Ливи өөрсдөө Каддафийн хүүг шүүнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Ливи өөрсдөө Каддафийн хүүг шүүнэ гэв

Гаагийн Олон улсын шүүхээс Ливийн удирдагч агсан Муамар Каддафийн хүүг хүлээлгэн өгөхийг шаардаж байгааг үл харгалзан Ливийн түр Засгийн газар өөрөө Сейф аль-Ислам Каддафийг  шүүнэ гэж мэдэгдсэн талаар ИТАР-ТАСС мэдээллээ.
Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч Насер аль-Мани хэлэхдээ Сейф аль-Ислам Каддафи одоо Зинтан хотод хоригдож байгаа бөгөөд удахгүй Триполи хотын шоронд авчирна гэжээ. Хууль зүйн яамнаас төв шоронд хийх бэлтгэл ажлыг дуусгасан хэмээн нэмж хэлсэн байна.

Олон улсын Амнести байгууллагын хүний эрхийг хамгаалагчид ливичүүд Сейф аль-Ислам Каддафийг шүүхдээ хүнлэг байна гэсэн баталгааг өгөхгүй байгаа учир түүнийг Гаага дахь Олон улсын шүүхэд шүүх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Тиймээс Олон улсын шүүхээс Сейф аль-Ислам Каддафийг хүлээлгэн өгөхийг шаардах хэрэгтэй гэжээ.

Лхагва гаригт Олон улсын шүүхээс Ливийн Засаг захиргааг Сейф аль-Ислам Каддафийг  дурдсан хугацаанд хүлээлгэн өгөхгүй байгааг анхааруулсан байна. Шүүхээс Муамар Каддафи, Сейф аль-Ислам Каддафи болон Ливийн тусгай албаны тэргүүн байсан Абдулла ас-Сенуси нарыг баривчлах тушаалыг өнгөрсөн оны зургадугаар сарын 27-нд өгч байжээ.

Муамар Каддафи өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд алагдсан юм. Түүний хүү Сейф аль-Ислам Каддафийг мөн оны арваннэгдүгээр сарын 19-нд Ливийн өмнөд нутгаас барьсан бөгөөд Абдулла ас-Сенусиг энэ оны гуравдугаар сарын 17-ний шөнө Мавритани улсад байхад нь баривчилсан ажээ. Баригдсанаас нь хойш Сейф аль-Ислам Каддафи болон Абдулла ас-Сенуси нарыг хүлээлгэн өгөхийг Олон улсын шүүхээс шаардсаар байгаа юм.

Хүний эрхийг хамгаалагчид Сейф аль-Ислам Каддафийг хорьж байгаа өрөөнд ямар ч өмгөөлөгч оруулахгүй байгааг дурдаад, түүний эрүүл мэндийн талаар огт мэдээлэл өгөхгүй байна гэж Ливийн Засаг захиргааг буруутгаж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж