Нурах магадлалтай өрөөнд зөвхөн “траншейныхан”

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Нурах магадлалтай өрөөнд зөвхөн “траншейныхан”

Сүүлийн үед Түлэнхийн төв эмнэлэг нүүхээр болсон тухай сураг дуулдах болсон. Ямар шалтгаанаар нүүлгэн шилжүүлэхээр болсоныг сонирхохоор улсдаа ганцхан байдаг түлэгдэлт, хөлдөлтийг эмчлэн анагаадаг эмнэлгийг зорилоо. Хашаагаар нь орвол энэ чинь эмнэлэг үү, эсвэл эртний балгас уу гэж андуурмаар.

Босгыг нь давмагц миний мэдэх эмнэлгийн үнэр лав ханхалсангүй. Угтаа бол эмнэлгийн газраас эм тариа, ариутгалын бодисын үнэр ханхийдэг байтал агуулах, зоорь гэмээр чийгтэй, зэврүүн орчин угтав. Арга ч үгүй биз дээ. МХЕГ-аас хоёр ч удаа үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн акт тавьсан барилга юм чинь.

ЭМНЭЛЭГ ДОТОРХ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТ

Эмнэлгийн хоёрдугаар давхарт гармагц Сэхээн амьдруулах тасаг, сувилагчийн пост гээд “ОРОХЫГ ХОРИГЛОНО” гэсэн цоожтой тасгууд цөөнгүй байлаа. Ачааллаа дийлэхээ больсон эмнэлэг яахаараа тасгууддаа орохыг хориглочихдог байна аа. Эмнэлгийн ажилтнууд энэ тухай “Тааз нь нураад, хана нь хагараад, мөөгөнцөр ургаад, дусаал гоожоод”  гээд л ёстой нэг зовлонгоо тоочиж гарлаа. Энд ил шархтай өвчтнүүд, хэдэн сараар хэвтэн эмчлүүлэгсдийг эмчлэх биш харин нэмж өвчлүүлэхээр орчин бүрдсэн гэхэд хилсдэхгүй.

Эмнэлэгийн нэг жигүүрийн бүх тасгуудад “орохыг хориглоно”. Сэхээний тасгийн тааз нь нураад, шавар нүүр нүдгүй нурж унаад байхаар нь хэвтэн эмчлүүлэгсдээ физик эмчилгээний тасагт шилжүүлэн, физик эмчилгээний тасгаа рентгений кабинет руу оруулаад боломж дуусмагц рентгений аппаратаа харанхуй өрөөнд хураачихсан гэнэ.

    “ДАРГА НАРЫН НЭГ Ч ХҮҮХЭД ТҮЛЭГДЭЖ, ХӨЛДӨЖ БАЙГААГҮЙ”

Түлэнхийн төвийн эмнэлгийн барилга анх 1954 онд ашиглалтад оржээ. Улмаар 1976 оны зургадугаар сард Гэмтлийн эмнэлгийг тус байранд оруулсан байна. Тухайн үед тус байранд ажиллаж байсан уламжлалт эмчилгээний хятад эмнэлэг бүхий л багаж хэрэгсэл, ор дэвсгэр, аяга тавгаа “өвлүүлжээ". Ингээд 1976 оноос хойш хоёрхон удаа их засвар хийсээр өнөөдөртэй золгосон гэх. Олон жилийн турш цоорсон дээврээ хадаж, нурсан хэсгийг нөхөж, мөөгөнцөр ургасныг хусч, иод түрхээд л байдаг. Ямар ч үр дүнгүй.

Тус эмнэлэгт 1977 оноос тасралтгүй ажиллаж байгаа их эмч Л.Тулгаа “Энэ олон жил ажиллахдаа би нэг ч удаа дарга, сайдын хүүхэд, ах дүүсийг эмчилж байсан удаагүй. Бүр багийн даргын үр хүүхэд хөлдөж, түлэгдэж байгаагүй. Хачин сонстож магад. Уг нь хэн нэгнийх нь хүүхдийг эмчилсэн бол дарга нарын толгойд бидний өрөвдөлтэй байдлыг ухамсарлан ойлгож, ямар нэг алхам хийх байсан байх гэж бодох юм” гэв.

Дундаас доош төвшний амьжиргаатай, гэр оронгүй, харж хандах хүнгүй, гэр хорооллын хүмүүс л Түлэнхийн төвөөр “үйлчлүүлдэг” байна. Сайд, дарга нар үзүүлэх тоглолт шиг орж ирээд л гардаг. Бүгд л “Жаахан засвар хийх хэрэгтэй юм байна. Тэгж байгаад шинэ байртай болгоно” гэхчилэн сайхан үг хэлээд арилаад өгдөг гэнэ.

   "ТААЗ НУРАХ МАГАДЛАЛТАЙ ӨРӨӨНД ЗӨВХӨН "ТРАНШЕЙНЫХАН"

Өвлийн улиралд эмнэлгийн ачаалал улам ихэсдэг байна. Нөгөө “сайн эрүүд” аль нэг эрхтнээ хөлдөөгөөд өдрийн хоёр хоол зооглочихоод, дулаахан өвөлжөөд гарахыг боддог гэх. Эрхтнээ хөлдөөсөн хүмүүс багадаа л гэхэд 3-4 сар хэвтэн эмчлүүлдэг ажээ. Өвөлдөө ачааллаа дийлдэггүй учир “но”-той өрөөнүүддээ орон гэргүйчүүд, даатгалгүй иргэд, архаг архичид гэх мэт шалтаг бага тоочдог иргэдийг хэвтүүлдгээ ч эмнэлгийнхэн нуусангүй. Арга ядсандаа л тэр биз гэж бодогдов.

Хөл нь түлэгдээд хэвтэж байсан "траншейны" хаягтай эр “Эмч ээ, миний шархтай хөл дээр нэг том шавар унаад ирлээ. Аймаар өвдлөө шүү” гээд л инээгээд байж байх нь хэвийн үзэгдэл гэнэ.

Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 60 хувь нь 0-16 насны хүүхэд, тэдний 90 хувь нь 0-5 насны хүүхэд эзэлдэг байна. Даарахын эрхэнд гал руу гараа ээж байгаад түлэгдэх, өлссөндөө халуун саваа татан шалзрах бяцхан үрсийг хараад өөрийн эрхгүй өр өмтөрлөө. 12 м.кв талбай бүхий өрөөнд 4-5 хүн хэвтэн эмчлүүлж байна. Оросын стандартаар бол энэ хэмжээний талбайд нэг л хүн хэвтэн эмчлүүлэх ёстой гэнэ лээ.


40 ХОНОГ ЭМЧЛҮҮЛЭХЭД НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ЭМЧИЛГЭЭ

Хэвтэн эмчлүүлж байгаа иргэд шаардлагатай, ховор эм, тариаг хувиараа худалдан авдаг байна. Хамгийн их хэргдэгддэг уян бент гэхэд боодол нь 4000, цацлага 5000 гэх мэт. Эдгээр нь нэг өдрийн эмчилгээнд цөөнгүй хэрэглэгддэг юм байна. Эмнэлгийн эрчимт эмчилгээний дараах тасагт ахыгаа сахиж байгаа нэгэн хүнтэй ярилцлаа.

-Та хоёр ямар шалтгаанаар эмчлүүлж байгаа вэ. Хэр удаж байна даа?

-Манай ах санамсаргүй бөгсөн биеэрээ халуун пийшин дээр уначихсан юм. Хэвтээд одоо 40 гаруй хонож байна. Одоо ч бүр энэ эмнэлэгт дасч байна даа. Анх үнэр танар, жорлонгийн өрөө гээд л бүх зүйлд нь дасахгүй хэцүү байсан. Гэхдээ одоо ч хэцүү байна. Бид мэтийн насанд хүрсэн хүмүүс ч яахав гэхэд энэ чийг, мөөгөнцөр, шавар нь толгой дээрээс унасан, хүйтэн эмнэлэгт  нялх хүүхдүүд л хамгийн их зовж байна. Энэ орчин нөхцөлөөс өөр бэрхшээл ч бас байна.

