Ц.Нямдорж сайд аа, таныг хэдэн жилийн өмнө ингэж ярихад чинь Монголын ард түмэн “Шударга улстөрч” гэж хүлээж авдаг байсан байж болно. Харин одоо хүмүүсийн үзэл бодол, улс төрийг ойлгох ойлголт бүгд цаг хугацааг даган өөрчлөгдсөн. Үүнийг ойлгоод авчихад илүүдэхгүй болов уу. Улс төр гэж чухам юу юм бэ. Туршлагатай улстөрчийн хувьд та мэдэхгүй байна гэж байхгүй. УИХ-ын гишүүн Х.Баттулга сонгууль дөхөж байгаа энэ үед улстөржиж болно. Харин эрхэм сайд та бүгдийг ном журмынх нь дагуу хийж, улс төр хийгээгүй л юм бол байсхийгээд хэвлэлээр мэдээлэл цацахгүй байсан биз ээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж зөвхөн Х.Баттулга руу дайрахыг хүссэнгүй. Тэрбээр “УИХ-ын гишүүн, сайд нар зөвхөн өрсөлдөгчдөө Авлигатай тэмцэх газарт өгдөг, өрсөлдөгчдийнхөө талаар матаас бичиж өгдөг хүмүүс биш шүү дээ. З.Энхболдоос эхлээд хэдэн хүн УИХ-д бий. Захиалга өгч, өрсөлдөгчөө шалгуулаад, дарж авахыг оролддог. Түүндээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг балиар арга бий болчихоод байна” гэж хэлснээрээ З.Энхболдыг ч уурлууллаа. Хэрэв Ц.Нямдорж жинхэнэ ёс суртахуунтай улстөрч байсан бол улс төрд хамт зүтгэж байгаа хүнээ бие бялдраар нь гутаах үг хэлэхгүй байсан болов уу. Хэн нэгнийг хэл амаар хэрхэн доромжилж болдгийг яруу тодоор харуулж чадсан хүн бол Ц.Нямдорж. Бас болоогүй өөрийгөө хаана ч байхгүй сайн хуульч гэж магтах юм. Монгол Улсын бараг бүх хуулийг өөрөө санаачилсан болохоор маргаж, мэтгэлцэх хүн гарахгүй гэсэн. Гэвч түүний үнэн нүүр царай Монгол Улсын хуулийг дур мэдэн зассан гэдгээс харагдана. Мөн тэрбээр сонгууль бүрийн өмнө ямар нэгэн дуулианы эзэн болдог. Өөрөө ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. “М.Энхсайханы Засгийн газрын үе буюу 1998 онд УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнасан хэргийг тухайн үеийн УИХ-ын гишүүн О.Дашбалбар, С.Зориг, Р.Одонбаатар, Ц.Нямдорж нар шалгасан. Энэ үеэс улс төрийн өс хонзон эхэлсэн” гэж Ц.Нямдорж ярив. Түүнчлэн “Одоо О.Дашбалбар, С.Зориг нар байхгүй. Р.Одонбаатар хаана яваа юм, мэдэхгүй. Ардчилсан нам УИХ-д ганц суудалтай үлдсэн учир бүгдээрээ Америк руу суралцах нэрийдлээр гараад явчихсан. Цагдаа нь эрүүгийнхний гарт орчихсон, Монголыг 1990-ээд оны Орос орон болгох тийм нөхцөл байдалтай байхад цагдааг надад хүлээлгэж өгсөн. Үүний дараа манай цагдаагийнхан эрүүгийн чиглэлээр айлгаж, дарамталдаг хэргүүдтэй тэмцсэн. Энэ хонзон чинь 2003 онд М.Энхсайханаар дамжиж намайг гадаадын тагнуул болгох аргаар илэрсэн. Л.Гүндалай болгоомжгүй, гэнэн тулдаа түүнийг гаргаж тавьсан болохоос биш цаад талдаа хоёр том бүлэглэлийн хариу над дээр ирсэн нь тэр” гэсэн юм. Энэ бүгдийг дахин, дахин ярьж, өөрийнхөө үглээ занг хүмүүст мэдрүүлж байх шиг.
Ц.Нямдорж Х.Баттулгыг “Төрд ажилласан туршлага, хуулийн мэдлэгээрээ миний хажууд хэн ч биш. Түүнтэй суугаад халз мэтгэлцэх нь миний хувьд хэтэрхий доошоо орсон хэрэг болно. Тэр хүн ер нь хууль уншиж үзсэн юм уу, үгүй юү. Ганц, хоёр хуулийн нэрийг бол тогтоосон юм шиг байна лээ” гэсэн. Мөн захын наймаачин гэж Х.Баттулгыг хэлж болохгүй байх аа. Ц.Нямдорж наймаачин хүн гэдгийг чухам хэн гэж боддог юм бэ. Тухайн үед ганзагын наймаачид л монголчуудыг тэжээж тэтгэж байсан биш үү. Нэмж хэлэхэд энэ нийгэмд түрээсийн байранд амьдардаг, сайн хуульч Ц.Нямдоржийг хэн хөнөөх гээд байгаа юм бол. Гайхалтай нь хэн нэгэн одоогоор ийм зүйл яриагүй байхад өөрөө санал болгоод байгаа юм уу. Ер нь энэ Ц.Нямдоржоос залхаж байна. Одоо ингээд зогсчихвол яасан юм. Хүмүүст шударга хүн болж харагдах гэж худал жүжиглэхээ боль. Улстөрчид бүгд л адилхан гэдгийг ард түмэн мэднэ.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин