Венесуэльчүүдын санааг улсынх нь Ерөнхийлөгчийн биеийн байдал зовоож байгаа. Үүний хажуугаар Латин Америкийн холбооны удирдлагууд ойрын хугацаанд яаралтай хуралдахаар болсон байна. Энэ оны аравдугаар сарын 7-нд Венесуэльд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Уго Чавес сөрөг хүчнээс нэр дэвшигч Энрик Каприлестэй өрсөлдөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, Венесуэль улсын ирээдүйг сөрөг хүчний лидер Энрик Каприлес удирдана гэхэд хилсдэхгүй. Түүний хувьд 39 настай, Ардчилсан холбоо намын нөлөө бүхий нэгэн. Ирэх аравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтад 64.2 хувийн саналтай дараагийн шатанд тэнцсэн. Өөрөөр хэлбэл, Уго Чавестай өрсөлдөх хүн байхгүй. Харамсалтай нь одоогийн Ерөнхийлөгчийн биеийн байдал тааруу байгаа учраас Энрикийг дараагийн Ерөнхийлөгч гэсэн албан бус яриа газар авсан талаар BBC агентлаг онцолсон аж. Түүний хувьд Уго Чавесийг хүндэлдэг боловч үзэл бодлын хувьд эсрэг тэсрэг байр суурьтай аж.
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдал тааруу байгаатай холбогдуулан Латин Америкийн холбоо ирэх сард хурал зарласан билээ. Ажиглагчид “Энэ хурлын үеэр тус холбооны ирээдүйн талаар санал бодлоо хуваалцах, магадгүй шинэ удирдагчаа сонгох байх” гэсэн таамаг дэвшүүлж байгаа юм.
Венесуэлийн тусгаар тогтнолын 200 жилийн ой хоёр жилийн өмнө тохиож байсан. Тэгвэл энэ сарын 19-нд тусгаар тогтнолынхоо 202 жилийн ойг тэмдэглэнэ. Ерөнхийлөгч Уго Чавес ой тэмдэглэх ёслолын ажиллагааг нээх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Одоогоос хоёр жилийн өмнө тохиосон 200 жилийн ойн ёслолын ажиллагаанд Куба, Аргентин, Боливи, Никарагуа, Доминикан улсын төрийн тэргүүнүүд, Доминикан, Антигуа ба Барбадос, Сан Висенте Гранадинес улсын Ерөнхий сайд нар байлцаж байсан. Энэ нь Латин Америк холбооны ихэнх улс орнуудын төлөөлөл юм.
Уго Чавес “Одоогоос 200 гаруй жилийн өмнө манай ард түмний үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл эхэлсэн түүхтэй. Биеийн байдал маань тааруу байгаа ч би эрүүл саруул байхын тулд бүхнийг хийх болно гэдгээ хэлмээр байна. Каракас бол эрх чөлөөний төлөөх тэмцлийн өлгий хот. Энэ тэмцлийн оч бусад газарт түгэн дүрэлзэж буй” хэмээн онцлон хэлжээ.
Кубын хувьсгалын лидер хорт хавдар авахуулах мэс засалд дахин орж магадгүй талаар албаны эх сурвалж мэдэгдсээр байна. Венесуэлийн Мэдээлэл, холбооны сайд Андрес Исарра “Кастро, Чавес нар хоёр цаг орчим утсаар ярьсан. Уго Чавесийн бие тун тааруу байгаа нь царайнаас нь анзаарагдсан. Венесуэльчүүд түүний төлөө залбирч байгаа” хэмээн мэдэгдсэн байна. Уго Чавесийн хэвтэж буй эмнэлгийн өрөөний хананд Венесуэлийн үндэсний баатар Симон Боливар, Кубын үндэсний баатар Хосе Марти хоёрын зургийг өлгөсөн байжээ.
Венесуэлийн дэд ерөнхийлөгч Элиас Хосе Хауа Милано “Чавес бидэнтэй урт хугацаанд хамт байх болно. Тэр тэмцлээ үргэлжлүүлэхийн тулд бие нь сайжирч байгаа. Ерөнхийлөгч Чавес мэс заслын дараа илаарших болно. Дайснууд дэмий л баярлаж байна даа. Харин найз нөхөд нь санаа зовохоо болих хэрэгтэй. Ерөнхийлөгч Чавесийн зүгээс эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа тулаан бол бид бүгдийн амьдрал, манай эх орны ойрын ирээдүйн төлөө бидний хийх тулалдаан юм. Чавес амьдралынхаа төлөө тэмцэж байна. Бидний төлөө ч тэмцэж байна” хэмээжээ. Харин Уго Чавес Кубад ирснийхээ дараа “Миний бие удахгүй сайжрах болно. Би ард түмэндээ сайхан амьдрал, сайхан ирээдүйг бүрдүүлж байж санаа амрах болно. Одоо хийлгэх гэж буй мэс засал нь хорт хавдрын хоёр дахь үе шатны эмчилгээ гэж ойлгож болно. Эрчимт эмчилгээний нэг хэсэг юм. Ямар ч байсан мэс засалд орсны дараа ирэх аравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялна гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь би “Хорт хавдраасаа бүрэн ангижирлаа” гэж байсан. Энэ удаагийн эмчилгээ онцын санаа зовох зүйлгүй гэж ойлгож болно” хэмээн мэдэгдсэн байна.
Ирэх аравдугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар Венесуэлийн ард түмэн нийгмийн өөрчлөлтийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Нийгмийн өөрчлөлт гэж зарим хотын дэд бүтэц, цэвэр ус, цахилгааны тогтвортой хангамж, төрийн албаны хурдан шуурхай үйлчилгээ, нийгэмд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх зөв гарцыг олох хэмээн тайлбарлаж буй. Ямартай ч Уго Чавесийн эрүүл мэндийн байдал сайжирвал Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлал өндөр байгаа талаар Венесуэлийн Сонгуулийн хорооныхон мэдэгдэж буй. Уго Чавесийн эрүүл мэндэд санаа зовсон 27 сая венесуэльчүүд энэ амралтын өдрүүдэд 1000 лаа асаах талаар “Latinonews” агентлаг мэдээлэв.