-Ямар?

-Бид хоёр эмнэлэгт хэвтсэнээс хойш сая гаруй төгрөгийн эм, тариа, цацлага, боолт зэргийг хувиараа худалдаж аваад байна. Үнэхээр санхүүгийн байдал улам бүр л хүндэрч байна.

Түлэнхийн төв эмнэлэг уг нь төрд данстай, улсын эмнэлэг. Гэхдээ нэг эмчлүүлэгчид Эрүүл мэндийн даатгалын мөнгө гээд 150 мянган төгрөг төсөвлөдөг гэсэн. Бусдыг нь бол хувиараа л авна гэсэн үг. Өнжөөд л 40 мянган төгрөгийн уян бент, цацлага, эм зэргийг худалдан авдаг тухай хэвтэн эмчлүүлэгчид ярьж байсан.

НАЙМАН ДАВХАР ШИНЭ БАРИЛГЫН СУРАГ…

Олон жилийн өмнөөс л олон давхар шинэ эмнэлгийн зураг төсөл гаргаж байна, зурж байна, будаж байна гэж горьдоосоор, хүлээлгэсээр… Харин саяхан найман давхар шинэ эмнэлгийн барилгын зураг төслийг баталсан байна. Иймээс энэ сарын сүүлээр Түлэнхийн төв эмнэлгийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү нүүлгэн шилжүүлэхээр болсон гэх сураг бий. Гэхдээ яв цав тодорхой болсон зүйл хараахан биш. Хэдий хугацаанд ГССҮТ-ийн байранд чихцэлдэхийг таашгүй. Энэ тухайд Түлэнхийн төв эмнэлгийн дэд захирал Б.Бат-Оргил “Урьд нь хамт үйл ажиллагаа явуулж байсан, нэг удирдлагатай юм хойно эвээ олох л байх. Гэхдээ бид нүүхээр бол Гэмтлийн эмнэлгийн нүүж орох өрөөнүүдэд бага зэргийн засвар хийх шаардлагатай юм билээ. Тэр шинэ барилга нь хэзээ баригдаж эхлээд хэзээ дуусах юм бүү мэд” гэв.

Энэ бүх асуултын хариуг авахаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонтой уулзах гэтэл хэдэн өдрийн өмнөөс цаг захиалан уулзах ёстой гэнэ.

Эрүүл мэндийн яаманд өчигдөр Ж.Цолмон дэд сайд тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийх үеэр сиймхий гарган дэд сайдаас Түлэнхийн төвийг хэзээ нүүлгэн шилжүүлэх, шинэ барилгыг хэзээ барьж эхлэхийг тодруулсан боловч тэрбээр ”Яагаад Түлэнхийн төвийн асуудлыг ийм сүртэй болгож яриад байгаа юм бэ? Тэгж байгаад ямар нэг шийдвэр гарах л байлгүй дээ. Хариуцсан хүмүүс нь мэдэж байгаа байх. Энэ чинь тэгж сонирхох асуудал биш шүү дээ. Харьяа газраас нь асуу. Би завгүй байна” гэсээр яаран одов.

Улсдаа ганцхан байдаг Түлэнхийн төв өнөө маргаашгүй нураад уналаа. Гэтэл салбар хариуцсан дэд сайд танд энэ асуудал тийм чухал биш гэж үү?

Түлэнхийн төвийг нураахад олон жил "ханьссан", эмнэлгийн өмнөх хэдэн өвгөн улиас л харуусах байх. Харин бусдын хувьд, тэнд эмчлүүлж байсан олон мянган өвчтөн, эмнэлгийн ажилчдын магнай тэнийх биз ээ.

Түлэнхийн төв ямархуу төрхтэй үйл ажиллагаа явуулж байгааг ЭНД дарж үзнэ үү.

                                    Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж