Японы иргэн хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Японы иргэн хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгаж байна

Япон улсын иргэнийг сэтгэцэд нөлөөлөх бодис худалдаж авсан, хадгал­сан хэрэгт саатуулан шалгаж эхэлжээ. Түүнийг Японы “Суруга Монгол” корпорацийн захирал 67 настай Цүнэяки Хара гэдэг. Тэрбээр тус корпорацийн Монгол дахь зургаан захирлын нэг юм. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Түүнийг хар тамхи хэрэглэсэн, үгүйг нь тогтоогоогүй байгаа. Эрүүгийн цагдаагийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл буюу сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан, олж авсан хэрэгт хамруулсан” гэлээ. Дашрамд дурьдахад, Цүнэяки Харагийн 2003 онд байгуулсан “Суруга Монгол” корпораци Хан-Уул дүүргийн Туул голын хөвөөнд “Дөрвөн уулын цэцэрлэг” хорооллыг бариулж байгаа аж. Цагдаагийн байгууллагын зүгээс “Сүүлийн үед сэтгэцэд нөлөөлөх бодисыг иргэд их хэрэглэж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэхэд хүргэлээ” хэмээн анхааруулсан. Мөн уржигдар нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд ор­ших Английн Элчин сайдын яамны ойролцоо хар тамхи мэт сэжиг­тэй зүйл татаж явсан дөр­вөн залууг эргүүлийн цагдаа нар саатуулжээ. Тэд ногоон өнгийн нунтаг бодисыг янжуур тамхины дотор хийн татаж явсан байна. Тиймээс уг бодисоос бага хэмжээтэйг хураан авч шинжлэхээр болжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм. Тэдгээр иргэд  Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны 19 дүгээр хороололд оршин суух 19 настай эрэгтэй Б, Багануур дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч 20 настай эрэгтэй А, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд оршин суугч 20 настай эрэгтэй М нар байсан аж. Дэлхийд хамгийн онц хүнд гэмт хэргийн нэг болох хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээгээр ОХУ, БНХАУ тэргүүлдэг. Гэтэл энэ хоёр орны дунд оршдог манай улс хар тамхи хамгийн бага хэрэглэдэг орны тоонд орж байгаа. Гэтэл цагдаагийн байгууллагаас гадна Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд цавуу, бусад бодис мансуурсан иргэд олноор ирж байгаа аж.

Л.БААТАРХҮҮ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж