үе үе дэрвэх нь цаанаа л уйтай.
Хэдий ийм ч нүдэнд харагдах бараа бүхэн “амь” орчихсон ч юм шиг санагдах
зуурт их хотын төвд хүйтэн цемент дээр тухлан суух нэгэн буурайтай
хөөрөлдсөнөө тантай хуваалцъя. Түүнтэй ийнхүү өчигдөр л таарч ийнхүү
яриа өдөж байгаа гэвэл үгүй.
Мөнгөн завъяагийн гэгдэх автобусны буудлын ойролцоо ой дөнгөж хүрч
байгаа болов уу гэмээр бяцхан хүү тэвэрсээр суудаг байхаас нь ичнээ
таньдаг болсон юм би. Идэр есийн жавар тачигнасан өвлөөр хажуугаар нь
өнгөрөх тоолондоо эх хүний сэтгэлээр зүрх эмтрэвч, яаж ч туслаж
чадахгүйдээ дэмий л адгаж халаасаа ухдаг байв.
Гарт ойрхон хэдэн төгрөг баригдвал тэр хоёрын өмнөх цаасан хайрцаг руу
хийдэг байв. Гэтэл хахир өвөл дуусч хаврын урь ч орлоо. Ашгүй дээ, ядаж
дулаан болох нь гэж бодсон ч хааяахан энэ газраар өнгөрөх бүртээ өнөөх
эмээг нүдээрээ хайдаг болсноо саяхны нэгэн өдөр л анзаарав. Эмээ ач ч юм
уу зээ ч юм уу мэдэхгүй бяцхан хүүгийнхээ хамт харагдахаа болиод нэлээд
удав.
Ингээд л миний эрэл эхэлсэн юм. Тэрүүхэн хэсэгт гар дээрээс худалдаа
хийдэг ганц нэг хүнээс асуувал “ Өө, тэр эмгэн байгаа, байгаа. Заримдаа
багшийн дээдийн автобусны буудал хавиар суудаг юм. Энд бол сууж гуйлга
гуйдаг олон хүн бий. Зарим өглөө эрт ирчихээд газраа булаацалдаад
зодолдоно. Суудлын түрээс гэж олсон орлогоосоо хэн нэгэнд өгч харагддаг
юм. Эмээ бол ингэсгээд ирнэ дээ” гэв.
Тэд үнэн хэлжээ. Эмээгийн талаарх яриа дуусаагүй шахам байхад өмнөө
тавьдаг цаасан хайрцгаа барьсаар тэрбээр ирэв. Хайрцаг дотроос нь
“Нүдгүй надад мөнгө хайрла” гэсэн бичигтэй цаас гаргаснаар ажлаа эхлэв.
Арав, хорин минут өнгөрлөө. Өнөөх хайрцаг хоосон хэвээр. Эмээг хайрцаг
руугаа өндийхтэй зэрэгцэн 100 төгрөгний “орлого” оржээ. Анхныхаа орлогод
урамшсан тэрбээр үг өдөх гэсэн надтай ийнхүү ярилцаж эхэллээ.
-Эмээ таныг хэн гэдэг вэ. Аль нутгийн хүн бэ. Хэзээнээс, яагаад гуйлга гуйдаг болчихов оо?
-Эмээ нь Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул. 1951 оны гуравдугаар сарын
8-нд төрсөн. Нутагтаа “Мандах” гэж нэртэй амралтын газар ажиллаж байгаад
1987 онд татан буугдсанаас нь хойш олигтой ажил хийхгүй явсаар нэг л
мэдэхэд ийм боллоо. Залуу байхдаа хагас харваад салга болсноос хойш ажил
хийх эрхгүй болсон.
-Таныг гэх ах дүү, үр хүүхэд байхгүй юм уу?
-Хоёр охинтой. Нэг дүүтэй. Дүүгийн минь сураг гарахгүй болсоор дөрвөн
жил болж байна. Надтай холбоо барьдаггүй, хаана яваа нь мэдэгдэхгүй
болсон. Одоо хүүхдийнхээ эмний мөнгийг олох л гэж ингэж сууна даа.
-Таны тэврээд сууж харагддаг хүүхэд өвдөө юу?
-Тийм ээ. Миний том охин хоёр хүүхэдтэй. Том нь гурван настай, бага нь
одоо ой хоёр сартай. Гэтэл бага нь хатгаа аваад удаж байна. Ээж нь
гэртээ харж байгаа. Өдөрт би ингэж суугаад 5-7000 төгрөг олдог. Энэ
мөнгөөрөө хүүхэддээ тариаг нь авдаг. Аав, ээж хоёр нь хоёулаа архи уудаг
болохоор хэцүү юм. Надаар тэжээлгээд дөрвөн жил болж байна.
-Танайх хаана байдаг юм бэ?
-Манайх Баянхошууны эцэст байдаг. Айлын эзгүй хашаанд толгой хоргодох
овоохой бариад амьдарч байгаа. Тэнд манайхыг нэг хүн буулгаж өгсөн юм.
-Та архи амсчихаа юу даа?
-Үгүй, үгүй. Би архи уудаггүй. Өнгөрсөн жил манай нөхөр нас бараад тэрнээс хойш жаахан л амсдаг болсон. (архи үнэртэж байв)
-Хатгаа авсан хүүхэддээ ямар эмчилгээ хийж байна, эмнэлэгт үзүүлсэн үү?
-Үгүй ээ. Хөдөөнөөс ирсэн шилжилтээ хийлгээгүй болохоор эмнэлгийн
тусламж авахад их хэцүү. Хүмүүст өгөөд байгаа халамжийн мөнгийг нь ч
хүртэж чадахгүй юм. Харин 25 дугаар суваг телевизийн 10 мянган төгрөг
өгдөг нэвтрүүлэгт хоёр удаа орж мөнгө авсан. Одоо ахиад оруулах
боломжгүй гэж хэлсэн. Хүүхдээ тарьдаг болохоор мөнгө л хэрэг болдог доо.
Эмээ үүнээс өөрийг ярихыг хүссэнгүй. Тэрбээр “Чи ямар их юм асууж шалдаг
хүүхэд вэ. Одоо би ажлаа хиймээр байна. Чи замаа бод” гэснээр бидний
яриа өндөрлөв. Түүний ингэж амьдарч яваад хэн нэгнийг буруутгах
гэсэнгүй. Нийгэмд “гудамжны” гэж нэрлэгдэх болсон эдгээр хүмүүс үүнээс ч
илүүг ярьж мэднэ. Гэлээ гээд тэднийг ахуй амьдралын заагт орхиж үл
болно. Учир нь тэдний дэргэд хүүхэд бий… Тэд хэнд итгэж хэн болж өсөх
нь Монголын ирээдүйд хамаатай.
Т.Ундрал
Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин